Нара: Нүцгэнээр зураг авахуулсандаа харамсдаг

Үйлдэл бүрээс нь эрч хүч, инээд хөөр үнэртдэг энэ бүсгүй яагаад ч юм өөрөө өөрөөсөө зугтахад хүрчихэж. Цээж дүүрэн гомдол, нүдэнд нь үе үе цийлэгнэх нулимс.

    Гуниг зохихгүй хүн гэж байдаг эсэхийг мэдэхгүй. Түүнийг барагтай л бол гунигла­даггүй, эргэн тойрноосоо зөвхөн аз жаргалыг “түүж”, бусдыг нь хөсөр хаядаг тийм л эмэгтэй гэдэг ойлголт хүмүүст бий. Тийм гэдэгт ч итгэлтэй байна. Харин өнөөдөр түүнийг юу ингээд өөрчилчихсөнийг анзаарахыг хичээвэл, бид өнөөдрийн амьдарч байгаа нийгэм рүүгээ өнгийх, бас бид чинь хэн болчихоод байна вэ гэж бодоход хүргэж ч мэдэх юм. “Өөр мэдээ”-гийн маань зочны яриаг уншаад танд нэг ч гэсэн эргэцүүлэл төрнө гэдэг найдаж байна. Дуучин Наратай ярилцсанаа хүргэе.

-Амралтын дугаарын маань хойморт зочилсонд баярлалаа. Шинэ оны босгон дээр уулзаж байгаа болохоор энэ жил хийхээр зорьсон хамгийн том зүйл чинь юу вэ гэдгийг сонирхмоор байна л даа?

-Мэдээж төлөвлөгөө бий. Гэхдээ хамаагүй зарлахаас битүүхэндээ айгаад байдаг юм аа. “Чөтгөр сонсчихвол” яана. Энэ жил уран бүтээлдээ анхаарч ажиллая гэж бодож байна. Өн­гөр­сөн жил эрүүл мэнддээ их анхаарсан. Эрүүл байвал зорьсноо бүтээж чадна шүү дээ.

-Цаг хугацаа, хувь заяанд бүх зүйлийг даат­гаад зүгээр л урсгалаараа амьдрахыг үзэн ядагчид  л амжилтад хүрдэг юм шиг санагддаг?

-Би ч гэсэн цаг хуга­цаанд амьдралаа даатга­даггүй. “Өө болох байл­гүй” гээд л яваад байвал юу ч бүтэхгүй. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрнө, харин бид хөгширсөн байна шүү дээ. Цаг хуга­цаатай өрсөлдөж, сөрж чадсан нь л амжилтад хүрч байгаа. Хувийн амьдралд ч, уран бүтээлд ч бүх зүйл ийм л байдаг. “Амьдрал бол тэмцэл” гэдэг үгний учрыг сүү­лийн үед их ойлгож байна.

-Гэхдээ энэ үзэл хэнд, хэзээ төрж эхэлсэн бэ гэдэг бас сонин. Харин таньд хэзээнээс бий болсон гэж боддог вэ?

-Саяхныг хүртэл бо­доогүй явжээ. Харин 2012 он надад үүнийг сайн бодогдуулж чадсан Бодогдуулахаар зүйлүүд ч надад тохиолдож байна. Мэдээж, би уран бүтээлч бас хувь хүн гэдэг утгаараа алдаа оноогоо дүгнэдэг, өөрийгөө улам өнгөлөхийг хүсдэг.

-Нэг л мэдэхэд хөг­шир­чихнө гэж та хэллээ. Хүн болгон хөгшрөхөөс айдаг ч тэр нь яах аргагүй бидний очих цэг. Магадгүй их том зүйлээ алдах гээд байгаа юм шиг санагддаг учраас хүмүүс хөгшрөхөөс айдаг байх. Тэр том зүйл нь таныхаар юу вэ?

-Мэдэхгүй ээ. Хүн ерөөсөө одоо байгаагаа мэдрэхгүй амьдардаг юм шиг санагдаад байна. Хүн төрөлхтөн бүх цаг хуга­цааны туршид тийм бай­сан юм шиг. Одоогоороо амьдардаггүй. Би жаахан байхдаа хурдан том болох юм сан. Том болох гоё байх гээд л яардаг байлаа. Одоо эргээд бодоход хүү­хэд нас хамгийн гоё са­наг­даж байна. Цаг ху­гацаа өнгөрсөн. Нэг мэдсэн чинь би дуучин болсон. Би өөрийгөө хүсэл мөрөөдөл нь тодорхой хэм­жээнд биелсэн, азтай хүн гэж боддог.  Гэвч цаа­шид намайг юу хүлээж байгааг тодорхойл мэ­дэхгүй байна л даа. Ирээ­дүйд юу болохыг мэдэхгүй болохоор л хүн хөгшрөхөөс айдаг юм болов уу даа.

-Урлагт оргил бай­даггүй гэж ярьдаг ч уран бүтээлч хүн болгонд нэг том зорилго, нууц хүсэл байдаг шүү дээ?

-Уран бүтээлчийн хувьд хүсдэг, мөрөөддөг зүйл байлгүй яахав. Гэхдээ юм их санамсаргүй байгаа биз дээ. Жишээлбэл, өнгөр­сөн онд Солонгосын дуучин PSY гэв гэнэтхэн дэлхийн од болоод Майкл Жексон, Лэди Гагагийн амжилтыг эвдлээ. Амжилт юунд оршиж байгаа юм бэ гэдэг хүн болгоны хувьд харьцангуй ойлголт. Гэнэтхэн гарч ирээд супер од болохдоо юм уу, эсвэл тэрэнд хүрэхийн тулд урт удаан хугацаа, хөдөлмөр зарцуулах ёстой юу, хэн нэгний рекордыг эвдэ­хийн төлөө юү, эсвэл үхсэн хойноо ч гэсэн хүнд дурсагдахдаа юм уу гээд үнэхээр харьцангуй байгаа юм. Миний хүсч мөрөөддөг, тэмүүлдэг зүйл маань бусдын хувьд өчүү­хэн байж болно. Эсвэл хэн ч, хэзээ ч төсөөлөөгүй зүйл ч байж болно шүү дээ.

-Сүүлийн үед хэр их хөдөлмөрлөж байна вэ, өөртөө ямар дүн тавих бол?

-Ер нь хөдөлмөрлөж чадаагүй. Би өөрийгөө 100 хувь огтхон ч дайчлаагүй. Бараг 50 хувь ч чадаагүй байх гэж боддог. Яг зориг гаргаад шийдэх юм бол уг нь надад хийж чадахгүй юм байдаггүй шиг санагддаг юм. Хүн харахад би их зоригтой юм шиг боловч  “Болох болов уу, бүтэх болов уу яах бол” гэсэн эргэлзээ надад хааяа төрдөг. Энэ маань за­римдаа миний хийхээр төлөвлөж байсан зүйлүү­дийг болиулчихдаг юм аа. Гэтэл жилийн 365 хоног асар хурдан өнгөрч байна шүү.

-Хувийн амьдралтай чинь холбоотой нэгэн асуулт тавихын тулд бяц­хан тайлбар хийе Уншигчдынхоо сонирхож байгаа зүйлд хариулт өгөх нь хэвлэлийнхний үүрэг учраас урлагийнхны алхам бүрийг шахуу мөрдөж мөшгиж байдаг нь бидний буруу биш гэж боддог юм?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ хүн ямар ч мэр­гэжилтэй байсан хүн чанар, чиг шугамтай байх ёстой. Сэтгүүлч бичиж байгаа асуудалдаа хэрхэн хандаж байна, үнэн зөвөөр асуудлыг хүргэж чадаж байгаа эсэх нь хүмүүсийн хандлагад их чухал байр суурь эзэлж байна. Сэтгүүлчид бүгдээрээ алдаа гаргадаг гэж би хэлэхгүй. Нэг  хүний боль­чимгүй алдаа мэргэжил нэгтэй бусдынхаа нэр хүн­дийг чирж байгаа то­хиолдол цөөнгүй бий байх. Яахав, шар хэвлэлийн ачаар намайг олон хүн таньдаг болсон. Олон сэт­гүүлчид ярилцлага өгч бай­сан. Зарим нэг нь гуйвуулна, зарим нэг нь алдаад биччихсэн байдаг юм. Үнэхээр л миний хэлмээр байгаа санааг яг таг гаргаж тавьсан нь ч байдаг.

-Цахим сэтгэгдэл бичигчдийг юу гэж боддог вэ. Царай нь хараг­дахгүй­гээр далимдуулаад юу ч хамаагүй бичиж хүнийг гүтгэдэг хүмүүс байна?

- Комментчдын бичсэ­нээр хүнийг дүгнэнэ гэвэл том эндүүрэл болно л доо. Нүүрээ нууж байгаад зохиол бичдэг завтай тэр хүмүүсийг  ямар боловс­ролтой, ёс суртахуун, хү­мүүжилтэйг нь бид мэ­дэхгүй. Үнэнийг хэлэхэд цоо эрүүл гэдэгт нь эргэлздэг. Бичиж байгаа зүйлээсээ л танигддаг шүү дээ, тийм хүмүүс. Тэгэ­хээр би тэдэнд гомддоггүй л дээ. Харин миний хайр­лаж, хүндэлж, итгэж явдаг хүмүүс тэрийг уншаад надад асуулт тавибал маш их гомддог.

-Ярилцлагуудыг чинь уншихад чамаас сексийн талаар асуугаагүй өнгөр­сөн сэтгүүлч нэг ч байдаггүй. Заримдаа үүнд дургүй чинь хүрдэг үү?

-Хүрдэг. Тэрийгээ ч хэлдэг. Тэнэг хариулт гэж байдаггүй, тэнэг асуулт л гэж байдаг гэдэг шүү дээ. Сэтгүүлчид маань мэр­гэж­лийнхээ хувьд баяжиж, өргөжөөсэй. Асуулт нь илүү баялаг болоосой. Хэдэн төгрө­гийн хувцас өмсдөг вэ, ямар найз залуутай вэ, сексийн талаар юу гэж боддог вэ гэж асуудаг. Би дуучин болсноосоо хойш байнга ийм л зүйлд хариулж байгаа. Уран бүтээлч талаас маань нэг ч асуулт тавиагүй өнгөрсөн сэтгүүлч ч бий. Ерөөсөө чиг хандлага нь ийм сонирхолтой. “Доошоо” сэтгэхүйтэй байгаа байхгүй юу. Би секси харагддаг байж болно шүү дээ. Гэхдээ тэр чинь би сексчин гэсэн үг биш биз дээ. Өөрсдөө буруу ойлголттой, тэрэн дээр нэмээд буруу зүйлийг түгээж байна. Бид яагаад сонин сэтгүүлд ярилцлага өгдөг юм, мөн чанарыг маань таниулаасай гэж л тэр шүү дээ.

-Их гомдолтой байх чинь. Хамгийн сүүлд ер нь хэнд хамгийн их гомдсон бэ?

-Хүмүүс намайг юу ч гэж ярьдаг байж болно л доо. Гэхдээ би хүний нүдэн дээр үргэлж байгаагаараа ямар хүн бэ гэдгээ харуулж байхад тэрэнд биш, интернэтийн нэг коммент, намайг гүтгэсэн мэдээлэлд итгэсэн нэг хүнд их гомдсон. Үнэн худал хоёрын хооронд төө зай байдаг гэдэг шүү дээ. Тэрүүхнийг ялгаж салгаж чадахгүй байгаа хүн, барьж харж мэдэрч байгаадаа итгэхгүй байгаа хүнд гомдсон. Бид түрүүнд ярьсан даа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй өнгөрөөд одно гэж. Гэсэн ч хэзээ нэгэн цагт хэн нь хэн байсан бэ гэдгийг харуулдаг л байхгүй юу. Тэгэхээр ийм асуудлыг ёстой л цаг хугацаанд даатгачих ёстой юм шиг.

Би заримдаа боддог юм. Би ганцаараа ийм ээдрээтэй амьдралтай юм уу, эсвэл эмэгтэй хүн болгоны амьдрал ийм байдаг юм болов уу гэж. Яахав, би үүний бурууг бусад руу чихдэггүй л дээ. Энэ бол миний өөрийн тарьсан хэргээс үүдэлтэй асуудал гэж боддог. Тэгээд тэр алдаагаа сайн ойлгосон.

-Тэр алдаа чинь юу юм бэ. Энэ хүртэл ярьчихсан юм чинь уншигчдаас маань нуухгүй байх гэж бодож байна?

- Анх Монгол кон­тенттой гэрээ байгуулаад эротик гэрэл зураг ний­лүүлсэн. Тэр үед одоо­гийнх шиг ийм том нүүртэй утас бараг байгаагүй. Маш жижиг хэмжээгээр гарна энэ тэр гээд их л супер гэрээ байгуулж байсан. Тухайн үедээ тэр нь надад санхүүгийн хувьд ч гэсэн ашигтай байсан л даа. Яагаад болохгүй гэж, урлагийнханд ийм зүйл байдаг шүү дээ л гэж бодсон. Одоо бодоод байхад би үүнд их гэнэн хандсан. Эргээд тэр нь миний амьдралыг ингэж “будаа” болгох юм гэж бодоогүй. Тэр зураг гарс­наас хойш л хүмүүсийн намайг харах хандлага сөрөг болсон байх. Ер нь хүн өөрийнхөө амьдралыг өөрөө л баллаж явдаг юм байна.

-Тэр зургуудыг ава­хуулсандаа харамсдаг юм уу. Тийм зураг авахуулсан цорын ганц хүн нь та биш шүү дээ?

-Одоо бол харамсдаг. Гэхдээ алдаагаа давт­даггүй нь миний сайн тал. Надад эротик кинонд тоглох санал олон ирдэг. Би хүлээж авдаггүй.

Тийм зураг авахуулсан цорын ганц хүн нь би биш шүү дээ.  Өмнө нь ч, хойно нь ч загвар өмсөгчдөөс эхлээд олон бүсгүй нүцгэн зураг авахуулсан. Ардчил­сан нийгэмд ийм зүйл байх шүү дээ.

-Хүнд дааж чадах хэм­жээгээрээ зовлон үүрдэг гэдэг шүү дээ. Зарим хүний хувьд энэ асуудал зовлон шиг харагдахгүй байх аа?

-Мэдээж, энэ бол асар том зовлон биш. Гэхдээ эргээд харахад энэ миний амьдралд нөлөөлсөөр байвал хэцүү байх болно. Яагаад гэхээр би эмэгтэй хүн. Хайрлаж дурласан хүнтэйгээ суухыг хүснэ, хүүхэд гаргана. Гэтэл миний хувьд аль эрт дуус­чихсан зүйлийг хүмүүс сөхөөд байвал зовлонтой байх юм шиг байна лээ.

-Хүмүүжил гэж юу болохыг өөрийнхөөрөө тайлбарлаач. Хүн болгонд эн талаар өөр томъёолол, тодорхойлолт байдаг шүү дээ?

-Хүнд боловсрол, мэдлэ­гээс, ер нь бүх зүйлээс илүү хэрэгтэй нь хүмүүжил. Хүмүүжлийн наана хүн чанар л байх ёстой. Би үүнийг л эрхэмлэдэг. Хүн чанартай байгаад хүмүүжилтэй байхад хүн алзахгүй дээ. Энэ хоёр байхгүй бол хэчнээн боловсролтой, баян байгаад яах вэ дээ.

-Японд боловсрол эзэмшсэн шүү дээ. Тэнд сурч байхдаа сурсан хамгийн чухал зүйл чинь юу вэ?

-Олон сайхан зүйл сурсан. Хамгийн гоё нь тэнд хүмүүс нэгнээ маш сайхан хүндэлдэг. Би японд Токиогийн хөгж­мийн сургуульд сурч бай­сан. Манай гоцлол дуулаа­чийн ангид 30 хэдэн хүүхэд сурдагбайлаа. Бүгдээрээ хоорондоо өрсөлдөгчид хэрнээ бие биедээ хэзээ ч сөрөг ханд­лага гаргаж байгаагүй. Нэгнээсээ дээшээ гарах гэж улайр­даг муухай зан манай улс төрд ч, уран бүтээлчдийн дунд ч бий. Харин тэнд бүгд нэг зорилготой.

-Улс хөгжиж байж хүмүүс нь тийм болох ёстой юу, эсвэл хүмүүс нь тийм байж  улс нь хөгжих юм болов уу. Хөгжил дагаж соёл ирдэг шүү дээ?

-Хүмүүс нь тийм байж улс нь хөгжих байх л даа. Магадгүй, япон, солон­госууд асар их зовлон үзсэн учраас хамтдаа байж өсч дэвших юм байна гэд­гийг магадгүй ойлгосон байх. Харин монголчуудад маань зовлон дутсан юм байлгүй дээ. Хамтдаа оршин тогтнож чадахгүй, байнга л бие биенээ хэм­лэж байна. Элдвээр хэлж, гутааж байна. Уг нь би хэний ч юмыг хулгай­лаагүй, хэний ч нөхрийг булаагаагүй. Японд ажил­лаж байхдаа цуглуулсан мөнгөөрөө уран бүтээлээ хийсэн. Аав, ээжээсээ хүртэл зулгаагаад л. Гэтэл яагаад хүмүүс намайг ингэтлээ үзэн ядаад, гутаагаад байгаа юм бэ. Энэ бол арчаагүй зан.

- Өмнө нь оршил тавин байж асуух гээд байсан хувийн чанартай асуултаа тавья л даа. Сүүлийн үеийн хэвлэлүүдэд Нара хөл хүндтэй болжээ гэсэн мэдээлэл байна?

- Үгүй яахав дээ, амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Хүмүүс бас зарим нэг нь энэ хүүхэдтэй бо­лоосой гэж хүсч байгаа юм байлгүй. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн өөрөө хүсч байна. Хайртай хүнтэйгээ суугаад хөөрхөн хүүхэд гаргаад өөрийн гэсэн гэр бүлтэй болж сайхан амьдрахыг хүсч байна. Харамсалтай нь үүнд маш олон хүн саад хийж байна. Үнэхээр, миний амьдралд маш олон хүн оролцдог. Би амьдралдаа нэг удаа ч харж байгаагүй хүмүүс хүртэл миний амьдралд оролцож байна гээд бод доо. Би хүмүүст ингэж жигшигдэхээр юу хийсэн юм бэ гээд л гутарч байна даа.

-”Бусад хүн намайг юу гэж хэлэх нь хэнд хамаатай юм бэ. Би өөрөө өөртөө таалагдаж амьдарч байвал болно “. Өөрийг чинь ийм л үзэлтэй бүсгүй гэж боддог байлаа. Гэвч бусдын хэл ам таны амьдралд их хүнд нөлөөлж байгаа бололтой?

-Би яг тийм байсан. “Миний хажуугаар бусдын бодол салхи шиг л өнгөрч байг. Би өөртөө хэн байх нь чухал. Өөрөө өөртөө зөв байх ёстой. Тэртэй тэргүй намайг ойр дотныхон маань мэднэ” гэж бодсон. Гэвч тэр салхи салхилаад өнгөрсөнгүй. Над руу нэвчиж ороод байна.

Би өөрчлөгдчихөөд байна. Эмэгтэй хүнийхээ хувьд ,уран бүтээлчийнхээ хувьд ухаан сууж, алдаагаа засах гэж хичээж байгаа.

-Ярилцлагынхаа сэд­вийг жаахан хөнгөрүүлье. Дуучин хүн мэдээж урла­гаас таашаал авна. Өөр юунаас сэтгэлийн баяр баясгаланг олж авдаг вэ?

- Бүжиглэх дуртай. Өмнө нь найз нартайгаа сайхан бүжиглэж, стрессээ тайлж, эрч хүч авдаг байлаа. Одоо бүр гэрээсээ ч  гарахаа боль­сон. Олон нийтийн газраар ч явахаа байсан. Хүмүүс намайг “Энэ одоо” гэсэн харцаар хараад байгаа юм шиг санагдаад байдаг, үнэхээр.

-Өөрөө өөрөөсөө зугтаж эхэлж байна шүү дээ?

-Харин тийм. Намайг чичилдэг хүмүүс үнэхээр ялж байгаа юм байна л даа. Энэ бухимдал, стресс хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй. Аль болох мартахыг хүсч байгаа

-Аав, ээжтэйгээ хэр ойрхон уулзаж байна?

-Бид хамт амьдардаг шүү дээ. Ээж аав маань охидоо заавал хүнтэй сууж байж гэрээс явах ёстой гэж үздэг. Би чинь бас аав, ээжийн хайртай охин байна. Намайг хайрлах, нэр төртэйгөөр авч суух хүнтэй л сууна даа.

-Манай уншигчидтай хуваалцахыг хүссэн өөр ямар шинэ сонин байна вэ. Энэ бол өөрт чинь давуу эрх олгож байгаа сүүлийн асуулт?

-Баярлалаа. NTV теле­визтэй хамтраад хөгжөөнт танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлэг хийж байгаа. Ирэх долоо хоногийн ням гаригаас эхэлж гарах юм. Их сонирхолтой нэвтрүүлэг болно гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь нэвтрүүлгийг удаан хугацаанд үргэлжлүүлэх зорилготой байгаа.

zuuniii medee


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих