УМБГ-ын байрыг ашиглаж болохгүй гэсэн акт тогтоожээ

Онц ноцтой, ээдрээ төвөгтэй, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгадаг УМБГ-ын байрыг нураах, ашиглахгүй байх акт тогтоосон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сарын 26-нд “Энэ байранд үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй. Гал, цахилгааны аюулгүй байдал бүрэн алдагдаж, даацын чадвар муудсан байна. Олон жил эдэлсэн “хөгшин” барилга учраас газар хөдлөлт байтугай чичирхийлэл ч даах чадваргүй. Иймээс барилгыг чөлөөлөх нь зүйтэй” гэсэн албан тоот илгээсэн байна.

Мөн Онцгой байдлын байцаагчид ч дээрх агуулга бүхий бичиг илгээж барилга эрсдэлтэй байгааг илтгэжээ. УМБГ-ын барилгын тухайд 1932 онд баригдаж байсан түүхтэй юм байна. Албан ёсны түүхийн архив байдаггүй ч 1930 оны үед ашиглалтад орсон тухай ахмад мөрдөгчид хэлж буй. Анх баригдахдаа хоёр давхрын зориулалтай сүндэрлэсэн бол 1956 онд гурван давхар болгон өргөтгөжээ.

Энэ байшинд Гадаад харилцааны яам, Хэвлэх үйлдвэр болон “Үнэн” сонин үйл ажиллагаа явуулж байсан түүхтэй гэнэ. Ийнхүү хэзээ мөдгүй нурах дөхсөн гэсэн бичиг “өвөртлөн” суугаа УМБГ-т очлоо. Гаднаас нь харахад аюул осол нүүрлээд байгаа нь мэдэгдсэнгүй. Шавардлага сайтай барилга болох нь тод харагдав. Харин дотор талдаа бол өөр юм аа. Хоёр, гурван давхраар нь явахад шалных нь банз хөлийн аясаар нахилзан хөдөлж байна. Уг нь намагт явахад л тэгж хөдөлдөг дөө. Бүсгүй хүний алхаанд ингэж хөдөлж байгаа юм чинь мөрдөгч харчуудын хөдөлгөөнд нэлээд их донсолдог бололтой.

Мөрдөн байцаагчдын бүх өрөөний хана, таазанд цууралт, ан цав үүсч, шаланд нь суулт өгчээ. Тэр дундаа хаалга, цонхонд гажилт өгсөн нь хэнд ч тодорхой харагдах. Байцаагчдын ая тухтай орчинд ажиллах эрхээс нь илүүтэй олон мянган хавтаст хэрэг алдагдах, нууцын байдал задрах аюул хамгийн ойрхон байгаа гэнэ.

Мөрдөгч нарыг “Гэмт хэрэгтэй тэмц” гэж хайр найргүй зүтгүүлчихээд эцэст нь ажиллуулж байгаа орчин нь ийм л байна. Барилгын стандартын талаар тус газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч С.Баянмөнхтэй ярилцлаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас УМБГ-ын барилгад акт тогтоосон гэсэн. Энэ талаар яриач?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт ирүүлсэн юм. Үүнд “УМБГ-ын барилга нь Барилгын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Бусдын аюулгүй орчинд ажиллаж амьдрах, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аюулгүй байдлыг хангасан байх тухай заалтыг зөрчсөн тухай бичиг илгээлээ. Өөрөөр хэлбэл, энэ барилгад үйл ажиллагаа явуулахаас татгалзаж хот төлөвлөлтийн шаардлагад нийцсэн орчин үеийн барилга байгууламж бариулахаар захиргааны эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх зүйтэй гэсэн дүгнэлт юм.

-Гал, цахилгааны аюулгүй байдал алдагдсан гэх юм билээ?
-Ганцхан өнгөрсөн сард ирсэн акт биш. Олон жилийн туршид үйл ажиллагаа эрхэлж болохгүй” гэсэн. Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлт ч мөн адил гарсан. Дүгнэлтэд “УМБГ-ын барилга нь анхны зураг, төлөвлөлтөд газар хөдлөлийн эсрэг арга хэмжээ тооцогдоогүй, бэхэлгээ хүчитгэл хийгээгүйгээс болж овойлт, суулттай болжээ. Иймд ашиглалтын шаардлага хангахгүй байгаа энэ барилгаа буулгана уу” гэж шаардсан байдаг. Ер нь манай барилгын цахилгааны утаснууд ил байгаа нь нууц биш. 2008 онд далд цахилгааны утас шатсан учраас аргагүйн эрхэнд ил гаргасан юм. Үүнийгээ шинэчилж засна гэхээр буулгахаас өөр замгүй болчихоод байна. Барилгын суурийг нь өөрчилж байж орчин үеийн шаардлага хангах юм.

-Газар хөдлөлтөд тэсвэрлэх чадамжтай болов уу?

-Манай байрлаж байгаа нутаг дэвсгэр нь долоон баллын бүсэд хамаардаг юм байна. Гэвч газар хөдлөлт битгий хэл чичирхийлэл ч даахгүй барилга гэдгийг нь тогтоосон байдаг. Хаалга, цонхонд гажилт өгч, хааж нээхэд хүртэл төвөгтэй байдал үүсгэж байгаа юм. Хэрэв нэг байцаагчийн маань өрөөнд ус алдвал голдоо тогтох байх шүү.

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас акт тогтоосон байхад ажиллах нь эрсдэлтэй юм биш үү?

-Одоо тэгээд хаачих билээ. Нөхцөл байдалдаа тааруулж ажиллахаас өөр яах вэ.

-Барилгыг шинээр барих бололцоо бий юу. Энэ талаар холбогдох албан тушаалтнуудад нь мэдэгдсэн үү?
-Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг дарга байсан Г.Мөнхбаярт албан бичгээр хандаж байсан. Өөрөөр хэлбэл, “Ашиглах хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг үндэслээд шинэ барилга барих төсөв мөнгийг нь шийдэж өгнө үү” гэсэн бичгээ илгээж байсан. Бидний хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зураг төсөл хийж шинэ барилга барихад 13 тэрбум 700 мянган төгрөг шаардлагатай гэж дүгнэсэн.

-Гэхдээ 2013 оны төсвийн тодотголд багтаагүй юм биш үү?

-Төсөв хэлэлцэх үеэр барилгад хяналт шалгалт хийж дүгнэлт нь хараахан гараагүй байсан юм. Ер нь улсын төсөвт суулгах байх гэсэн найдлага бидэнд байна. Онц ноцтой, ээдрээ төвөгтэй хэрэг мөрдөн шалгадаг байгууллагынхаа чадамжийг анхаарах нь төрийн үүрэг байх ёстой. Өнөөдөр манай албан хаагчид хүйтэн өрөөнд л сууж байна шүү дээ. Өөрсдөө албандаа хайртай, өргөсөн тангарагтаа үнэнч тулдаа ямар ч гомдол мэдүүлэхгүй ажиллаж байна. Мөрдөгчдөөс гадна байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг давхар зөрчиж байгаа юм. Тухайлбал, өрөө нь хүйтэн болохоор цахилгаан тенн залгана. Тенн залгахаар компьютер нь унтарч дахиад л ажил гарч байгаа юм. Энэ нь гэрч, хохирогч, холбогдогч нарыг залхаахад хүргэж байгааг нуух шаардлагагүй биз ээ.

Д.Болормаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих