Г.Баярсайхан: Хүрэлсүх уучлал гуйгаад, би өргөдлөө…
Удахгүй УИХ-аар Эмнэлгийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцав.
-Сүүлийн үед хүүхдийн эндэгдэл ихэсч байна. Манай эрүүл мэндийн салбар ямар түвшинд байна гэж үзэж байна?
-Насанд хүрэгсэд эндэх нь бараг энгийн үзэгдэл болсон. Одоо хүүхэд ихээр эндэж байна. Манай улсад шинэчлэл хийгдээгүй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар болчихоод байна. Богино хугацаанд хоёр хүүхэд ноцтой асуудалд орлоо. Энэ нь яаралтай шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байгаа юм.
-Ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ?
-Хуучин социализмын үед манай эрүүл мэндийн тогтолцоо маш сайн байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өндөр үнэлдэг байсан. Тэр нь юу вэ гэвэл Эрүүл мэндийн сайд өглөө тушаал гаргасан байхад өдөртөө баруун, зүүн хязгаарын захын сумдад хүрдэг байсан. Тогтолцоо нь босоо байсан учраас гарсан тушаал, шийдвэрийн хэрэгжилт маш сайн байсан.
-Одоо холбоо харилцаа сайжирсан үед бүр хурдан хүрнэ биз дээ?
-Мэдээллийг хүргэхээс гадна хэрэгжилт нь чухал. Одоогийн орон нутгийн удирдлагын тогтолцоо буруу байгаа юм. Өмнө босоо удирдлагатай байсан болоод мэргэжлийн байгууллага мэргэжлийн яамны өмнө хариуцлага хүлээдэг байсан. Одоо бол орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагыг орон нутгийн дарга нар томилж байна. Төсөв, санхүүгийн эрхийг бас тэд эдэлж байна.
-Энэ юу нь муу байна?
-Шат дамжлага олон болох тусам хариуцлагын асуудал эзэнгүйдээд байгаа юм. Дээр нь удирдах, удирдуулах ёс алдагдаад байна.
-Жишээлбэл?
-Сая Баянхонгорт хүүхдийн эрүүл мэнд хохирсон ноцтой асуудал гарсан. Эмнэлгийн дарга, түүнийг томилсон албан тушаалтан ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Эмч, сувилагчид эрүү үүсгэх тухай ярьж байна. Хамгийн гол нь удирдлага, хяналт, тогтолцооны асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Гэтэл нийгэм тэр чигээрээ Эрүүл мэндийн яамыг буруутгаж байна.
-Яам буруугүй юм уу. Уучлал гуйсан биз дээ?
-Уучлал гуйх нь ёс зүйн асуудал. Сүүлийн үед төр иргэдээсээ уучлал гуйдаг болж байгаа нь буруугаа хүлээж, хариуцлагаа ухамсарлаж байгаагийн эхлэл. Гэхдээ бүх зохион байгуулалт, төсөв, томилгоог орон нутаг хийсэн байхад яамыг буруутгах хэцүү шүү дээ. Яамны зүгээс байх ёстой стандарт, норматив бүгдийг гаргаад өгчихсөн байхгүй юу. Гэтэл тухайн эмнэлгийн дарга, түүнийг томилсон Засаг дарга хохирогчийн ар гэрийнхнээс тусламж гуйсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж дуулаагүй.
-Хариуцлага хэнд тооцох ёстой вэ?
-Энэ нь өөрөө асуудал үүсгэж байгаа юм. Эмнэлгийн даргыг томилсон мэргэжлийн бус Засаг даргад хариуцлага тооцож болохгүй болчихож байгаа юм. Мэргэжлийн бодлогоор хангадаг яамтай хариуцлага тооцох гэхээр томилгоо зохион байгуулалтад оролцоогүй байдаг. Ингээд эрхийг эдлэх болохоор эзэн байдаг. Хариуцлага хүлээх болохоор эзэнгүйддэг байхгүй юу. Эцэст нь иргэд хохироод л үлдэж байгаа биз дээ. Тэгэхээр төрд хэн итгэх юм бэ.
-Цаашид яах ёстой гэж үзэж байна?
-Босоо удирдлагатай болох ёстой. Хуулиндаа Эрүүл мэндийн яам өөрөө орон нутгийн эмнэлгийн удирдлагыг шууд томилох эрхтэй байхаар тусгах ёстой.
-Зөвшилцөнө гэдэг хуулийн заалт шаардлага хангахгүй байна уу?
-Орон нутгийн Засаг дарга нар Эрүүл мэндийн яаманд нэг бичиг өгдөг гэж байгаа юм. Түүнийгээ зөвшилцсөн гэж тооцоод эмнэлгүүдийн удирдлагуудыг томилж байна.
-Яам томилгоо хийхдээ илүү юм уу?
-Монгол эмч нарын тоо хязгаартай. Эрүүл мэндийн яам энэ бүгдийг гарын таван хуруу шигээ мэднэ. Ийм тохиолдолд хэн илүү үр дүнтэй томилгоо хийх нь ойлгомжтой биз дээ.
-Дарга эмчийг яам томилоод ямар үр дүн гарах бол?
-Дарга гэж болохгүй л дээ. Цагдаа, эмч, багш гуравт нэг онцлог байдаг. Ямар том дарга байсан мэргэжлийнхээ ажилд оролцож байдаг. Миний таньдаг олон эмнэлгийн дарга нар байдаг. Тэд шаардлагатай тохиолдолд эмч нар шиг л ажилладаг. Хаа газар эмч нарын хүрэлцээ хангалттай биш шүү дээ. Хөдөө орон нутагт бол дарга эмч гэсэн ойлголт байхгүй дээ.
-Сүүлийн арван жил босоо, хэвтээ удирдлагын маргаан УИХ-д өрнөж байна. Засаг дарга нар яамнаас тавьсан дарга нар захирагдахгүй гэсэн гомдол ирдэг биз дээ?
-Засаг дарга гэдэг бол хэн хаанаас тавигдсанаас шалтгаалахгүй нутаг дэвсгэр дээрээ хууль сахиулах хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн төлөөлөгч. Түүнд хэн ч байсан хуулийн хүрээнд захирагдах үүрэгтэй. Яамнаас тавьсан эмнэлгийн дарга орон нутгийн Засаг даргад захирагдахгүй гэсэн ойлголт байхгүй. Засаг даргатайгаа үзээд байдаг эмнэлгийн дарга гэж би лав дуулаагүй.
-Дарга эмчийн томилгоо, төсөвт нь Засаг дарга нар сонирхоод байдаг юм болов уу?
-Тийм байх магадлалтай. Зарим яамд босоо удирдлагатай болж байгааг би зөв гэж бодож байна. Орон нутагт эрх өгнө, өгөхгүй гэдэг асуудал энэ олон жилийн хугацаанд туршигдаад дууссан.
-Тэгээд?
-Тэгээд босоо удирдлага нь хариуцлага хүлээх, шийдвэр хэрэгжүүлэхэд илүү зохимжтой юм гэж бодож байна.
-Сөрөг хүчин Засгийн газрын бондын ирээдүйд их шүүмжлэлтэй хандаж байна.
-Сөрөг хүчинтэй санал нэг байна. Бондын зарцуулалт, хүү, эргэн төлөлт гээд олон асуудал байгаа нь үнэн. Зөвхөн сөрөг хүчин биш Засгийн газар ч өөрөө санаа зовж байгаа. Н.Батбаяр сайд богино хугацаанд их мөнгө босгож чадсан. Мөнгө байвал хийх юм их байна гэж Засгийн газар ярьж байсан. Одоо шинэчлэлийн Засгийн газрын эрч, хурд, чадвар, сэтгэл харагдах ёстой. Өдөр болгон сул мөнгө төлнө гэдэг тэр хэмжээгээр Засгийн газрын нэр хүнд унаж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Засгийн газар арваад төсөлд хөрөнгө оруулах санал гаргасан.
-Нэг их олон бол бас тарамдах аюул байна. Миний бодлоор эхлээд эдийн засгийн их хэмжээгээр дэмжих салбарт оруулах нь зөв гэж бодож байгаа.
-Тэр юу байх вэ?
-Авто болон төмөр зам. Усан цахилгаан станц, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор эргэж төлбөр хийх чадвартай байх болов уу.
-У.Хүрэлсүх гишүүн та хоёрын маргаан дууссан уу?
-Хүрэлсүх надаас уучлал гуйгаад, өргөдлөө татаад авчихсан.
Х.Баттөгс
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: