Эмнэлгийн барилгыг нурааж зориулалтыг нь өөрчлөхийг эмч нар хүлээн зөвшөөрөхгүй гэв

 

 

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмч нартай хамт хэвлэлийн бага хурал хийлээ. Асуудлыг нааштайгаар шийдэж өгөхгүй бол тэмцлийн хэлбэр хүндэрч болзошгүйг тэрээр сануулсан юм. О.Баасанхүү, “Хууль зүйн сайд Х.Тэмүүжин асуудлыг “Төрийн тусгай албан хаагч” гэдэг үг рүү чихэж олон хүний эрүүл мэндээр наадаж байгаатай би хэзээч эвлэрэхгүй. Цаашдаа 40, 60, 100, 200 гэх мэтээр бидэнтэй нэгдэн хамт хурал, тэмцэл хийх эмч нарын тоо нэмэгдэж байгаа. Анхнаас нь энэ барилгыг эмнэлгийн зориулалтаар барихаар бүх асуудлыг нь шийдсэн. Цахилгаан шат, явган болон тэргэнцэртэй хүнд зориулсан тусгай зам, шаттай. Бас ханаараа агааржуулалтыг нь шийдсэн гэх мэтээр төгс утгаараа эмнэлэг барьж байхад асуудал нэг хүний хувийн эрх ашгийн үүднээс хандаж болохгүй байх. Гэтэл одоо Х.Тэмүүжин сайд барилгыг нурааж зориулалтыг нь өөрчлөнө гэж байгааг би ойлгохгүй байна. Барьсан барилгыг эвдэж, бүтээн байгуулалтыг үгүй хийж дахин өөрчлөн засах мөнгө төсөвт ч суугаагүй. Тэр хаанаас эмнэлгийг нураах мөнгө олж байгаа нь сонин  санагдлаа. Энэ олон хүний ажлын байр, тэр олон хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхгүй гэх эрх түүнд байхгүй” хэмээн эмч нарын тэмцлийг дэмжиж, хууль зүйн талаас туслалцаа үзүүлж хамтран тэмцэхээ хэллээ. Эмч нар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүний амь насаар наадаж, олон зуун өвчтөн үйлчлүүлдэг эмнэлгийн оронд шүүх байгууллагыг данхгар байртай болгох гэж зүтгэж  байгааг ойлгохгүй байна. Бидэнд зөвхөн бариад өгнө гэсэн эмнэлгээ өгчих. Бид нийгэмд тулгамдаад байгаа тэр олон асуудлыг багасгаж хүн зоныг эрүүл, энх байлгах энхийн манаандаа ямар ч саад, хавчлагагүй зогсох байр сууринаасаа хэзээ ч урахгүй гэдгээ хэлсэн юм.

 

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих