Онигорууд ба лалуудын эрин эрлээ…
АНУлс бол гайхамшигтай орон. Америк гэдэг үндэстэнг тэнд бий болгосон. Америк гэдэг үндэстэн хар, шар, ягаан, ногоон бүх хүмүүсээс бүрддэг. АНУ бол дэлхийн хамгийн том экспортлогч бас хамгийн том хэрэглэгч. Нийт 6.8 тэрбум хүнтэй дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний 25 орчим хувийг 300 сая хүнтэй Америк дангаараа хэрэглэдэг. Америкийн банкны секторт байгаа нийт хадгаламжийн хэмжээ нь 13.1 триллион доллар. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн 4,5 тэрбум доллар /PPP/ гэж бодоод үзэхээр инээд ч хүрэх шиг, нулимс ч гоожих шиг.
Гэхдээ энэ дэлхийн 52.6 хувийг онигорууд бүрдүүлдэг. 2005 онд 1,300 сая дах хүнээ, тухайлбал охин хүүхдийг эх барьж авсаны дараа 2007 онд Хятадууд 1,330 саяуулаа болсон. Харин Энэтхэгүүд 1.1 триллион. Одоо хэд ч болсон юм бүү мэд. Өмнө нь миний Bloomberg, Reuters-ийн дэлгэцэн дээр Хятад гэж сонсогддог байсныг санахгүй л юм байна. Энэ бүхэн 2003 оноос л огцом эхэлсэн юм. Хятадын талаар огт мэдээ гардаггүй байснаа л гэнэт л дэлгэц маань Хятад гэсэн үгээр дүүрсэн. Ердөө саяхан шүү дээ, 2005 онд Хятадын гол хөрөнгийн зах болох Шанхайн Хөрөнгийн Бирж дэлхийн хамгийн муу гүйцэтгэлтэй бирж байв. Дэлхийн бусад ихэнх бирж дээр хувьцааны ханш өссөн байхад энэ бирж дээр харин унасан үзүүлэлттэй байсан. Хятадын банкны сектор 90-ээд оны сүүлээс дамдуурах шахаж төрийн 4 том банкаа золтой л тавиад туучихаагүй. Олгосон муу зээлээсээ болж 2003 онд хүртэл бөөн сенсаац болдог байв. Аа харин одоо би тун удахгүй дэлхийн хамгийн том банк Хятадын банк боллоо гэж сонсоно гэдэгтээ итгэлтэй хүлээгээд сууж байна.
Ердөө хэдхэн жилийн өмнө эхэлж байсан Хятадын хөрөнгийн зах одоо зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд Америкийн дараа 2-т жагсаж байна. Тун удахгүй өөр олон юман дээр гүйцэж түрүүлснийхээ адил гүйцэх л болно. Араас нь Энэтхэг зэрэг орнууд хөөж л байгаа. 2007 онд Энэтхэгийн Миттал Стийл компани Францийн Арселор компанийг авсанаар дэлхийн хамгийн том төмөрлөгийн үйлдвэрлэгч болж байсан. Аа бас IT, call center-ийн аутсорсингоос бусдаар бол нээх нэр нь гарахгүй байгаа. Нээрэн бас саяхан дэлхийн хамгийн том салхин тээрэм үйлдвэрлэгч Энэтхэгийн тухай нийтлэл уншсан юм байна. Эдгээр эдийн засгуудыг томоохон үйлдвэрлэгч байдлаар хүлээж авсан. Гэнэт л хэрэглэгч болж хувирсан. Анх 90-ээд оны тун эхээр Хятадад офф-шор үйлдвэрээ нээж байсан GMC-ийн ерөнхий эдийн засагч нь зөвхөн зардал хэмнэх гэж тэнд салбараа нээсэн юм уу аль эсвэл тэр асар том хэрэглэгчийг олж харсан юм уу бүү мэд. Тэр хэрэглэгчийг харсан байлаа ч одоохийг шиг төвшинд төсөөлөөгүй биз. Хятад бол аймшигтай том хэрэглэгч мангас болж хувирсан. Одоо хятадад өөрийн угсрах үйлдвэрээ нээгээгүй автомашин үйлдвэрлэгч үлдээгүй. Бенцийнхэн баахан консерватизмдаж хугацаа алдаад дөнгөж сая 2005-2007 онд үйлдвэрээ нээж дууссан.
Чөлөөт зах зээлийн тогтолцооны өөрийнх нь золиос болсон хямрал эхлэв.2008 оны 10-р сарыг бидний дундаас мартах хүн цөөхөн буйзаа. Энэ бол олон улсын санхүү, эдийн засгийн түүхэн дэх хар толбо юм. Магадгүй цагаан толбо ч юм билүү цаг хугацаа харуулна биз. Sub-prime буюу зээлжих зэрэглэл доогуур моргэжийн зээлийн хямрал эхлээд хэний ч санааг зовоохгүй байсан боловч Америкчууд 2008 оны 9-р сарын сүүлийн тэр нэгэн Ням гаригт өөрсдийн 4 дэх том Хөрөнгө оруулалтын банк Lehman Brothers-г дампуурвал дампуурч л байг гээд зөнгөөр нь хаясан нь харин буруудаж олон улсын санхүүгийн зах дээр тэртэй тэргүй доройтоод байсан итгэлцэлийг юу ч үгүй хийсгэж орхив. Урьд нь нэрийг нь хэлэхдээ сүрдсэн өнгөөр дуугардаг байсан том банкуудад ч одоо итгэхэд хэцүү болов. Уул нь зарим банкууд нь бол огт буруугүй зүгээр л ажлаа хийгээд явж байгаа. Гол нь санхүүгийн бизнесийн үндэс болох итгэлцэл алдагдмагц хаа хаанаа л хэцүү болоодхов. Кэйнсизмийг баримтлагч эдийн засагч нар “тээр хэлээгүй юу” хэмээн гуяа алгадан гүйлдэх болов. Зах зээлийн чөлөөт тогтолцоонд төрийн оролцоог хангалттай оруулаагүй нь алдаа болсон юм байх. Аль ч өнцгөөс харахад нэг нэг тайлбар хэлэх юм шиг байна. Надад хүртэл хямралын өөрийн гэсэн тайлбар бий. Монголын сэтгүүлч нар crisis, slump, recession, problem, difficulties зэрэг санхүү, эдийн засагт тохиолддог хэллэгүүдийг нэг утгаар ойлгодог тул баахан хөөргөдөж орхив. Сэтгүүлчид гэнэт сүр сар хийгээд өрөөнд нь ороод сүртэй сүртэй юм асуугаад эхлэхээр улс төрчид нь хүртэл нээрэн л аймаар юм болчихсон юм байх гээд амны зоргоор бурж гарав. Одоо харин Монголын санхүүгийн сектор хүндрэлд орчихлоо. Хэн ч санхүүгийн салбартаа итгэхээ болив. Хүмүүс хадгаламжаа татаад байна. Уул нь бол хөөрхийс манай санхүүгийн сектор дэндүү примитив учраас олон улсын хямралд онцын хамаагүй л юмсан. Мэдээж хамаарал бий бий. Гэхдээ хямрал болтолоо биш юм л даа уг нь.
Хямрал бүрийн цаана боломж нуугдаж байна тэрийг л атгана гэсэн яриа дуулдаад эхэллээ. Хямралаас яаж гарах вэ гэхэд эдийн засагч нэртэй улс төрчид, эсвэл улс төрч эдийн засагч нар ч гэх юм уу, баялагаа хуваарилах хуулиа л хурдан хийх хэрэгтэй гэж бурав. Нэгэнт ханш нь 4 сарын өмнө 8800 байгаад одоо 4500 доллар хүрээд байгаа зэсийг олборлох гэрээг одоо хийхээр эдийн засагт яаж эерэгээр нөлөөлөх нь их сонирхолтой. Тэгсэн хэрнээ эдийн засгийн хямрал болох гэж буй мэтээр ярих нь инээдтэй. Санхүүгийн зах дээрх хөрвөх чадварын хүндрэлийг хямрал болгоод бүүр давраад эдийн засгийн хямрал болгож зарлав. Тэрнээс гарах арга нь уул уурхайн ордуудын гэрээг яаралтай хийх явдал юм гэнэ.
Баахан нуршлаа. Анх бичих гэж байсан санаандаа оръё. Үнэндээ би бидний 10 гаруй жил хүлээх байсан мөч маань энэ хямралаас болоод өнөөдөр ирлээ гэж бодож байна. Ширээгээ одоо эргүүлэх боломж онигорууд ба лалуудад нээгдсэн. Одоо ашиглах л үлдлээ. 3 жилийн дараа дэлхий онигорууд ба лалуудын хяналтанд орсон байх болно. Ердөө 4 хоногийн өмнө Английн ерөнхий сайд Гордон Браун лалын орнуудад, тухайлбал Арабын хойгт айлчилж мөнгө төгрөг өгөөч, Английн компаниудын хувьцааг худалдан аваачээ гэж гуйв. Инээдтэй сонсогдож байгаа боловч 100 жилийн өмнөх колончилогч одоо хуучин боолууд дээрээ очиж мөнгө гуйсан нь үнэхээр үнэн түүх юм. Хятадын төв банкны гадаад валютын нөөц, өөрөөр хэлбэл Хятадууд өнөөдөр бэлэн гаргаад тавьчиж чадах мөнгөний хэмжээ доллараар 1,8 триллион. Харин Японуудынх 1 триллион. Арабын орнуудад төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын сангууд байдаг. Зөвхөн Саудын Арабынх гэхэд л 300 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй. Аа бас Сингапурын Темасек холдинг бол бүүр энд тэнд хувьцаа аваад гаршчихсан мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан. Бас л хэдэн зуун тэрбум долларын хөрөнгөтэй. Ердөө 4 сая хүнтэй хааш хаашаа 30 километр хошуу юм шүү дээ. Дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш, ялангуяа “шаруудын” хувьцааны ханш асар унав. Одоо дэлхийн хамгийн том банкууд, корпорациудын хувьцааг алга урвуулах мэт асар бага үнээр худалдаад авчихна. Онигорууд ба лалууд энэ олдсон боломжийг ашиглах эсэх нь сонирхолтой. Бид харж л байна. Боломжоо мэр сэр ашиглаж байгаа мэдээ байна. Тултал нь ашиглавал олон улсын бизнесийн ертөнцийн дүр зураг, цаашлаад эдийн засгийн бодлого хэдхэн жилийн дараа үндсээрээ өөрчлөгдөх нь байна шүү дээ!
http://unzomongol.blogspot.com/
URL: