Нинжа нарын сүйтгэсэн газрыг төрөөс нөхөн сэргээнэ

Он гарсаар ашигт малтмалын салбарт хамгийн эхэлж хийгдэх ажлуудын тоонд ашигт малтмалын зориулалтаар олборлолт хийгээд сүйдсэн газар нутагт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжээр нь нөхөн сэргээлт хийлгэх ажил орсон бөгөөд удахгүй өрнөх аж.

Харин нинжа нарын сүйдсэн болон социализмын үеийн газрууд, зөвхөн уурхайн чиглэлээр бус цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудыг төсөвт хөрөнгө суулган нөхөн сэргээлтийг нь хариуцах юм байна.

Одоогоор манай улсын 15 аймгийн 4000 орчим га талбай 350 орчим цэг дээр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага гарч байгаа. Хэд хэдэн удаагийн шалгалт шинжилгээгээр дээрх газрууд тогтоогдсон байна.

Ашигт малтмалын чиглэлээр олборлолт хийгээд тухайн аж ахуй нэгж нь хүчин төгөлдөр ажиллаж байгаа бол нөхөн сэргээлтийг заавал хийлгэхээр болжээ. Хэрэв байгаль орчны нөхөн сэргээлтээ аж ахуй нэгжүүд хийгээгүй тохиолдолд лицензийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох шүүхэд хүргүүлэх зэрэг арга хэмжээг салбарын яамнаас авахаар болсон байна.

Ашигт малтмалыг нь олборлож ашиг олчихоод эцэст нь тухайн газраа хаяад явсан олон жишээ бий. Энэ тохиолдолд тухайн орон нутагт амьдардаг иргэд малчид горыг нь амсаж байгаа тул нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нөхөн сэргээлтээ хийж байх хэрэгтэй гэдгийг онцолж байгаа юм.

М.Ариунсувд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих