Сэтгэгдлээр сэтгэл зүсэгчдэд хагас эрх чөлөө нь хангалттай

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нэгэн огцом шийдвэр гар­гасан. Тэр нь нийт хэв­лэл, мэдээллийн хэрэгсэл гэхээс илүүтэй мэдээллийн сай­туу­дын дургүйг хүргэж бай­на. Тэд дургүйцлээ зөв­хөн мэдэгдэл төдийхнөөр илэр­хийлээд зогсохгүй Монгол Ул­сын ардчиллын үнэ цэн, хамгаалалтын хэмжээнд авч үзэх аж. Тэгэх нь арга ч үгүй. Сэтгэгдлээр дамжуулж уншигчдынхаа тоог илэр­хийлж, хүртээмжийнхээ цар хүрээг тодорхойлдог учраас ийн буруушаах нь тэдний зөв. Хэрэв Засгийн газраас “Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэлээ” гэсэн шигээ “Хэвлэл захиалгыг автоматжуулна” гэсэн тэнэг балай зорилго тавибал хэв­лэлийнхэн ч гэсэн эсэр­гүүцэх нь тодорхой.

 

 

Ядахад сайтуудын сэтгэгдлийг нэр хаягаа зарлаж бичдэг бол­гох зорилгоо жинхэнэ утгаар нь хэрэгжүүлбэл “Монголд хүний эрхийг хэн хамгаалах вэ” гэдэг л бол­но байх. Гэхдээ энд санал нийлэхгүй хүчин зүйл гэж бас бий.

Сэтгэгдлээр дамжуулан хувь хүний нэр төр, биз­несийн байгуул­лагын үйл ажиллагаанд сэв суулгасан тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ. Ер нь энд хариуцлага хүлээлгэх шаард­лагатай юу. Энэ бол Засгийн газрын шийдвэрийг зөвхөн нэг өнцгөөр нь хүлээн зөвшөөрөх үндсэн шалтгаан. Товчхондоо сэтгэгдлээр дамжуулан сэтгэл зүсэгчдэд хагас эрх чөлөө хангалттай гэсэн үг юм. Тэд сэтгэгдлээр дамжуулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр од бологчдыг төдийгүй өөрсдийн дургүй хүн бүрээ элэглэн шоолж, элдвээр нь гоочилж, амийг нь авахаас наахнуур болдгийг бид мэднэ. Энэ дунд сэтгүүлчдийн хувьд бол бүр хэлэх ч юм биш. Асуудлыг аль ч өнцгөөс нь харж бичсэнээсээ болж худалдагдсан гэх гэм нүгэлд унах бөгөөд эмэгтэй сэтгүүлчдийн хувьд “янхан” гэх ганцхан тодорхойлолтоор амь амьдралаа доромжлуулах нь бий. Азтай нэгнийх нь хувьд эр нөхөр нь ойлгоод “Энэ балай гарууд юу гээд байгаа юм” гэх маягаар инээд наргиа болгоод өнгөрнө. Азгүй олонхийнх нь хувьд гэр бүл салж сарних нэг үндэс болдгийг энд нуугаад байх шаардлагагүй. Хартай хүнд юу болгон эр хүн болгож харагддаг гэж үзвэл сэтгэгдэл бичигчдийн үг “Зайлшгүй үнэн” гэсэн гаргалгаанд хүргэж, зодох, хараан тамлах, элдвээр нь дарамтлах эш үндэс болж байна. Эс бол нас биенд хүрсэн үр хүүхдэд нь ээжийг нь, эцгийг нь “Энэ хорвоогийн хамгийн муухай амьтан” болгон харагдуулах ид шид ч энэ элдвийн сэтгэгдэл гэгчид бий. Гэхдээ энэ бол энгийн л жишээ. Түүгээр ч зогсохгүй цаг үргэлж гэр бүл рүү нь дайрсан дайралт, үхэж дуусахыг хараасан хараал энд цуглараастай. Өнөөдөр Монголын төр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд ирсэн эзэн биегүй заналхийллийн захианы эзнийг ердөө 20 хоногийн дотор л олчихож байна. Гэм буруутай этгээдийг олж, сайдыг ажлаа хийснийх нь төлөө заналхийлэн “Ард чинь автомашины осол, хоолонд чинь хор гэж бий шүү. Араа харж яваарай” хэмээн сүрдүүлснийх нь төлөө энэ мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Тэгвэл жирийн нэг сэтгүүлч рүү цаг үргэлж ирдэг доромжлол, гүтгэлэг, заналхийллыг Монголын төр  хэзээ ингэж шалгаж байсан юм бэ. Хэзээ урлагийн оддыг амь, амьдралаар нь доромжилж, авгай хүүхэн нь голдоо ортол гомдмоор тийм сэтгэгдлээр дарангуйлж байхад эрүү үүсгэж байсан юм бэ. Улстөрчдийн хувьд ч адилхан. Хүн л болсон юм хойно тэдэнд эзнийг нь олоод элдвээр нь хэлж, хориулж цагдуулдаггүй юм гэхэд “Одоо болсон юм биш үү дээ” гээд хэлчих хүсэл байж л байгаа. Ийм байсаар байхад яагаад бид бүхэн нийгмээрээ, нийтээрээ 20 орчим жил сэтгэгдэлд дарангуйлуулж, сэтгэгдлээр алуулж, сэтгэгдлээр гүтгүүлж, сэтгэгдлээр амьдралынхаа баяр баясгаланг устгуулж амьдрах ёстой юм бэ.

Гэхдээ энд нийтлэлч Б.Баабар тэргүүтэй олон жилийн өмнө өөрийг нь сэтгэгдлээр дамжуулан доромжлогчийг олж мэдээд одоо тоохоо больсон хүмүүс мэр сэр бий гэдэг. Мэдээж олонхи биш. Бүх хүнд ийм боломж нь байгаад байгаа юм биш. Тэгэхээр хэнийг нь мэдэх эрх чөлөөг тэртээ тэргүй нэг хэсэг нь эдлээд байхад бусад нь яагаад эдэлж болохгүй гэж. Гол нь доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн сэтгэгдлийн тухайд. Харин үзэл бодол бол өөр хэрэг. Үзэл бодол илэрхийлсэн бүрийг олж тогтоогоод хорьж шалгаад байна гэвэл яаж ч бодсон утгагүй хэрэг. Тэгэхээр үзэл бодол хийгээд доромжлол, гүтгэлэг, заналхийлэл гэсэн сэтгэгдлийн тодорхойлолтыг илүү тодорхой болгоод түүнийхээ дагуу арга хэмжээ авахад алдаа болохгүй биз. Тэр үед сэтгэгдлээр сэтгэл зүсэгчид номондоо орж, өрөөл бусдад ч гэсэн өөрийнх нь нэгэн адил эрхэмлэх нэр төр, ээж аав, энхрий үрс, эргэж буцахаас айдаг хань ижил гэж бий гэдгийг ойлгох болов уу. Тэгэхгүй бол алийн болгон хутгаа нуусан алуурчны гарт сэтгэлээ зүсүүлсээр байх вэ дээ. Амьдралд айх юм тэртэй тэргүй олон байна.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих