Халтиргаанаас үүдэлтэй хохирлоо барагдуулж болох аж
Аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмынхоо цасыг цэвэрлэх үүрэгтэй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчид өмнөх журмыг дахин авч хэлэлцээд “Байгууллага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага” хэмээх заалт нэмж оруулжээ. Өөрчлөлтөер байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах аж.
Мөн журмын нэмэлтэд байгууллага, аж ахуй нэгжүүд эзэмшил газраасаа гадна орчмын 50 метрт байх нийтийн эзэмшлийн зам талбайн хог, цасыг цэвэрлэж, тохижилтыг хариуцна гэсэн заалтыг оруулсан байна. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах гэнэ.
Ингэснээр AAH байгууллагуудын нийгмийн хариуцлагаа биелүүлэх нэг үүрэг, хүлээлгэх хариуцлага тодорхой болж байна. Харин энэ үүргээ хэрхэн биелүүлж байгаа, тэдэнд тавих хяналт шаардлага хэр байгаа тал дээр дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, тохижилт үйлчилгээний компани болон иргэд үүргээ биелүүлээгүй байгууллагад шаардлага тавьж болох аж.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булганаас тодрууллаа.
Хохирлоо баталгаажуулах нь хохирлоо барагдуулахад дөхөм байдаг
-Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хичнээн байгууллага байдаг вэ?
-Манай дүүрэгт тогтмол үйл ажиллагаа явуулдаг 3000 орчим аж ахуй нэгж байгуулла байдаг. Үүнд төрийн болоод хувийн хэвшлийн бүх байгууллага хамрагдаж байгаа.
-Иргэд ямар нэг байгууллагын өмнө явж байгаад халтирч унаж хөл гараа бэртээвэл хэнд хандаж хохирлоо барагдуулах вэ?
-Ямар нэг байгууллагын орчмын 50 метрт унаж бэртсэн бол тэр байгууллага эмчилгээний зардлыг нь төлөх үүрэгтэй. Мөн машинтай явж байгаа мөргөлдөх, осол гаргасан тохиолдолд эмчилгээний зардал болон олох орлогыг нөхөн төлнө. Иргэд тухайн ААН байгууллагад хандаж гомдол гаргаж нэхэмжилж болно.
-Нэхэмжлээд гомдлыг нь барагдуулахгүй бол яах вэ?
-Иргэд шүүхээр шийдүүлж болно. Мөн дүүргийнхээ ҮҮХ болон Мэргэжлийн хяналтын газарт хандвал тухайн байгууллага зохих арга хэмжээ авна.
-Ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Журмын “Байгууллага аж ахуйн нэгжийн хүлээлгэх хариуцлага” хэмээх заалтад байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцлана.
Мөн журмын нэмэлтэд байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газраасаа гадна нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр зайн хог, цасыг цэвэрлэж, тохижилтыг хариуцна гэсэн заалтыг бас оруулсан байна лээ. Хог хаягдлын тухай хуульд зааснаар бас торгох арга хэмжээ бий. Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно.
-Журманд заасан үүргээ биелүүлж байгаа эсэхийг шалгаж байгаа юу?
-Шаарддаг, шалгадаг. Орчмын зам талбайн хог, цасаа цэвэрлэж байна уу үгүй юү гэдэг нь бидний нүдэнд ил харагддаг. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд байгууллагууд ерөнхийдөө үүргээ биелүүлж эхэлж л байна. Хамгийн гол нь иргэд энэ талаар сайн мэдэж авмаар байна. Унаад бэртдэг, машинаа мөргөлдүүлээд хохирлоо гэхэд хохирлоо барагдуулж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Хохирсон байдлаа баталгаажуулах нь гомдол гаргаж хохирлоо барагдуулахад дөхөмтэй байдаг.
Б.Зул
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: