АН-ын “цөөнх”

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавилаа. Ингэхдээ Компанийн тухай хуультай холбогдуулан 12 асуудлыг хөндсөн байна. Тэр дунд нь Тавантолгой, Оюутолгой ч хамаарч байгаа бололтой юм. Ардчилсан намынхан УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, хамгийн олон суудал аван гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өөрсөд дээрээ төвлөрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд намынхныгаа шүүмжлэх үед нь шүүмжилж суусан ганц хүн бол Р.Амаржаргал гишүүн. Анх олон улсын зах зээл дээр бондоос хөрөнгө босгох шийдвэр гаргах үед “Засгийн газрын бондыг үр ашиггүй зүйлд зарцуулбал өрийн сүлжээ болно” хэмээн ярьж, намынхныгаа ч тэр, иргэдийг ч тэр сэрэмжлүүлсэн хүн нь мөн л тэр юм. Гэтэл өдийг хүртлэх хугацаанд Ардчилсан намынхны хэн нь ч ингэж дуугараагүй юм шүү. Түүнчлэн яам, агентлагийн дарга нарыг томилогдохоос эхлээд УИХ дахь Монгол Ардын намын гишүүд бүлэг байгуулах асуудлыг ямар шалтгаанаар хойшлуулж удааж байгааг хүртэл гүйцэтгэх засаглалын тэргүүнээс асууж байлаа. Уг нь Монгол Ардын намынхан л Ардчилсан намынхныг хий хоосон гоё үгээр “баадуудаж”, популист уриа лоозон бүхий үгнүүдийг хэлэхээс биш ажлаа хийхгүй, хоосон сүржигнэцгээж байна гэж шүүмжилж байсан. Тэгвэл Р.Амаржаргал гишүүн мөн л намынхнаасаа “Нөгөө гоё шинэчлэлээ яаж хийх гээд байгаа нь тодорхойгүй байна” ам асууж байв. Чухамдаа УИХ дахь Монгол Ардын намын гишүүд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна хэмээн гомдоллож суух хооронд тэдний ажлыг Р.Амаржаргал гишүүн сонирхлоороо хийж суусан гэхэд болно. Тэр яах аргагүй л Ардчилсан намын “цөөнх” юм аа.

 

Т.Элиса


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих