Хаалтын гэрээнээс хамтдаа татгалзацгаая

Хэвлэл, мэдээллийн сал­барт хувьсгал хийх тухай сэт­гүүлчид бус улстөрчид ярил­цах нь их болж. Ингэхдээ хуулиар далаалган “Эзэн, та хоёрыг эрх чөлөөгүй бол­гоно оо” гээд том дуу­гарахыг нь яана. Өөрсдөө хэвлэлийг худалдаж авчихаад, өөрсдөө хэвлэлийг хэлгүй, чихгүй боол мэт болгочихоод ард олонд болохоор аймар том үгээр ярих юм. Заримдаа өмнөөс нь нүд, чих улайж, нүүр ам бадайрах нь энүүхэнд. “Ээ, та чинь эртүүдхэн л гэрээ байгуулж мөнгө өгье. Намайг битгий муулаарай” гээд байсан шүү дээ гэсэн бодол толгойд ороод ирдэг болохоор тэр шүү дээ. За тэгээд зарим нэгний тухайд бүр ч онигоотой. Өөрөө өөртөө телевиз, сонин, сайт байгуулчихаад өрөөлийн хэвлэлийг өөнтөглөж муу­лахыг нь яана. “Тэднийх ху-далдагдсан хэвлэл. Тэр худалдагдсан сэтгүүлч” гэх мэтээр ярьж өгнө.

 

Ёстой л “Өөрийн толгой дээрх бухлыг хараагүй байж өрөөлийн тол­гой дээрх өвсийг харав” гэдэг шиг л…Гол нь та бид буюу сэтгүүлчид бид тэдний ярианд бүр дасчихаж. “Тэгж л байдаг юм” гэсэн шиг өөрсдийгөө муулуулаад, өөрсдийгөө баалуулаад ганц ч үг хэлж, эсэргүүцсэн нь үгүй. “За тийм дээ” гэж байгаа юм шиг чимээгүй өнгөрөөд байхаар тэд ирээдүй цагт улам их томорч, улам их гүжирдэн гүтгэх нь ойлгомжтой. Өөрөө наашаа харж гэрээ байгуулчихаад цаашаа харж муулаад л. Эс бол удирдлага руу утас цохиж “Танай тэр сэтгүүлч тийм юм яриад байна. Битгий оруулаарай” гэж өөрийнхөө эрхийг хангуулчихна. Гэтэл хөөрхий нөгөө сэтгүүлч нь өдөржин гүйж, гүйж оройн дугаар буухаас өмнө хоол ундаа ч идэж амжихгүй баахан юм бич­сэн ч тэр нь орох, байх газаргүй болоод хохирно. Улстөрчид биднээр ингэж л тоглодог. Эзэдтэй нь мөнгө ярьж, эрхлэн гаргагчтай нь гэрээ хийж, жирийн сэтгүүлчдийг нь жиж­гэрүүлж айлгадаг. Энэ бол бодит нүүр царай. Шударга улстөрчдийн шу-дар­га бус хатгаас. Шударга бус гэрээ.

“Нэр бүхий томоохон группүүд хаалтын гэрээ байгуулах нэрийдлээр үүсгэн байгуулагчаас эхлээд үүрэг гүйцэтгэдэг хүн бүрийнхээ нэрийг онцгойлон дурдаж, “Ширхэг үсийг нь ч гэсэн харилцан хайрлалцах хэрэгтэй” гэдэг үүргийг оноох боллоо”

Иймд “Улс төрийн тойм” сонин анх удаа Монголын хэвлэл, мэдээллийн зах зээлд хаалтын  гэрээ байгуулахаас татгалзаж, боолчлогдсон эрх чөлөөг чөлөөлөхөөр шийдэж бай­гаа­гаа дуулгахад таатай байна. Үүндээ бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэд, эрхлэн гаргагчдыг татан оролцуулж, хамтдаа нэг талд зогсохыг та бүхнээс хүсье. Учир нь хаалтын гэрээнд хамтрагчаар оролцсон захиалагч тал та биднийг өдрөөс өдөрт боолчилж, нэг л өдөр редакцийн үүдийг өшигчин орж ирээд өглөөний шуурхайд суухад ойрхон болчихоод байна. Тэд хаалтын гэрээгээр дамжуулж хэмжээлшгүй их эрх мэдэлд хүрсэн мэт аашилж байна. Гэрээний үндсэн заалтуудыг хараарай. Худалч хүнд тухайн пүүс компани хийгээд улстөрчийг хөлийн тавхайнаас нь эхлээд толгой хүртэл нь хамаалах үүргийг бид хүлээх болж байна. Нэр бүхий томоохон группүүд хаалтын гэрээ байгуулах нэрийдлээр үүсгэн байгуулагчаас эхлээд үүрэг гүйцэтгэдэг хүн бүрийнхээ нэрийг онцгойлон дурдаж, “Ширхэг үсийг нь ч гэсэн харилцан хайрлалцах хэрэгтэй” гэдэг үүргийг оноох боллоо. Улмаар тухайн компанийн нэр хүндийг хамгаалах ёстой гэдэг үүргийн хүрээнд буруутай үйл ажиллагааг нь өмгөөлөн хамгаалж, ямар ч тохиолдолд нэр төрийг нь өндөрт өргөх залруулга мэдээллийн үүрэг гүйцэтгэхийг шаардана. За тэгээд өөрийн сэтгүүлчдийн эрх, эрх чөлөөг хязгаарлаж “Алхах гишгэх. Бичин нийтлэх эрхийг бүрэн утгаар нь тагнан мөшгиж, таслан зогсоох ёстой” гэдэг даварчихсан үүргийг редакцийн хараат бус байдлыг үл ойшоон хүчээр тулгадаг болж. Энэ бүхэн хаалтын гэрээний үндсэн утга. Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй хийж буй хаалтын гэрээ бүрийн цаана ийм утга байх бөгөөд үүнийг нь боловсон дарангуйлал хэмээн нэрийдвэл зохилтой. Гол нь захиалагчид өдрөөс өдөрт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тоо олшроод байгааг тоохгүй байна. Бүгдтэй нь буюу “А”-гаас нь эхлээд “Я” хүртэл ийм гэрээг байгуулж байна. Үүндээ мөнгө хайрлахгүй төлж, төлбөрөө урьдчилгаа маягаар өгөхөөс ч татгалзах нь үгүй. Улстөрчид ч ийм гэрээг хийдэг бөгөөд тэд ард олны өмнө хэвлэлийг буруутгах өнгө аяс илэрхийлчихээд бид бүхэнтэй шударга бус гэрээ байгуулахыг илүүд үздэг тийм л хүмүүс. Сонирхолтой байгаа биз. Хаалтын гэрээтэй захиалагч хамгийн их хамаатай хүмүүс нь улстөрчид хийгээд бизнесмэнүүд. Иймд бид уриалгаа зөвхөн нэг сонины хэм­жээнд бус, нэг телевизийн хүрээнд бус бүх Монголын хэмжээнд ажил хэрэг болоосой хэмээн хүсч байна. “Улс төрийн тойм” сонин, “Шонхор” суваг телевиз, www.ipost.mn сайт энэ өдрөөс эхлэн нэг ч улстөрч, бизнесмэн, пүүс компанитай хаалтын гэрээ байгуулахгүй юм. Энэ бол бидний эрх чөлөөнд дур­лаж, хэвлэлийн эрх чөлөөгөө батал­гаажуулах гэсэн  чин хүслийн илэр­хийлэл. Бидэнд ийм зориг байгаа учраас та бүгдийг ч мөн хамтдаа хаалтын гэрээнээс татгалзахыг дахин дахин уриалж байна.

Нийгмийн өмнө, захиалагчийнхаа өмнө “Бид шударга” хэмээн тун­хаглачихаад цаанаа шударга бус захиалагчийн жудаггүй хүсэлд дар­луулаад сууж болохгүй учраас тэр. Нэг удаагийн зоригтой шийдвэрээр нийгмийг эрүүлжүүлэх, хэвлэл мэдээллийн салбарыг жинхэнэ утгаар нь эрх чөлөөтэйгээр хөгжүүлэхийг хүссэн бидний зорилготой нэгдэж, хамтдаа урагшлахыг хүсье.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих