Гэмт хэргийн гаралт хэрцгийрсээр байна

Долоон залуу хөөрхий бусгүйг балмадаар гурван өдрийн турш хүчиндсэн хэрэг хүүхэлдэйн кинотой огтхон ч төсгүй гэдгийг хүн бүр ойлгох биз. Гэхдээ бидэнд үлгэр шиг санагддаг, биелэх боломжгүй сонсогддог байсан тэр зүйл өнөөдөр хаалга тогшиж, олныг айдас хүйдэст автуулаад байна. Хориотой кинон дээр эсвэл гадаадад үйлдэгддэг мэтээр төсөөлөгддөг аймшигт хэрэг бидэнтэй хөл зэрэгцэн алхахад хүрсэн гол шалтгаан нь юу юм бол.

 

Залуухан бүсгүй хорон санаат нэгнээс зугтаж явсаар сайхан сэтгэлт долоон одойн гэрт очиж тэдэнд тусалдаг. Ингэснээр эргээд тэдний тусыг хүртэж үлгэр амар сайхандаа жаргадаг тийм ариун, гэгээлэг үлгэрлэл өнөөдөр эсрэгээрээ үйлдэгдэж буйн учир юунд оршино вэ. Хүн араатнаас ялгарах сэтгэл зүрхээ умартаж, хүний ёсноос гажууд үйлдэл хийж байгаа нь өөрөө үлгэр шиг атлаа үнэн болчихоод байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 5-8-ны хооронд нэр бүхий долоон залуу тус аймгийн иргэн 20 гаруй насны бүсгүйг балмадаар зодож  танхайрч, хүчиндсэн хэрэг гарсан нь нийгмийг дахин цочирдууллаа. Эрхэлсэн ажил төрөлтэй гэх 1987-1990 оны хооронд төрсөн “нялхаараа” хүүхүүд тус аймгийн харьяат аж.

 

Хүний ёсонд байж боломгүй араншин гаргаж араатан нэр зүүсэн залуус бүсгүйг хорьж, цагдан “Солонго”, “Цэцэг”, “Орхон” гэх хариуцлагагүй буудлуудад гэмт үйлдлээ даамжруулж байжээ. Гэтэл бүсгүйгээр шавиагаа ханатал наадаж дуусаад, нохой шиг хөөгөөд явуулах хүртэл хэн ч эл хэргийн талаар мэдсэнгүй. Хохирогч суллагдаад зочид буудлаас найз залуугийндаа очиж, хэрэг явдлаа бүгдийг нь ярьснаар цагдаагийн байгууллагад уг хэрэг бүртгэгдсэн байх юм.

 

Гурван өдрийн турш алаг үр нь алга болчихоод байхад булан тохойг алдалгүй эрэл хайгуул хийх ёстой биз дээ. Гэтэл ирэх байх хэмээгээд хүлээгээд суусан нь гэмт хэрэгтнүүдийг өөхшүүлэх бас нэгэн шалтгаан болсон хэмээн өчмөөр байна. Хэрэг явдал гарч дууссаны маргааш нь буюу өнгөрөгч 9-ний өдөр сэжигтэн залуусыг баривчилан эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Гэсэн ч эл хэрэг нийгэмд асар муу үлгэр дууриал боллоо.

Угтаа гэмт хэргийн үр дүнд нэг нь ял авч, нөгөөх нь хохирч үлддэг мэт харагдавч илүү ноцтойгоор нийгмийн сэтгэлзүйг харлуулж байдаг. Олон улсад гарч байгаа гэмт хэргийг ч гэсэн ажиглаад үзвэл ямар нэг зүйлээс сэдэл авсан, даган дуурайх гэсэн болчимгүй үйлдлээс болдог. Саяхан Энэтхэг улсын Шинэ Дели хотод нэгэн эмэгтэйг таван залуу хүчиндсэн хэрэг улсын хэмжээнд шуугиан тарьж эсэргүүцлийн жагсаал хүртэл бий болсон.

 

Гэтэл Монголд үйлдэгдсэн энэ хэрэг Энэтхэг улсыг хол хаяжээ. Тус улстай өнгөцхөн харьцуулаад үзвэл, энэ хэрэгт хандаж байгаа иргэдийн сэтгэлзүй тэс өөр байна. Мэдээлэл тавигдсан сайтуудын сэтгэгдлийг ажвал “Дуртай эмэгтэй, Буудлынхан яагаад мэдээгүй юм. Өөрөө хашгираагүй юм байгаа биз” гэсэн сөрөг сэтгэгдэл багагүй ажиглагдана.

 

Гэхдээ уг сэтгэгдэлийг ор тас буруу шааж болохгүй мэт. Чухам яагаад хашгираагүй зэрэг шалтгаан мөрдөн байцаалтын үед илрэх учиртай. Тэр болтол бидэнд хэнийг ч доромжлох эрх байхгүй. Тэр дундаа долоон залууд доромжлуулж, ирээдүйд, эр хүнд итгэх итгэлээ алдсан хохирогч эмэгтэйг. Харин эх захаа алдсан зочид буудал нэртэй “амбаар”-уудыг буулгах, эсвэл дорвитойхон стандарт тавих хэрэгтэй гэдэг нь уг хэргийн цаагуур ажиглагдаж байна.

Жишээ болгон дурьдахад л, Саппаро буудлын арын замыг дагаад Монголын нэрийг “мотел” болгосон амбаар эгнээ эгнээгээрээ жагсаад байж л байна. Би зочид буудалд ямар стандарт байх ёстойг мэдэхгүй ч бардам хэлэхэд байрны дунд байрладаг зочид буудлуудад ямар ч стандарт байхгүй. Нөгөөтэйгүүр зочид буудал гэх сүржин нэртэй эдгээр газар нэрнээсээ эхлээд стандарт зөрчдөг.

 

“Hotel”, “Motel” хоёрын хооронд асар их орон зай, нэр хүнд байдагч зөвшөөрөл олгодог газрууд энэ хоёр нэрний учирыг олдоггүй бололтой. “Motel’’ гэдэг нь таны кинон дээрээс харсанчлан АНУ-ын хурдны замын хооронд хаягдсан, хүн амраад цааш үргэлжлүүлэн явах зориулалттай дэн буудлыг хэлдэг. Гэтэл Монгол дэн буудлаар дүүрчихэж. Зүгээр л зам зуур байх учиртай тийм газар шиг.

 

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар зочид буудал нэртэй архидалт, янхандалтын газарт гарсан гэмт хэргийн тоо 227 байсан. Өнөөдрийг хүртэл хэд болж өссөн гэдгийг мэдэхгүй ч буураагүй нь дээрх бусармаг хэргийн “ачаар” илэрхий болж байна. Мөн өнөөгийн нийгмийг гэмт хэргийн гаралтаар нь харвал гадаадын цуутай, гэмт хэргийн гаралт ихтэй хотуудад амьдарч байгаагаас өөрц алга.

 

Хүчин, галт зэвсэг, хүний наймаа гээд утаан дундах гэмт хэрэг улам бүр газар авлаа. Хамгийн аймшигтай нь шил даран гарч байгаа эл хэргүүд өдрөөс өдөрт хэрцгийн шинжтэй болон хувирч байна. Хүний амь насанд заналхийлсэн, хороосон, барьцаалсан, хүчиндсэн, хүний наймааны золиос болсон зэрэг хэрэг өнгөрсөн онд 100 давсан. Харин хүчингийн хэрэг 126 гарсан.

Харамсалтай нь он гараад нэг cap ч болоогүй байхад эл тоо нэгээр, чанарын хувьд хэдэн зуу дахин нэмэгдлээ. Машин, гар утас гэхээр амь тавчих шахдаг шунаг сэтгэл нь яг хэзээнээс хүний амьтай дүйдэг болчихсон юм бэ. Хүчиндүүлжээ, зэрлэгээр танхайрчээ, хоолойг нь хэрчжээ, галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөжээ гэх аймшигт мэдээллийг сонсох, бичих бүрийд энэ ертөнц хүнийх байхаа болчихсон юм шиг санагдах болж. Магадгүй маргааш эсвэл нөгөөдөр гэх иргэдийн ирээдүйд итгэх итгэл гэмт хэргийн гаралтаар улам бүр бүдгэрсээр байна.
Б.Ширнэн

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих