Ерөнхий сайдаар пиараа хийлгэе

Яг сарын дараа Монголын уламжлалт томоохон баяруу­дын нэг цагаан сар болох гэж байна. Харин энэ баяраа монголчууд хамгийн их зардал гаргадаг, хамгийн хүнд баяруудын нэг гэж үздэг.  Арга ч үгүй биз. Өнөөдөр л гэхэд банкнуудын үүдэнд тэтгэврийн хэдэн бор “юмаа” хэдэн сараар нь зээлэх, эх орныхоо хишиг хувийг хүртэх гэсэн хөгшид гурван есийн жаврыг үл ажран дугаарлаж байна. Монголчууд ийм л сэтгэлтэй ард түмэн. Цагаан сарыг төвөгшөөж, тээршааж болдоггүй юм гэсэн. Тэгэхээр харин ч бүр өргөн дэлгэр тэмдэглэмээр. Дээхэн үед говийн ганц бие нэг эр таван ханатай гэрээ зараад шинэлж байсан юм гэнэ лээ. Тэр хожим урт насалж, үр ачаа үзэж өнөр сайхан өрх бүлтэй болсон гэж эмээ минь хуучилж байсан санагдана. Ийм л сайхан билэг дэмбэрэлтэй баярыг хэзээ ч цааргалж, төвөгшөөж болохгүй гэж захидаг байж билээ. УИХ дахь “охид” цагаан сараа уламжлалаа дагаж сайхан тэмдэглэе гээд хүмүүст элэглүүлж, элэгдүүлж эхэллээ. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг маань ангийнхаа “охид”-ыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг мөн ч сайхан сурталчилж байх чинь билээ. “Шинэчилж шийдье-2222” уулзалтынхаа үеэр үндэсний гэсэн тодотголтой юуг ч хийж, бүтээдэг компаниудын төлөөллийг цуглуулчихсан “Энэ ч гоё оймс байна, тэр ч сайхан хантааз байна, ийм ч аятайхан уут савтай юм байна” гэхчлэн рекламдав. Манай рекламны “акул”-уудыг ажилгүй болгох шахаж байна билээ. Засгийн газрын тэргүүн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, сурталчлаад бай­гааг нь хараад нээрээ гоё уут савтай 1000 төгрөгийн ааруулаас бөөндөж аваад хүүхэд багачууддаа өгдөг ч юм бил үү гэж бодогдсон шүү. Олон хүнд тэгж санагдсан байх. Хөгшиддөө 37 мянган төгрөгийн үнэтэй хонины ноосон хөнжил авч бэлэглэвэл сайхан бэлэг болох юм байна гэж Ерөнхий сайд маань рекламдсан. Санадаг л санаа.  Зовж олсон хэдэн төгрөгөөрөө хятадуудад хөрөнгө оруулалт хийж байснаас үндэснийхээ бизнесмэнүүдэд өгч яагаад болохгүй гэж.

Ингэхэд ерөөсөө үндэсний үйлдвэрлэгч компаниудын маркетингийнхан Ерөнхий сайдаар бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахад болохгүй нь юу байхав. АПУ, “Өгөөж”-өөс эхлээд архи, ул боовоо рекламдуулбал бүтээгдэхүүнээ борлуулах гэж зовохгүй, аятай юу.  Харин Ерөнхий сайд маань рекламанд тоглох секундын үнээ хэд гэж халаах бол оо.

 

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих