Ерөнхий сайдын зуурдын “албат”

Зургаан аймгийн Засаг даргыг зуурдын байдлаар томилох гэнэ. Энэ нь үүрэг гүйцэтгэгч гэсэн шинэ нэр томьёонд хамаарах тухай шинэчлэлийн Засгийн газрынхан бодож олжээ. Мэдээж, хуульд энэ ойлголтыг халаад удаж байгаа. Аавыг хүүг алагчилсан байдлаар төрийг хуулийг уландаа гишгэж байгаа ардчиллынханд үүнээс өөр арга ухаан олдоогүй бололтой юм. Учир нь МАН ялалт байгуулсан газруудад хэл ам хэрүүл шуугиан хийж, Засаг дарга нарыг нь батламжлаагүй. Харин эрх баригчдын үе халаа болох цэнхэртсэн аймгуудын Засаг ноёныг хэдийнэ батламжлаад, тамга тэмдгийг нь өвөртлүүлчихсэн гэж байгаа. Тэгсэн атлаа улаан туг мандсан аймгуудын Засаг даргад нэр дэвшигчийг буцааж, хүлээж авахгүй байгаа гэх. Хүний өнгө үзэмж, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж суух нь ардчилсан Ерөнхий сайдын арга барил биш л байлтай. Ер нь Ардчилсан хүчин ялж байсан тэртээх 1996 оны үйл явдал давтагдаад байх шиг.

Уриа лоозон барьж, төв талбай дээр жагсаал зохион байгуулсан ардчиллынхан төрийн эрхэнд гарсан даруйдаа бусниулах ажиллагааг жинхэнэ утгаар нь хийсэн. Дөрвөн жилийн дотор дөрвөн ч Засгийн газрын нүүр үзэж, хувьчлалын нэрийдлээр ардчиллынхан халаасаа түнтийлгэв. Тэгвэл М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ж.Наранцацралтыг Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Үүнээс болж тухайн үеийн Засгийн газрын тэргүүнийг ИТХ-ын эрх хэмжээнд халдсан хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байдаг. Үндсэн хуулийн Цэц 1996 онд 10 тоот дүгнэлт, Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн болохыг баталж, 1997 онд 02 тоот дүгнэлтээ хавсаргасан байсан нь өнөөдөр архивт бий. Тэрхүү Үндсэн хуулийн Цэцсийн 1996 оны 10 тоот дүгнэлтэд “Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын хууль ёсны орлогч ажил үүргээ гүйцэтгэсээр байхад нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр захирамж гарган томилсон нь Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” хэмээн дурьдсан байдаг. Улмаар Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүй болгох тухай шийдвэр ч тэнд бий.

Ийн атал АН-ынхан дээрх үйлдлээ давтав. Тэр ч бүү хэл, Хөвсгөл, Дорнод аймгуудад Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нарыг хэдийнэ томилсон гэх яриа ч чих дэлсээд байгаа. Үлдсэн аймгуудын асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулж, үүрэг гүйцэтгэгч нарыг томилох тухай Төрийн ордонд түймэр мэт дүрэлзлээ. Ах намынхан энэ талаар сонсч, дуулж байсан ч удтал чимээгүй байсны эцэст нь ам нээж, хэвлэлийн бага хурал хийв. Мэдээж, ардчиллынхан үйлдлээ давтсан тул МАН-ынхан Үндсэн хуулийн Цэцэд хандахаа илэрхийллээ. Гомдол гаргаж, дээрх шийдвэрүүд нь хууль зөрчсөн болохыг бататгаж, хүчингүй болгон. Гэхдээ АН-ынхан өрсөөд хуульдаа өөрчлөлт оруулчихгүй бол шүү дээ.

16 жилийн дараа олонхи биш ч олон болсон “бяцхан” эрх баригчид хуулийн дээс алхахаа шинэчлэл гэж тайлбарласаар чихэнд дасгачихаж. Анхдугаар чуулгын хуралдаанаасаа хуулийн дээс давчихвал хуульдаа өөрчлөлт оруулж, зам мөрөө тэгшлээд л боллоо. Тэр үед цөөнх ч байсангүй, ах намынхан ажилдаа ч “ирдэггүй” байлаа. Учир нь бүлгээ нэхэмжилж, арга ухаан сийлээд завгүй гүйсэн хэрэг. Тэгвэл АН-ынхан амташсан ам дахин нэг хуульд шинэчлэл хийхэд хүргэх бололтой.

Одоогийн байдлаар Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаалтай олон хүн бий. Жинхэлчихэж болдоггүй жирийн бус дарга нарыг АН-ынхан хэдий болтол далдлаж нуух юм бүү мэд. Тухайн үед нь мөн л Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх албан тушаал хуульд байхгүй гэж зарим нэгний амнаас цухалзаж байсан ч эрх баригчид тоогоогүй. Тоох нь битгий хэл тонгойж ч сонсоогүй юм даг. Шударга Ерөнхийлөгч ч энэ бүхнийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх болов. Ардчиллынханд таалагдахын тулд батлахаа сольж байж, тамгаа авах ёстой юу, Ерөнхий сайд аа. Эсвэл хуульд байхгүй албан тушаалтнуудын дор бөхөлзөж амьдрах учиртай юу, Ерөнхийлөгч өө.

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих