Мэргэждийг хяналтын байгууллагынхаа бүтэцийг эргэж нэг хараач, шадар сайдаа
“Golden park” хотхоны цахилгаан шат хэд хоногийн өмнө наймдугаар давхраас гурван давхар хүртэл унасан ослын талаар манай сонин мэдээлж байсан. Осол болох үед цахилгаан шатанд сууж явсан хүмүүс хүнд бэртээгүй боловч ийм төрлийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хяналт шалгалтыг нэмэгдүүлэхгүй бол бүр ч ноцтой осол гарахад ойрхон байгааг харууллаа. Одоо тус хотхоны оршин суугчид цахилгаан шатаар зорчихоос эмээдэг болсон байна. Зөвхөн энэ тохиолдол ч биш ер нь манай улсад дээсэн дөрөөн дээр дэнжигнэх мэт тросс нь хэзээ ч тасраад уначихаж мэдэх олон цахилгаан шат байгаа. Гэтэл эдгээрийг хариуцсан тодорхой эзэн байдаггүй.
Хэзээ мөдгүй аль нэг байрны цахилгаан шат тасарч унаад дотор нь сууж явсан хүмүүс эрсдвэл хариуцлага хүлээх хүн байхгүй бөгөөд буруу цагт, буруу цахилгаан шатанд суусан хүмүүсийн хохь болоод үлдэх юм шиг байна.
Манай улсад одоогийн байдлаар 2500 гаруй цахилгаан шат ажиллаж байна. Эдгээрийн бараг тал хувь нь 20-30 жил ашиглагдаж аль хэдийнэ “тэтгэвэртээ гарах” болчихсон байгаа юм. Дээр нь шинээр ашиглалтад орсон байрны цахилгаан шатнууд ч арчилгаагүйгээс болж хурдан муудаж байна. Цахилгаан шат бол тээврийн хэрэгсэл шиг арчилгаа шаарддаг. Шинээр ашиглалтад орсон цахилгаан шатыг сар бүр арчилж байхгүй бол гурван сарын дараагаас эхлээд л тохиргоонууд нь алдагдаж эхэлдэг бөгөөд гурван жил болсон цахилгаан шат арав гаруй жил ашиглачихсан мэт хуучирсан байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцсан байгууллагууд нь энэ асуудлыг даруйхан анхаарах хэрэгтэй болж байна. Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан шат гацаж гэмтсэн тохиолдол өдөрт дунджаар 100 гаруй гардаг нь ч үүний баталгаа. Ер нь ашиглалтад ороод хоёр гуравхан жил болж байгаа байрны цахилгаан шат унаж байгаа юм чинь 20-30 жил болоод “өвгөрчихсөн” нь хэзээ нэг өдөр унахгүй гэх баталгаа байхгүй.
Уг нь мэргэжлийн хяналтын байцаагчид цахилгаан шат болон өргөгч төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангахын тулд хяналт шалгалтыг тогтмол хийж байх ёстой. Гэтэл улсын хэмжээнд ажиллаж байгаа 10 мянга гаруй өргөгч төхөөрөмжид ердөө гуравхан байцаагч л ногдож байна. Магадгүй манай улс энэ тоогоороо дэлхийд хамгийн сүүлийн байранд жагсах биз. Гуравхан байцаагч хоногийн 24 цагаар ажиллаад ч өөрсдийгөө хэд хуваадаггүй л юм бол 10 гаруй мянган өргөгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хянаж чадахгүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой зүйл. 10 мянга гаруй өргөгч төхөөрөмжийг хянах гэж үйлээ үзэж байгаа энэ гурван байцаагчийг ажлаа олигтойхон хийхгүй байна гэж буруушаах нь ч бас тэнэг хэрэг. Жишээлбэл, нэг байцаагч өдөрт гурван цахилгаан шат шалгалаа гэхэд манай улсад байгаа бүх цахилгаан шатыг шалгах гэж хоёр гурван жил болно. Дээр нь тэдний ажил зөвхөн цахилгаан шат шалгахаар хязгаарлагддаггүй. Иймд мэргэжлийн хяналтын байгууллага хэзээ мөдгүй хүний амь эрсдэх осол гарахад ойрхон байгаа цахилгаан шат болон өргөгч төхөөрөмжийн хяналтыг чангатгаж байцаагчдын тоог яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна. Шадар сайд Д.Тэрбишдагва энэ байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж байгаа талаар хэд хоногийн өмнө мэдэгдэж байсан. Тиймээс уг шинэчлэлдээ энэ салбарыг ч хамруулна гэж найдаж байгаагаа хэлье.
Дэлхийн бусад орнууд цахилгаан шат болон өргөгч төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг чухалчлан үзэж байна. Ямар нэг алдаа гарах л юм бол эрдэнэт хүний амь эрсдэх хамгийн өндөр магадлалтай учраас анхаарал хандуулах нь ч зүйн хэрэг биз. Тухайлбал, Солонгос улсад энэ чиглэлээр хэдэн зуун хүнтэй бүхэл бүтэн институт ажилладаг бөгөөд цахилгаан шаттай холбоотой осол гарах тохиолдол бараг байдаггүй аж.
Манай улсын хувьд арав гаруй жилийн өмнө өргөгч төхөөрөмжийн алба гэж бүхэл бүтэн баг ажилладаг байсан. Харин жил тутам энэ албаны ажиллагсдыг цомхтгож эцэст нь татан буулгаад одоо өнчин ишиг шиг гурван хүн хэдэн мянган өргөгч төхөөрөмжийг хянах гээд л зүдэрч байна. Цахилгаан шат болон өргөгч төхөөрөмжийн хяналтыг нарийн мэргэжилтэй хүмүүс л хийнэ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага нарийн мэргэжилтэй хүмүүсээ халсаар одоо энэ талын мэдлэг, мэргэжилтэй хүн ховордож байгаа юм. Харин эсрэгээрээ хурган дарга нарынх нь тоо нэмэгдсэн байна.Өөрөөр хэлбэл, энэ байгууллагын толгой жилээс жилд томорч бие нь жижгэрсээр байгаа юм. Зуун ямаанд жаран ухна гэгчээр зуун хүнийх нь бараг жар нь дарга болчихсон энэ газар өнөөдөр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангахын тулд ажилладаг байгууллага бус танил тал, ар өврийн хаалгаар албан тушаал горилогсдын сүлжээ болсон талаар ярих хүн олон байдаг. Уг нь энэ байгууллагын үндсэн гол зорилго нь иргэдийн сайн сайхан, амар амгалан амьдралын төлөө тэдэнд үйлчлэх. Үүний тулд олон дарга биш, харин болох бүтэхгүй болгоныг хянаж шалгадаг байцаагчдынх нь тоо олон байх ёстой болов уу.
Н.Санжаасүрэн
URL: