ТҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ҮҮ, ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ҮҮ…
2013 онд Монгол Улсын Улс төрийн хамгийн том үйл явдал бол “Төрийн тэргүүн”-ээ сонгох явдал юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж, эх орноо гадаад улс оронд төлөөлдөг тул үйл хөдлөл, бодлого, үйл ажиллагаа нь алсын хараатай, чигч нямбай байх ёстой нь дамжиггүй.
Тийм ч учраас би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн улс төрийнх нь замнал, үг хэл, үйл хөдлөлийг нь өөрийнхөө хэмжээнд анзаарч, ажиглаж явдаг хүний нэг. Тэр ч утгаараа 1990 оноос хойш Монголын улс төрийн бодлогод зонхилогч нөлөөтэй нэгнийх нь хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах явцдаа УИХ-ын чуулганы танхимд ямар хууль санаачилж, ямар бодлого дэвшүүлж, хэрхэн ажиллаж байсан талаар нь жаахан сонирхон судалж архив ухаж үзлээ.
Энэ бүхний эцэст өөрийнхөө хэмжээнд нэгэн сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ нь юу вэ гэвэл Парламентийн гишүүн-улс төрч хүний нийгмийн үнэлэмж, карьерийнх нь өсөлт, бууралтыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон идэвх, үг хэлсэн хугацааны их, бага, гишүүнийхээ хувьд санаачилсан хуулийн их, багаар нь хэмжиж үнэлэх аргагүй юм байнаа гэх бодол.. Учир нь Ц.Элбэгдорж 1992-1994, 1996-2000, 2004-2009 онуудад 10 гаруй жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа 2 удаа Ерөнхий сайдаар ажилласан байх юм. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа чуулганы хуралдаанд тун цөөхөн удаа оролцдог байсан бөгөөд ихэнхдээ чөлөөтэй, өвчтэй, тасалсан гэсэн бүртгэл УИХ-ын хуралдааны ирцийн бүртгэлд байх юм. Хамгийн идэвхтэй оролцож үг хэлж байсан нь 1994 онд Жасрайн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан он жилүүд нь байж. Бусад үед бол Ерөнхий сайдынхаа хувьд оролцож байсныг эс тооцвол чуулганыхаа хуралдаанд бараг суудаггүй, үг дуу цөөтэй нэгэн байсан нь архивт дурайтал бичигдэн хадгалагджээ. Үнэхээр итгэмээргүй… Гэтэл бодит байдал дээрээ түүн шиг сенсацтай улс төрч ховор санагдана. Үргэлж дуулиантай үйл явдалд орооцолдон, сайнаар ч, муугаар ч их хэлүүлж, бичүүлж, улс төрчийнхөө хувьд хамгийн их идэвхтэй нэгэн байсаар ирсэн байдаг. Ингээд бодохоор улс төрийг чуулганы танхимд гэхээсээ илүү олон нийтийн оюун санаанд, итгэл үнэмшилд тултал нь хийж чаддаг давуу талтай улс төрч юм даа гэсэн бахархсан итгэл үнэмшил төрснийг нуух юун.
УИХ-ын архивыг шүүрдэх явцдаа мань хүний зарим үг хэл, бодлогыг харьцуулж авч үзмээр санагдлаа. Энэ бол судалгаа хийж буй хэн хүний сонирхох л асуудал. Мэдээж он цаг дарааллын хувьд өөр үйл явдлуудыг шууд харьцуулж авч үзэх аргагүй ч гэсэн нэлээдгүй зөрчилтэй, тайлбар шаардсан байр сууриуд багагүй байсныг энд хөндөе.
Тодруулбал:
МУ-ын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудалд дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Хууль хэнд ч алагчлалгүй үйлчлэх учиртай. Гэмт хэрэг хийсэн л бол хуулийн хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн тодорхой байр суурьтай.. Браво… Улсын Ерөнхийлөгч хүн ийм л байх ёстой. Чанд, зарчимч байр суурийг баримталж, авилгад аранга болж чадаж байгаа түүнд ард түмэн бас баярлах учиртай юм шүү.
Харин архив ухах явцад түүний хэдэн жилийн өмнө авилгын хэрэгт орооцолдсон УИХ-ын гишүүдийн асуудлаар баримталж байсан бодлого, үг хэлийг нь хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Арай ч үгүй байлгүй дээ гэх бодол өөрийн эрхгүй толгойд орж ирлээ. Гэвч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн, тэгээд архивт хадгалагдан буй тэмдэглэл нь ямар ч хөдлөшгүй баримт боллоо.
Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн байхдаа 1999 оны 4 дүгээр сарын 9-д казиногийн хэргээр авилгал авсан Ардчилсан холбоо эвслийн 3 гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэх үед хэлсэн үгэндээ: “Би өнөөдөр УИХ-аас 3 гишүүний бид бүрэн эрхийг түтгэлзүүлснээр төр өөрөө хүчгүй болж байгаа юм. Өнөөдөр бид Хууль зүйн сайд байсан хүнээ, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллуулж байсан хүнээ, өнөөдөр тусгай хяналтын дэд хорооны даргаа, ийм 3 хүнээ өгч явуулаад санаа амрах гэж байна л даа. Өнөөдөр энэ 3-ыг өгч явуулснаар манай төр, монголын цэвэршинэ гэдэг дээр би үнэхээр итгэл үнэмшил алга байна. Их хурлаас гараад өөрийнхөө гэм буруугүйг нотлох гэж явах ямар байдгийг би мэднэ. Төрийнхөө дархлааг авч гарах хэрэгтэй. Эднийгээ хадгалах хэрэгтэй. Өнөөдөр муухай харагдаж магадгүй. Эд чинь Үндсэн хууль баталсан, Бага хуралд сууж байсан. Тийм хэмжээний улс төрчдийг, тийм хэмжээний зүтгэлтнүүдийг шүүхээр шүүдэггүй. Үйл хэргийг нь аяндаа түүх шүүнэ л дээ.” гэж үхэн хатан хамгаалж байсан байх юм. Тэр яг энэ үгийг одоо Н.Энхбаярт хэлэх болов уу!? үгүй л байх даа. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлж байгаа “ШУДАРГА” хүн чинь юу гэж тийм балай юм хэлэх вэ дээ?
Одоо УИХ-аар түүний санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна энэ өдрүүдэд. Ард түмэн ажлаа хийдэггүй, хуралдаа суудаггүй, авилгач төрийн түшээдээс салахыг бас салгаж өгөхийг хамгийн ихээр хүсэж байгаа тодорхой. Тэр дундаа гэмт хэрэг үйлддэг авилгач гишүүдийг үтэр түргэн УИХ-аас зайлуулахыг дэмжинэ. Ийм “шударга” саналыг гаргаж байгаа Ерөнхийлөгч маань 14 жилийн өмнө яг үүнийхээ эсрэг байр суурийг баримталж, улс төрчийн үйл хэргийг шүүхээр биш түүхээр шүүлгэх тухай ярьж байж. Хүний үзэл бодол 10 жилийн хугацаанд өөрчлөгдөж болно л доо, ер нь өөрчлөгдөж байх ч ёстой. Цаг үе, нийгмийн хөгжилтэйгээ цуг алхалж үзэл бодол, сэтгэлгээндээ шинэчлэл хийж явахгүй бол ямар улс төрч байхав дээ.
Гэхдээ ард түмний Ерөнхийлөгч байна гэдэг нь Ардчилсан намынханд нэг өөр, бусад намынханд нэг өөр байр суурийг баримтална гэсэн үг хэрхэвч биш. Шударга л байх хэрэгтэй л дээ.
Түүний авууштай нэг тал нь нийгмийн шударга засаглалын талаар зарчимч, хатуу байр суурийг анхнаас нь баримталж ирсэн байх юм. Бүр 1994 оны 4 дүгээр сарын 14-ний УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ: “УИХ-ын гишүүдтэй холбоотойгоор тавигдсан албан тушаалаа ашигласан, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд орооцолдсон, ёс зүйн алдаа гаргасан гэсэн асуудлыг УИХ дээр нэн даруй авч хэлэлцээч. Тэгээд шаардлагатай гэж үзвэл энэ гишүүдээ шүүх, хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх, үнэхээр хэрэг бүртгэгдээд, хэлэгдээд байгаа асуудал нь гүтгэлэг байдаг юм бол тэр гишүүдийнхээ нэр төрийг сэргээж, үнэн байдаг юм бол бүрэн эрхийнх нь хугацааг дуусгавар болгоё.”, “Улсын Их Хурал маань өөрөө хууль бус шударга бус үйлдлийг дэвэргэдэг, тийм үйлдэл гаргадаг хүмүүсийг батлан даагчид болон хувирчээ. Ер нь Монгол оронд иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим үйлчлэхээ болилоо, өндөр эрх мэдэлтэй, албан тушаалтай хүн бүр дур зоргоороо загнах ийм нөхцөл байдал бүрэлдлээ.” Гэх үгийг хэлээд УИХ-ын гишүүнээс чөлөөлж өгөхийг хүсч байжээ.
Дээрх баримтуудыг дурьдахдаа аливаа дүгнэлтийг хийх гэсэнгүй. Энэхүү нийтлэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол Улсын Их Хурлын 2004 оны 10 дугаар сарын 1-ний өдөр намрын ээлжит чуулганы нээлтэн дээр хэлсэн “Сонгогдох хүртлээ ардчилсан байдаг, томилогдох хүртлээ ажилсаг байдаг хоосон дүрээс шат шатандаа салъя.” гэсэн үгээр төгсгөмөөр санагдлаа.
Б.Энхбаяр
2013 оны 1 дүгээр сар 7
new.mn
URL: