Х.Тэмүүжин: Эрүүдэн шүүх, хүний эрхийг зөрчих нь хэтэрчээ

Ардчиллын амин  сүнс бол хүний эрх. Хүний эр­хийг эрхэмлэн дээдэлсэн орон хөгжлийн түүчээ бол­дог тухай суд­лаа­чид онц­лох нь бий. Ма­най улс ч гэсэн хүмүүнлэг, ардчил­сан нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж буй.

Бо­дит үр дүн тодор­хойгүй ч тай­лан мэдээ нь хангалт­тай бий. Өчигдөр Төрийн ор­донд Хүний эр­хийн үн­дэс­ний комиссын төлөө­лөг­чид “Хорих бай­гуул­лага ба хүний эрх”, “Хө­­дөл­мөрлөх эрхтэй хол­боо­той хүний эрх”, “Уул уур­хай ба хүний эрх”, “Эрүүл мэндээ хамгаалуу­лах эр­хийн за­рим асуу­дал” гэсэн сэд­вээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо­ны гишүү­дэд мэдээ­лэл өгөв. Гэхдээ түшээд аль нэг сэдвийг дагнан авч ярилц­сангүй. Зөвхөн Хү­ний эр­хийн үндэсний ко­мисс тойр­сон хэл ам бо­лоод өөрс­дийн санал дүг­нэлтээ ярилаа. Уг нь энэ өдөр “Уул уурхай ба хүний эрх” сэд­вээр дэлгэрэнгүй ярихаар төлөвлөсөн бай­жээ. Гэтэл ко­мис­сын дарга Ж.Бям­ба­дорж “Манай ко­мисс 2011 онд уул уурхайн сал­бар дахь хүний эрхийн зөрч­лийн асуудлаар шал­галт хийж байлаа. Гэвч НҮБ-ын хөгжлийн хөтөл­бөрийн хү­рээнд асуудлыг өргөн хэм­жээнд авч үзэх нь зүй­тэй гээд олон улсын хуралд Монгол дахь уул уурхайн хүний эрх ямар төвшинд байгааг танил­цуул­сан.

Үүнийг үргэлж­лүүлж энэ асуудлаар удах­гүй дахин хэлэлцэнэ. Асууд­лыг нэгмө­сөн ярих нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн юм. Хурлын үеэр гишүүд ямар байр суурь­тай байсныг тойм­лон хүр­гэе.

 

О.Баасанхүү: Комисс хоёр чиглэ­лийн үйл ажил­лагаа явуул­даг. Цагаатга­лын комисс байдаг гэсэн утгаар улс төрийн хориг­дол­гүй. Хү­ний эрхийн ко­мисс ажил­лаж байгаа юм бол хүний эрхийн зөрчил­гүй байх ёстой. Гэтэл Хү­ний эр­хийн үндэсний ко­миссын тавих илтгэлээс ха­рахад зөвхөн мессеж өг­дөг бай­гууллага шиг ха­раг­даж байна. Комиссын­хон хүний итгэл үнэмшил, шашин шүтлэг­тэй байх эр­хийн талаар нэг ч удаа илт­гэсэнгүй. Чаддагаараа өнөөх шо­рон, уул уурхай, хүүхэд ярина. Тэгвэл Мон­голд оюун санааны болоод ша­шин шүтлэгийн эрх чөлөө уначихсан бай­гаа. Хоёр­ду­гаарт, Монгол орон улс тө­рийн хоригдол­той болсон. Нэгэнт улс төрийн хориг­долтой юм бол түүний эрхийг хангах талаар ажиллаач гэж хүсье. Ер нь цаашид ко­мисс байгаа юм чинь хү­ний эрх зөрчигд­дөггүй гэж итгэж амьдар­маар байна.

Ж.Батзандан: О.Баа­сан­хүү гишүүний дүгнэлт­тэй санал нэг байна. Бай­гуулагдаад удаж байгаа ч хүний эрхийн төлөв бай­далд дорвитой өөрчлөлт гараагүй. Статистик су­дал­гаа, зөвлөмж гаргаж илтгэл хэлэлцүүлэхээс хэтэрдэггүй. Цаашид хя­нал­­таа тавьж зохих ёсоор ажил­лах гэхээр эрх мэдэл нь хүрдэггүй юм бол үр өгөөжтэй ажиллах эрх зүйн шинэ орчныг бүр­дүүлж өгье. Комиссын зү­гээс ч гэсэн УИХ-аас гарч буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, дүг­нэлт өгч байх ёстой. Хүний эрхийн зөрчил, авлига үүсэх гол шалтгаан нь ал­бан байгууллагуудын хү­ний эрхийг зөрчсөн янз бү­рийн тогтоол шийдвэр, дотоод журам байдаг. Үүнд Хүний эрхийн үндэсний комиссынхон  дүн шин­жил­гээ хийж байх нь чухал.

Х.Тэмүүжин: Хүний эрхийн үндэсний комис­сыг баталгаажуулахын тулд хууль тогтоогчид өөрс­дөө юу хийх ёстой вэ гэд­гийг эргээд хар. Монгол Улсад эрүүдэн шүүх, хү­ний эрх зөрчих, иргэний үндсэн эрхийг хязгаарлах нь хэрээс хэтэрсэн. Тэр дундаа хууль сахиулах байгууллагынхан хүч хэ­рэг­лэхдээ хүний эрхийг маш ноцтой зөрчиж бай­гаа. Гэвч энэ байгуул­лагуу­дад болж буй үйл явцыг хянах, шалгах, мэ­дээл­­лийг нь авах эрх Хү­ний эрхийн үндэсний ко­мисст байхгүй. Энэ утгаар бид комиссоос том зүйл шаар­дана гэдэг учир ду­таг­дал­тай. Хүний эрхийн үндэс­ний комисст ямар эрх олгох, ямар асуудлыг ший­дэх вэ гэдгээ дугаар­лая. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг зөрчдөг гэх бай­гуул­лагуудаас мэдээлэл авах эрхийг олгох нь зүй­тэй. Тэр дундаа хүчний байгууллагыг хянах эр­хийг олгоё.  О.Баасанхүү гишүүн хувийн үзэл бод­лоо илэр­хийлэх шиг бол­лоо. Ма­найд улс төрийн хоригдол байхгүй. Шүү­хээр ял шийтгүүлсэн албан тушаалтан бол бий.

Ж.Бямбадорж: Гишүү­дэд манай байгууллагын талаар буруу ойлголт бай­гаа учраас залруулах нь зүйтэй байх. Хүний эр­хийн үндэсний комисс зөвхөн төлөв байдлын илт­гэл бичээд суудаг байгуул­лага биш. Миний хувьд дар­гаар нь хоёрхон жил ажил­лаж байна. Энэ хуга­цаанд хийсэн шалгалт шүүл­гээ тэр бүр хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр цацаагүй. Ца­цаагүй уч­раас тайлан би­чи­хээс өөр ажилгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байж болох юм. Бид до­лоо хоног бүр 2-3 удаа хо­рих ангиудад ажиллаж байна. Өнгөрсөн даваа га­ригт гэхэд хөгжлийн бэрх­шээл­тэй хүүхдүүд суралц­даг 6 сургуульд шал­галт хийлээ. Дээр нь хүний эр­хийн бүхий л төрлөөр 14 илт­гэл бичжээ. Сүсэг биш­рэ­лийн тухай илтгэл би­чиж байсан. Үүний­гээ УИХ-ын ги­шүү­дэд тарааж болно. Илт­гэл бол зөвхөн нэг хэсэг нь. Хамгийн гол ажил нь сургалт суртал­чилгаа, хяналт шалтгалт юм.

О.Баасанхүү: Хүний эрхийг хангахын тулд ши­нээр баривчлах байр барих тухай тогтоолын төсөлд байна. Уг нь Шүүхийн шийд­вэр гүйцэтгэлийн тухай хуульд ялтан байр­лах байрны талаар тодор­хой заасан байдаг. Анх удаа гэмт хэрэг хийсэн нь тусдаа, дахин гэмт хэрэг хийсэн нь тусдаа, дээрээс нь засарсан болон засраа­гүй гэмт хэрэг гээд шийт­гүүлсэн хэрэг бүрээс ха­маарч тус тусдаа байдаг. Баривчлах, хорих байрыг шинээр барьснаар хүний эрхийн зөрчил буу­рах уу. Буурах эсэх нь эргэл­зээ­тэй байна.

Ж.Батзандан:Хүний эрхийн зөрчлийг үүс­гэгч  тө­рийн байгууллагын до­тоод журмууд гэж бий. Үүнд судалгаа  хийлгүй­гээр хүний эрхийг хам­гаа­лах тухай ярихад хэцүү. Цаг­дан хорих 461 дүгээр ангид очиход до­тоод жур­мууд нь хүний эрхийг ноц­той зөр­чиж байна. Үүнд судалгаа хийж, тэр жур­мыг өөрч­лөх талаар ко­мис­­сынхон ажил­лах ёс­той.

Д.Ганбат: Хүний эр­хийн комисс болоод шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газрынхан хууль тог­тоомж, төсөвтөө таа­руу­лан ажиллаж байгаа. Энд нэг зүйлийг тодруулж хэ­лэ­хэд үнэхээр сэтгэл гар­ган ажиллаж байгаа. Хү­ний эрхийн дэд хороо­ны­хон хорих ангиудад шал­галт хийхэд орчин нөхцөл нь тун тааруу байна. Ямар ч олон хоригдолтой юм. 2.7 сая хүн амтай орон 8000 хоригдолтой байна гэдэг байж боломгүй. Харин ч цөөхөн хүн амтай манай улс хүний эрхийн төлөөх үлгэр жишээ орон байх боломжтой. Үүний төлөө бид ажиллах ёстой юм.

Ж.Бямбадорж: Комисс ажиллаж байна уу гэдгийг хэн ч харсан тодорхой байгаа. Бид төрийн бай­гуул­лагатай харьцуулахад хамгийн их ачаалалтай ажилладаг. Манайхан өдөр, шөнөгүй ажил­лаж байна. Гэхдээ комисс сайн ажилласан ч хүний эрхийн зөрчил арилна гэж бай­даггүй юм. Нийгэм байгаа тохиолдолд хүний эрхийн зөрчил байж таар­на. Харин зөрчлийг нь гаргаж тавьж байгаа ко­мис­сын гаргасан санал зөвлөмжийг хэрэг­жүүлбэл дутагдал арилна. Харам­сал­тай нь, зөвлөм­жийг маань хэрэгжүүл­дэггүй юм.

Д.БОЛОРМАА

зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих