Монгол улсын төрийн тэргүүн, Монгол үндэстний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгчид илгээх ил захидал

Төр нь үндэстний сайн сайханд хүрэх хүсэл болон  төсөөллийг  институцлагдсан тогтолцоо. Эв нэгдэл нь үндэстний хүсэлд хүрэхийн тулд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байхын илэрхийлэл. Хүсэл агуу байх хэрэгтэй гэж Германы философич Артур Шопенхаур “ Дэлхий зөвхөн хүсэл болоод төсөөлөл” номондоо бичсэн байдаг.

Монгол үндэстэн хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг авч явсан тэр агуу түүх нь Монгол үндэстний хүсэл болон төсөөлөл байсан. ХХ зууны Монголын хүсэл тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт байсан. Өнгөрснөө бид яагаад мартчихав.

Өнөөдрийн Монгол үндэстний хүсэл болон төсөөлөл нь юу байна вэ? гэдгийг төрийн тэргүүн, эв нэгдлийн бэлгэдэл, улсын эцэг болсон та яагаад асуудал тавьж, шийдвэр гаргахгүй сууж байна вэ.

Хүн төрөлхтөн өнөөдөр хөгжлөө хэрхэн тодорхойлж, юуг хүсэж, төсөөлж, юунд зорьж байна вэ? Харин Монгол үндэстний хүсэл нь юу болж хувирч байна вэ? Хүн төрөлхтний нийгэм, эдийн засгийн хөгжлийн процессээс Монгол үндэстэн юуны учир гажуудав.

Хүн төрөлхтний нийгмийн хувьслын онол

-Анхдагч нийгэм

-Хөдөө аж ахуйн нийгэм

-Аж үйлдвэрийн нийгэм

-Мэдлэгийн нийгэм

Хүн төрөлхтний эдийн засгийн хувьслын онол

-Ан агнуур, түүвэр

-Газар тариалан, мал аж ахуй

-Аж үйлдвэр

-Мэдлэгийн эдийн засаг

Монголчууд аж үйлдвэрийн нийгмээс хөдөө аж ахуйн нийгэм, аж үйлдвэрийн эдийн засгаас хөдөө аж ахуйн эдийн засагруу ухраад явж байна. Хүн төрөлхтөн харин мэдлэгийн нийгэм, эдийн засаг руу шилжиж урагшилж байна. XXI зуунд Монголчууд хэдэн зуун, мянган малчид, уул уурхайн сэлбэг хэрэгслүүд болсон баахан уурхайчидтай одоо бид хаачих вэ. Энэ том гажуудлыг хэрхэн бид засах вэ?

Монгол хүнд ардчилал болоод хөгжил, эрх чөлөө болоод хөгжлийн ялгааг Монголын төр яагаад хэлж өгсөнгүй вэ? Ардчилал, эрх чөлөө ярьсаар байгаад Монголчууд бид хөгжлийн талаар ямар ч ойлголтгүй сууж байна. Үүнийг хэн хариуцах вэ? Монгол үндэстний хөгжлийн давалгаа хэзээ эхлэх вэ?

Дэлхийн бүх улс орнууд хөгжилд хүрэхдээ “ Масс бүтээн байгуулалт”-ыг хийж үндэстний найман настай балчираас наян настай буурал хамрагдсан үндэстний давалгааг үүсгэж байсан.

1670-аад оны үед Их Британи даяар мярнус хонины ноосоор даавуу хийх фабрикууд байгуулагдаж, хөдөөний иргэд хотруу ихээр шилжсэнээр хөдөө эзгүйрч, хонь хөдөөг эзэлж бүтээгдэхүүний түүхий эдийн баялагтай болсон байдаг. Энэ их хувьсгалыг хонь хүнээ идсэн хувьсгал хэмээдэг.

1750-аад оны үеэр Францад эрчимжсэн мах болон сүүний фермүүд бөөнөөр үүсч, Франц хүмүүс хөдөлмөрийн хувиартай болсон. Хотуудад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүд үүссэнээр масс бүтээн байгуулалт эхэлсэн байдаг.

1870-д оноос Германд химийн инженерчлэлийн технологи үүсэж. Химийн аж үйлдвэрүүд бөөнөөр үүсэж масс бүтээн байгуулалт эхэлсэн.

1920-1934 онд Зөвлөлт Холбоот Улс /ЗХУ/ аж үйлдвэржих хөдөлгөөн өрнүүлж, ЗХУ-ын бүх бүс нутагт аж үйлдвэржилт явагдсан нь ЗХУ-н масс бүтээн байгуулалт байсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/ 1949 онд байгуулагдсаны дараа ЗХУ-ын тусламжтайгаар 280 гаруй аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж масс бүтээн байгуулалт явуулсан бол 1980-аад оноос эхэлж хоёр дахь масс бүтээн байгуулалтаа эхлүүлсэн.

Өмнөд Солонгос 1960-1980 оны хооронд 44 хот тосгоныг хамарсан масс бүтээн байгуулалт явуулсан.

Арабын Нэгдсэн Эмират Улс 1990-с өнөөг хүртэл масс бүтээн байгуулалт явуулж үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүн /ҮДНБ/ 2,7 тэрбум байсан орноос 360 тэрбум долларын ҮДНБ-тэй болсон байна.

Монгол орон 1950-1980 оны дунд хүртэл масс бүтээн байгуулалтыг эхлүүлж Монголын ард түмэн эх орноо бүтээн байгуулж хөгжүүлэх оргилуун сэтгэлтэй байсан нь саяхан.

Гэтэл Монгол улс, Нобелийн шагналт, шинэ либерализмыг хөөрөгдөгч Милтон Фридманы “Хувьчлал, хувьчлал, бас дахин хувьчлал”   гэсэн төөрөгдөлд орж бүтээн байгуулалтаа хаягдал төмөр болгон Хятад руу зөөж дуусгасан. Монголчуудыг хөгжлөө сүйрүүлсний дараа энэ эрдэмтэн ичгүүр сонжуургүйгээр “хувьчлал гэж буруу байжээ. Уучлаарай! “хэмээн хэнэг ч үгүй хариулсан юм. Тэр хүн бүхэл бүтэн улс орныг сүйрүүлчихээд ямар ч хариуцлага хүлээлгүйгээр “уучлаарай” гэдэг ганц үгээр л ам тагласан. Харин түүний хэлснийг ажил хэрэг болгосон хүмүүс өнөөдөр хаана юу хийж явна вэ? Эрхэм Ерөнхийлөгч та энэ талаар юу хэлэх вэ?

Дэлхийн дөрвөн хөгжлийн загвар болсон Нордикын загвар гэж бий. Энэ нь Төлөвлөгөөт эдийн засаг болон Зах зээлийн эдийн засгийг хослуулж, нийтийн өмчит, төрийн хяналттай, үндэсний корпорациуд үүсгэсэн байдаг. Гэтэл нийтийн өмчтэй том корпорациудыг Монголчууд “Хүний зөвийг, хүний эрх” гэж орчуулсантай адил “Нийтийн өмчит компанийг, нээлттэй компани” гэж буруу ойлгосноор Монголын эдийн засаг юуны түрүүнд монгол хүний эрх ашгийн төлөө байна гэдгийг ойлголгүй бас л төөрөгдөлд орсон юм.

Монгол орны шинэ цаг үе даяарчилсан мэдлэгийн эдийн засгийн болон мэдлэгийн аж үйлдвэрийн хувьсгалын шинэ цаг үед тохирсон “Масс бүтээн байгуулалт” хийх цаг болжээ. Гэтэл энэ мэдлэгийн нийгэм, эдийн засгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хувьсгал болохоос биш зөвхөн уул уурхай, түүхий эдээ экспортлох буюу боловсруулах үйлдвэр биш шүү. Масс бүтээн байгуулалт нь Монголын баруун, зүүн, өмнө, төв, хангайн бүс нутагт дэлхийн зах зээлийг оносон мэдлэгийн таван хотыг зарлан бүтээн байгуулах хувьсгал болно.

Эрхэм Ерөнхийлөгч та Монгол үндэстний мэдлэгийн нийгэм, эдийн засгийн “Масс бүтээн байгуулалт” эхэлснийг хэзээ зарлан тунхаглах вэ.

 

Монголчууд сонгогдсон биш заяагдсан ард түмэн

Монгол хүн ийм амьдралаар ингэж амьдрах ёсгүй

Монголын төлөө эрэлхэг зоригт залуучуууд:

А. Ганбаатар

Б. Баттүвшин

Л. Болортулга

Б. Цэрэн

Б. Үнэнбат

Д. Санчир

Б. Буджаргал


URL:

Сэтгэгдэл бичих