Хямд нүүрс Улаанбаатарын утааг улам арвижуулж байна
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Багануурын нүүрс борлуулах 80-р цэг”-т энэ сарын тавны бямба гарагт өглөөний 10 цагийн үед очив. Хаяг бүхий цэнхэр тугтай 980 тоот хашааны хаалгыг цохиход нохой нь хуцаж эзэндээ чимээ өгөв бололтой 50 орчим насны эмэгтэй “Өчигдөр ирсэн нь дууссан, хүмүүсийн захисан нүүрс л үлдсэн” гэсээр хашааны хаалгаа онгойлгоход, том хаалганы ойролцоо гурав дөрөвхөн ногоон шуудайтай нүүрс харагдана.
Г.Элчгэрэл “Өчигдөр 100 шуудай нүүрс ирснээс хоёр хөгшин мөнгийг нь төлөөд хүүхдээрээ авахуулъя гээд энэ хэдийг орхисон юм. Зарим хүмүүс 4000 төгрөгөөр такси хөлслөөд нэг ирсэн дээрээ гээд 8-10 шуудайг, хүн бүл муутай хөгшчүүд, амьдрал тааруу иргэд ганц хоёр шуудайгаар нь авдаг. Нэг шуудай нь 40 кг жинтэй, их хүнд. Чи бид хоёр өргөөд ч дийлэхгүй. Өдөрт 200 шуудай, хамгийн багадаа 50 шуудай нүүрс ирдэг.
Иргэдэд бэлэн мөнгөөр нь нүүрсээ зардаг болохоор компаниас өдөр бүр ирж орлогоо авдаг. Өдөр тийшээ 150 шуудай нүүрс ирнэ. Өглөө ирсэн нүүрсний чанар сайн, үдээс хойш ирсэн нүүрс л нунтаг, хогтой ирээд байгаа. Манайх энэ нүүрсээ л түлдэг. Жаахан тортогтойгоос биш илчээр Налайхынхаас дутахгүй” гэсээр гэртээ орууллаа. Тэднийх төслийн зуухтай, нүүрсний утааны эхүүн үнэргүй, дулаахан, цэвэрхэн ажээ.
Дөрвөлжин шугамтай дэвтэрт өдөр өдөрт ирсэн нүүрсний баримтуудыг, тушаасан орлогын баримтаа ч наажээ. Энэ үеэр хоёр гурван хүн нүүрс байгаа эсэхийг асууж байлаа. Иргэн Цэвэлмаа “Манайх нэг шуудай нүүрсийг гурван өдөр түлдэг, Налайхын нүүрсийг бодвол тортогтой ч илч, халалтаар дутахгүй. Мөнгөнд хэмнэлттэй. Манайх төслийн зуухтай болохоор түлшинд хэмнэлттэй, өдөрт хоёр удаа л нүүрс хийдэг юм.
Хуучин зуухтайгаа байхад өвөлдөө өндөрлөгөөтэй гурван портер нүүрс түлдэг байсан бол энэ жил нэг портер Налайхын нүүрс аваад, Багануурын нүүрстэй хольж түлж байна” гэв. Борлуулалтын 80-р цэгээс нэг автобусны буудлын хэрийн зайд борлуулалтын 81-р цэг байрладаг аж. Энэ цэгийн борлуулагчийг Цэцэгмаа гэдэг. Тэдний хашаа өндөрлөг газар байрладаг учраас төв замын хажуугийн нэгэн айлын хашаанд нүүрсээ буулгаж, эндээсээ борлуулалтаа хийж байгаа аж.
Цэцэгмаа “Хоёр өдрийн нүүрсний үлдэгдэл нийлээд 200 гаруй шуудай нүүрс байгаа, өнөөдөр 100 шуудай нүүрс нэмж ирэхийг өөрийнхөө хашаанд буулгана. Ойрд хүмүүс нэг их авахгүй л байна” гэж байгаа нь Багануурын хямд нүүрсний нийлүүлэлт хэвийн байгааг харуулна. Нүүрс борлуулах 80-р цэгийн ойролцоо Налайхын нүүрсийг том, жижиг шуудайд хийж 20 кг-тайг нь 2500 төг, 10 кг-тайг нь 1200 төг-өөр зардаг байнгын цэгтэйгээс гадна орой болохоор нүүрс зарах хүмүүс нэмэгддэг юм байна.
Борлуулагчаас нь борлуулалт хэр байгааг лавлавал, “Урьд нь томыг нь 2800 төг, жижгийг нь 1500 төг-өөр зарж байсан. Нүүрсний үнэ бууж байна. Түлээний зах орчимд жижиг нь 1000 төг болсон. Багануурын нүүрстэй хольж түлнэ, илч сайтай гээд хүмүүс авч л байна. Хүмүүс ихэвчлэн ажлаа тараад үдээс хойш юм уу оройн цагаар авдаг юм” гэлээ.
Жил бүрийн өвөл Улаанбаатарын утаа гол сэдэв болж яригддаг ч нэг ажпаа нөгөө ажлаараа үгүйсгэсэн хямд нүүрсний нийлүүлэлт хэвийн, дээр дооргүй асуудал болсон утаанд “хандив” өргөж, гэр хорооллынхны хэтэвчтэй мөнгийг хэмнэсэн ч хэдийд ч юугаар ч үнэлшгүй эрүүл мэндэд “дайсагнасаар” л байна.
Т.Эрдэнэ
Эх сурвалж: “Хөдөлмөр”
URL: