“Ховор хүн” Амгаланбаяр дахин Засаг дарга болохын тулд АН-тай сэм хуйвалдсан уу
Говь-Алтай аймгийн Засаг дарга Бямбажав хүндэтгэх шалтгаанаар өөрийн ажлаа хүлээлгэн өгснөөр Амгаланбаяр гэгч нөхрийн аймгийн засаг ноён болох зам нь тавигдсан аж.
Гэвч энэ томилгоо нь тун хуудуутай болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Амгаланбаяр Говь-Алтай аймагт тоотойхон очиж байснаас хэтрэхгүй бөгөөд түүний улс төрийн карьер нь тун ч нимгэн. Бяцхан түүх сөхвөл мань эр армид алба хашиж байсан ба Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүн Ж.Энхбаяртай зүү орох зайгүй андууд гэнэ. Тиймээс аймгийн Засаг даргын шинэ суудлын асуудал яригдахад Ж.Энхбаяр Амгаланбаярыг “хөтлөн” оруулж ирсэн бөгөөд Засаг дарга томилох хуралд түүний нэрийг дэвшүүлж МАН-ын ихэнх гишүүдийг лоббидон ногоон гэрлээр сонгуулсан түүхтэй.
2012 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн төвд МАН илт давуу ялалт байгуулсан ба сумдад АН-тай ойролцоо санал авсан байна. Удтал хурлаа хийж чадахгүй гацаанд орсон аймгийн ИТХ сая нэг хуралдаж Засаг дарга болон ИТХ-ын томилгоо хийгдлээ. Гэвч хурлын дүн тун ч эргэлзээтэй гарсан бөгөөд “хорчин” Амгаланбаяр МАН-ын нөхдөө талцуулан муудалцуулах ажлыг гардан зохион байгуулснаас гадна өөрөө аймгийн Засаг даргад сонгогдохын тулд хэзээ ч үл найрамдах АН-ынханд ИТХ-ын даргын суудлаа бэлэглэн өөрөө аймгийн Засаг дарга болох нүхээ малтсан гэж эх сурвалж ярьж байна.
Өмнөх 2008-2012 онд Амгаланбаярыг аймгийн Засаг дарга хийсэн хугацаанд МАН-ын рейтинг аймагт илт буурснаас гадна түүнтэй холбоотой элдэв саар мэдээнүүд чих дэлссээр иржээ. Жишээ нь: Говь-Алтай аймгийн уурхайн лиценз эзэмшдэг Хятадын компаниудад тал засан нутаг орны иргэдийн эрх ашгийг хоёрт тавьсаар ирсэн, мөн аймгийн төвд тэр гээд хэлчихээр дорвитой бүтээн байгуулалт хийгдээгүй бөгөөд хөгжлөөрөө Монгол улсад сүүл мушгисаар ирсэний гол буруутнаар Амгаланбаярыг цоллодог гэнэ. Одоогоор тус аймгийн ИТХ-ын даргаар АН-ын дарга Энхбаяр гэгч “нахальный” нөхөр томилогдсон бөгөөд аймгийн Засаг даргаар өнөөх “хорчин” Амгаланбаяр сонгогдсон түүний найруулсан хор амжилттай хэрэгжсэнийг илтгэнэ. Орон нутгийн сонгуульд МАН-ыг ялахад голлох үүрэг гүйцэтгэсэн журамт нөхрөө АН-ынхантай нийлэн золионд гаргаж чадаж байгаа энэ нөхөрт итгэх итгэл буурсаар байгаа аж. Амгаланбаяр Засаг дарга болохын тулд чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн гэдэг нь үүгээр нотлогдож байна. Хийсэн бүтээсэн зүйлтэй, ажлын дадлага туршлагатай нэгнээ золионд гаргаж хэн их урвасан нь улс төрийн толгойд гардаг цөвүүн цаг ирсэн бололтой.
Д.Жагаа
URL: