Хувилгаан
МАХН-аас сонгогдсон эрхэм гишүүн О.Баасанхүүг сонгогчид хууль батлах биш “гуравдагч”-ийн ялыг хөнгөрүүлэх гэж сонгосон бололтой юм. Гишүүний хангамж эдэлсэн тэрээр сонгогдсоноосоо хойш үндэсний удирдагчийн өмгөөлөх ажиллагаагаа үргэлжлүүлсээр өнөөг хүрлээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин түүнийг өмгөөллийн үйл ажиллагаагаа эрхэм гишүүний арьсаар үргэлжлүүлэх нь ёс бус гэдгийг сануулав.
Хариуд нь эрхэм гишүүн “Би өмгөөлөөгүй” гэсэн эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй юм ярьж сууна. Өнгөрсөн хугацаанд “Энхбаярыг хэн өмгөөлсөн бэ” гэсэн асуулт тавибал монголчууд дуу нэгтэй О.Баасанхүү гэж хариулах нь гарцаагүй. Нөхөр Энхбаярыг ТВ-9 сэтгүүлч Н.Отгон, Н.Баярмаа, Н.Бүжинлхам, гудамжнаа тэмцээд ордонд заларсан З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар шиг өмгөөлсөн хүмүүс байхгүй.
Тэдний хүчээр МАХН анх удаа, магадгүй эцсийн удаа УИХ-д зургаан суудалтай болсон. Мэдээж хөрөнгө, мөнгөтэй Н.Энхбаяр болон түүний гэр бүл тэдний зүтгэлийг чамгүй үнэлсэн биз. Бурхан шашин шүтдэг тэдний гэр бүлийнхэн дээрх эрхмүүдийг хойт насандаа биш гэхэд энэ яваа насандаа мартахгүй байх. Харин О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар УИХ-ын гишүүний нэрээр Н.Энхбаярыг өмгөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа дэндсэн хэрэг болно.
Тэр тусмаа сонгогчдоо доромжилсон хэрэг болно. Монголын улс төрийг нийтэд буруу ойлгуулах алхам болж байна. МАХН бол улс төрийн хүчин хэмээн шүүхэд бүртгүүлсэн байдаг. Тэр тусмаа парламентад бүлэгтэй улс төрийн хүчин нийт монголчуудын төлөө хууль батлах үүрэгтэй. Харамсалтай нь УИХ дахь МАХН-ын гишүүдийн явуулж байгаа үйл ажиллагааг харахад Энхбаярын төлөө зүтгэсэн гэхээсээ илүү зусардсан, дүр үзүүлсэн хэлбэр нь давамгайлах боллоо.
Гэхдээ тэд хувь хүний хувьд хэндээ, яаж аяглах нь монголчуудад сонин биш. Харин хэний мөнгийг юунд зарцуулж байгаагаа мэдэж байна уу гэдэг нь сонин. Гэр хорооллын хамгийн орлого багатай иргэд л наранцэцэгийн 100 грамм тос авахдаа ч арван хувийн татвар төлж авдаг. Тэд энэ мөнгөө эмнэлэг, сургууль барихад зориулж байгаа гэж сэтгэдэг.
Харамсалтай нь хэдэн сая төгрөгөөр тоологдох эрхэм гишүүдийн зардал Монголын шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг хэрэгсэхгүй болгоход зарцуулагдаж байна. Энэ бол монголчуудыг тэр тусмаа төрийг доромжилсюн хэрэг юм. “АХА” нэвтрүүлэгт орсон нэгэн хүүхэд “Хязгааргүй эрхтэй хүнийг хэн гэдэг вэ” гэсэн асуултад “Энхбаяр” гэж хариулсан тухай хошигнол байдаг.
Тэгвэл өнөөдөр “МАХН гэж ямар намыг хэлэх вэ” гэсэн асуултанд “Энхбаярыг өмгөөлөх зорилготой нам” хэмээн хариулж болох нь. Өнгөрсөн мягмар гаригт “Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудаар явах” тухай зар тарсан. Мэдээж хорих ангиудаар явна гэхээр сэтгүүлчийн арми дагалгүй яахав. Хачирхалтай нь УИХ-ын дэд хорооныхон хорих ангиар шоудна чинээ сэтгүүлчид санасангүй.
Ядарсан зүдэрсэн хоригдлуудын эрхийг хамгаалах тухай асуудал хэмээн очсон сэтгүүлчид дахиад л Н.Энхбаярын нэрээр О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёр шоудахыг харлаа. МАХН-ынхан нэг хэвлэлийн бага хурал хийхдээ Энхбаяр ирнэ гэж тарааж сэтгүүлчдийг цуглуулдаг технологитой байсан. Харин өнөөдөр Энхбаярыг нь тоохгүй болохоор эрхэм гишүүний нэрээр сэтгүүлчдийг цуглуулдаг болсон бололтой юм.
Ингэх тусам л Н.Энхбаярын нэр унана. МАХН-ынхан Н.Энхбаяр гэдэг нэрийн дор нам байгуулсан. Н.Энхбаяр гэдэг нэрийн дор зургаан гишүүн УИХ-д орсон гэж сэтгэдэг. Тэгвэл МУИС-ийн улс төр судлалын ангийн оюутны хэлж буйгаар бол МАХН гэдэг нэр л тус намд дөрвөн суудал өгсөн гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ МАХН хоёр суудалтай нам гэж үзэж болох нь.
Эндээс “Яагаад тус намын УИХ дахь гишүүд Энхбаярт өртэй мэт зүтгэж байна” гэсэн асуулт гарна. Зарим сэтгүүлчдийн хэлж буйгаар бол эрхэм гишүүд малаар бол эргүүтсэн төлөг болчихоод байгаа гэнэ. Улс төр гэдэг нь хатуу самар аж. Ихэнх улстөрчид ухуулах хуудас наах мөнгөнөөс эхлээд, уриа бичих даавууны мөнгө олох гэж он цагийг туулж ирсэн. түүхтэй байдаг гэнэ.
Сумын начин болж байж улсын арслан болдог гэдэг. Харин улс төрд сумын начингаа олон дахин давж байж аймгийн арслан болдог зарчимтай. Өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлд ирээд УБХ-ын гишүүдийн байранд орж баярлаж явсан түүхтэй. УИХ- ын дарга З.Энхболд ганзгын наймаа хийж явсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг намаа санхүүжүүлэх сонин зарж байсан.
Улсын баатар Э.Бат-Үүл МоАХ-н байрны түрээсийг төлөх гэж видео ажиллуулж байсан гээд бод доо. Тэдний улс төрийн түүх бол “Хугараагүй ноён нуруу”, “ ЁСТОЙ хүний тухай тууж”, “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг зохиолтой дүйцнэ. Тэд улс төрийн энэ тавцанд хүрэхийн тулд ганц олдох залуу насаа зольсон. Хэн нэгний төлөө биш. Нийт монголчуудынхаа төлөө.
Хожим тэд монголын түүхэнд Бодоо, Данзан, Лосол, Догсом шиг л дурсагдана. Ямар ч сонин хэвлэлээс тэднийг ямар нэгэн хувийн тоглолт хийсэн тухай баримт олж харахгүй. Тэгвэл өнгөрсөн таван сарын парламентын түүхийг харвал МАХН-ынхан хэний юуны төлөө ажиллсан нь хар дээр цагаанаар үлдэнэ. Хэдхэн жилийн дараа монголын парламентад ямар жудаггүй гарууд шургалсан байхыг өсвөр үеийнхэн уншаад ойлгохгүй.
Хаанаас гарч ирсэн хэн бэ гэдгийг сонирхох нь гарцаагүй. Интернэт хөгжсөн өнөө цагт дээрх эрхмүүд шууд л хэд хэдэн телевизээр сурталчилгаагаа эхэлсэн байдаг. Тэд суманд салбар байгуулах зовлон үзээгүй. Ямар ч ухуулах хуудас нааж хөхөө өвлийн хүйтэнд гараа хөлдөөх шаардлага гараагүй. Үйл тамаа цайж байж олдог эрхэм гишүүний суудал хэдэн удаа телевизээр жүжиглээд л тэдэнд олдсон.
Тийм учраас тэд УИХ-ын суудпын үнэ, зорилгыг мэдэхгүй ганц хүнд үйлчлэх ёстой мэт сэтгээд байгаа гэнэ. Тэр хэрээрээ сэтгүүлчдээс улс төрийн эргүү төлөг хоч аваад байгаа аж. Хувирч, хямарч байгаа тэднийг зарим лам нар “Хувилгаан ч тэдэн шиг эрхэм гишүүн болж хувираад Энхбаярыг өмөөрч чадахгүй” гэж байна.
Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: