Төрийн албыг шинэчлэх үү
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Зүмбэрэллхам өчигдөр ажлаа өглөө. Түүний оронд Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог УИХ-аас томиллоо. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн санал болгосноор түүнийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох тухай асуудлыг УИХ-ын гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэн юм. Тэрбээр 1956 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн, инженер эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 1981 оноос хойш өнөөг хүртэл ажилласан. Дунд нь 2005-2009 онд “Крафт Интернэшнл” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2009 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан юм байна. Шинэ дарга Б.Цогоогийн талаар одоохондоо иймэрхүү мэдээлэл ил байгаа юм. Ямартай ч УИХ-ын гишүүд түүнийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилохдоо төрийн албыг шинэчлэх, хууль зөрчсөн байдлыг арилгах, Засаг дарга нарын томилгоог түргэвчлэх гэх мэт олон зүйлийг захиж, хариуцлагатай ажиллахыг сануулсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн алба төрлийн алба болсон гэх шүүмжлэлийг сөрөг хүчнийхэн хэлсээр байгаа. Одоо түүнд төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцлийг хангах, хамгийн гол нь улс төрөөс хараат бус байлгах хариуцлага ирлээ. Энэ мэт олон ажил шинэ дарга Б.Цогоогийн өмнө тулгараад байна. Өмнөх дарга Б.Зүмбэрэллхам ажлаа хэр сайн хийснийг мэдэхгүй ч Төрийн албаны зөвлөлийг шинэчлэх үүрэг Б.Цогоод ногдлоо. Тэр харин ажлаа хэр сайн хийхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Л.Энхдэлгэр
URL: