Хүний эрх зөрчигдсөөр байхад сохор, дүлий мэт байдгийг халах цаг болсон

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд уржигдар хорих ангиудаар явж сэжигтэн, ялтнуудын эрх зөрчигдөж байгаа эсэхтэй танилцсан талаар бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.
Гэхдээ тус хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар Дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангид эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай хэвлэлийнхнээс далд хоёр цаг орчим хугацаанд уулзсаныг эс тооцвол тэдгээр хориход хоригдож буй хүмүүсийн үнэн бодит байдлыг төдийлөн сонирхсонгүй.
Зөвхөн ангийн дарга нараас л хорих ангийн байр сууц, хоригдлуудын талаар тойм мэдээ сонсов. Бид хамгийн сүүлд буюу 15.00 цагийн үед Урьдчилан хорих 461 дүгээр ангид очлоо. Энэ үед УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ намын даргатайгаа уулзаад боллоо гэсэн мэт буцаж, Ж.Батзандан ирсэн ч сэтгүүлчидтэй хамт явалгүй зай барьсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр бол тэрбээр дөрвөн давхарт хоригдож буй нэгэн хүнтэй уулзсан аж. Харин биднийг бусад гишүүд дагуулан түр саатуулах энэ хорих ангийн 1-2 дугаар давхарт хоригдож буй сэжигтнүүдтэй уулзлаа.
Харуусал, гомдол, нулимсанд живсэн 461 дугаар анги
Хаашаа л харна төмөр сараалжин тор хяхтнах агаад торны цаана хоригдсон хүмүүс хоёр, гурваараа байх ажээ. Тэдний олонхи нь алхам тутамдаа амны уншлага мэт “Хүний эрх” хэмээн бувтнах ажлын хэсгийнхнийг дагуулан харж, үнэн мөнийг олуулахыг хүсэн аврал эрж байв.
Түүнчлэн дагалдан яваа сэтгүүлчидтэй цөөн хором ярихыг хүсэв ч харгалзагчид болон ангийн удирдлагууд уулзуулахыг хүссэнгүй. Зөвхөн О.Баасанхүү, Д.Ганбат, О.Алтангэрэл нар л сэжигтнүүдээс асуулт асууж болох мэт авирлаж байлаа. Ер нь хүний эрх хамгийн их зөрчигдөж буй газар бол яахын аргагүй ШШГЕГ-ын харьяа цагдан хорих энэхүү 461 дүгээр анги юм.
Хүмүүжигчдэд хичээл зааж буй нь
Гэхдээ ШШГЕГ-аас шалтгаалалгүйгээр хүний эрх зөрчигддөг гэж тодотгож болно. Учир нь энэхүү хорих анги манай улсдаа байдаг зориулалтын барилгатай ганц газар. Харин мөрдөн байцаагчид тэнд буй зарим хүний эрхийг яаж ноцтойгоор зөрчдөг нь сараалжин торны цаана суугаа дурын эрхэмтэй уулзахад л илхэн байв.
Өөрөөр хэлбэл, сэжигтнээр татагдан нэгээс дээш жил саатуулагдсан хүн олон байлаа. Тэднийг хоригдох хугацаанд мөрдөн байцаагч нь огт ирээгүй, зарим нь жилд нэг л удаа ирж байцаалт авсан гэх аж. Харин байцаалт авахдаа үнэ зөвийг олохоосоо илүү ял тулгаж “Чи хэргээ хүлээхгүй бол эндээ хатаж үх” гэдэг гэнэ.
Хүмүүжигчдийн байр
Тухайлбал, машины хулгайд сэжиглэгдэж буй иргэн М хоригдоод нэг жил болж байгаа юм байна. Гэтэл энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Н.Болор-Эрдэнэ ганцхан удаа ирж байцаалт авсан хэмээн сэжигтэн ихэд гомдоллов.
Тэрбээр “Би өлсгөлөн зарлах гэж байгаа. Эмчид үзүүлсэн. Хариу нь ирэхээр хуурай, эсвэл өлсгөлөн зарлана. Монголын төр иргэнээ мартаж байгаад би маш их харамсч байна” гэсэн юм. Харгалзагчдын дэргэд “Н.Болор-Эрдэнэ ганцхан удаа ирсэн” гэж хэлснийг бодоход худлаа гэх аргагүй.
Тиймээс мөрдөн байцаагч нь түүнийг мартсанаас зайлахгүй хэмээн олон хүн дүгнэлээ. Түүнчлэн малын хулгайн хэргээр хоригдож буй Г 11 жилийн ял сонссон ч саяхан хэрэг нь дахин мөрдөн байцаалтад буцжээ. Г алдарт уяач Ононгийн адуунаас адуу хулгайлсан хэрэгт сэжиглэгджээ.
Тэрбээр хулгайн 5-7 удаагийн үйлдлээ хүлээсэн ч мөрдөн байцаагч дээр нь нэмж эзэнгүй хэрэг тулгаж байгаа ажээ. Ингэхдээ нэг адууг, тэр бүү хэл унагыг таван саяар үнэлж 150 сая төгрөгийн хохирол нэхэмжилсэн байна. Эрчүүдийн саатуулагдаж буй хэсгээс эмэгчтэйчүүдийнх рүү ороход л уй гашуу мэдрэгдэх бөгөөд гомдол, харуусал дүүрэн нулимстай харцаар угтах ажээ.
Тэдний дунд үнэхээр хэлмэгдсэн гэмээр нэгэн байхад, хэргээ хүлээсэн ч хорих уруу шилжүүлэхгүй байгаа гэх эхчүүд олон байна. Мөн хийсэн хэрэгт нь ногдуулсан ялын хэмжээг хүнд байна гэх хүмүүс ч байв. Тухайлбал, 2011 онд иргэдийг олноор нь залилж байсан сүлжээ болох “Байгаль эрдэнэ сан” ТББ-ынхан буюу Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг. н.Бай галь маа нар энэ хорих ангид саатуулагдаж байна.
Тэд “Хүний амь хөнөөсөн хүмүүст ногдуулах ялын хэмжээ залилантай ижил байна. Хүний амиас үнэтэй мөнгө байдаг гэж үү” хэмээн ажлын хэсгийнхээс асуусан. Тэд ч бас удахгүй өлсгөлөн зарлана гэдгээ ч дуулгав. Энэ үеэр Ч.Баттуул гэгч эмэгтэйтэй бас уулзлаа.
Түүнийг АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг өнгөрсөн оны нэгдүгээр сард Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудаж хөнөөсөн хэмээн сэжиглэж байгаа юм. Тэрбээр хэрэг мөрдөн байцаалтад байгаа гэснээс илүү зүйл ярихыг хүссэнгүй.
Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Корейн эйрлайнз” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Филиппин Улсын иргэн Тереси Эвангли Бендог 5.45 кг героин авчирч, манай улсын иргэн Э.Алтантуяад дамжуулахыг завдсан хэмээн сэжиглэн саатуулсан.
Тэдний хэргийг өнгөрөгч даваа гаригч Хан- Уул дүүргийн шүүхэд хэлэлцээд чанга дэглэмтэй хорих ангид 18 жил хорих ялаар шийтгэсэн байна. Бид хорих саатуулах байраар явж байхдаа Тереси Эвангли Бендотой уулзав. Тэрбээр “Монгол Улсын шүүхийн шийдвэр зөв гарсан гэж бодож байна.
Би хийсэн хэрэгтээ тохирох ялаар шийтгүүлсэн” хэмээн ярив. Ямартай ч энэхүү Урьдчилан хорих 461 дүгээр ангид гомдол, харуусал, нулимс дүүрэн байлаа. Харин энэ асуудлыг маш нарийн шалгаж, хүний эрхийн зөрчлийг арилгахаа Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү.
Хууль зүй яамны Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Алтангэрэл нар хоригдож буй хүмүүст дуулгасан юм. Хүний эрх зөрчигдсөөр байхад сохор, дүлий мэт байдгийг халж, энэ тухай бодлогыг шинэ батлагдах хуульд түлхүү тусгаж буйгаа хэлсэн.
М.НАРАНБОЛД

URL:

Сэтгэгдэл бичих