“МАШ НУУЦ” ашиг сонирхолын зөрчил…
Иргэний бүртгэл, мэдээллийн сангуудыг нийтэд ил болгох санал боловсруулсан нь дэлхий нийтийн чиг хандлагын эсрэг чиглэсэн, иргэдийнхээ эрх ашигт халдсан огт байж болохгүй шийдвэр юм. Мэдээлэл ил тод байхыг ийм байдлаар туйлшруулан хандах нь маш ноцтой үйлдэл болно.
Төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагууд ашиг орлого олох зорилготой үйл ажиллагааг явуулахдаа иргэдийн зөвшөөрснөөр тэдний хувийн байдалд холбогдох мэдээллээр мэдээллийн сан үүсгэн ажлаа хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийн технологийг нэвтрүүлэн, мэдээллийн сан бүрдүүлж ашигладаг. Гэтэл эдгээр мэдээллийн сангуудыг төрийн нууцын жагсаалтаас хассанаар хүссэн бүхэн ашиглах, гаргуулж авах, дамжуулах боломжтой болох юм.
Ер нь үнэ цэнэтэй, чухал, танилцах, мэдэх хүрээг хязгаарлах шаардлагатай мэдээллийг л нууцад хамааруулдаг. Үнэ цэнэ гэдэгт уг мэдээллийг задруулж, үрэгдүүлснээр учруулж болзошгүй хор хохиролын хэмжээний мөнгөн илэрхийлэл төдийгүй уг мэдээллийг бий болгоход гарсан шууд зардал, өртөгийг хамааруулан ойлгодог. Тэгвэл УБЕГ-ын иргэний цахим үнэмлэх олгохтой холбогдсон мэдээллийн санг 40 гаруй тэрбум төгрөгийн зардлаар бүрдүүлсэн байдаг бол НД-ын мэдээллийн нэгдсэн сангуудыг бүрдүүлэх ажилд өдөрт бүр дунджаар салбарын хэмжээнд 40 орчим сая төгрөг зарцуулах тооцоо байдаг бөгөөд 15 жилд бүрдсэн мэдээллийн сан гэхэд л ямар хэмжээний өртөгтэй болсон байх нь ойлгомжтой юм. Ийм мэдээллийн сангууд байгууллага, салбар бүрт байдаг. Тэгвэл эдгээр мэдээллийг төрийн хамгаалалтаас гаргасан нөхцөлд хүссэн бүхэн дээрх мэдээллийн сангуудыг гаргуулж авах, ашиглах, дамжуулах эрхтэй болно. Жишээ нь Мобиком сая гаруй хэрэглэгчдийнхээ мэдээллийн санг Япон улсад дамжуулахад ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн үг.
Таны хаанаас цалин орлого авсан, хаана ямар хэмжээний татвар шимтгэл төлсөн, хаашаа хэзээ зорчсон, хэзээ өвдсөн, ямар эмчилгээ хийлгэсэн, ямар өмч хөрөнгөтэй болон бусад бүх мэдээлэл нийтэд нээлттэй болно гэсэн үг. Ийм учраас эдгээр мэдээллийн санг төрийн хамгаалалтаас гаргана гэдэг нь иргэдийнхээ эрх , эрх чөлөөнд ноцтой халдах, тэдний эрх ашгийг зөрчих, амь биед нь аюул учруулах нөхцөл байдал үүсгэх боломжтой юм.
Харин төрийн нууцад хамаарах мэдээллийн сангуудыг ашиглах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг зохих түвшинд хангах, нууцын зэрэглэл бүрт тохирсон нууцлалын горимууд тогтоох эрх зүйн орчныг цаг алдалгүй бүрдүүлэх асуудал чухал байна.
Европын Холбооноос персональ компьютер анх ашиглаж байгууллага, иргэд мэдээллийн сан үүсгэх боломжтой болсонтой зэрэгцэн 1981 онд “Өгөгдлийг автоматжуулсан системд боловсруулахад хувь хүний мэдээллийг хамгаалах” Конвенцийг гаргасныг Европын орнууд одоо хүртэл мөрдөж байдаг бөгөөд хөрш орнууд болон ардчилсан чиг шугамаар хөгжиж буй ихэнх гадаад орнуудад үнэ цэнэтэй, чухал мэдээллийг хамгаалахтай холбогдсон “Мэдээллийн эрх зүй”-н хүрээний цогц орчныг бүрдүүлж, түүний дотор иргэдийнхээ хувийн мэдээллээр бүрдүүлсэн мэдээллийн сангуудыг мэдээлэл, холбооны системд хадгалах, хамгаалах, ашиглахтай холбогдох харилцаануудыг Англид “Data Protection Act 1998”, АНУ-д “Guide to Protecting the Confidentiality of Personally Identifiable Information(PII)”, ОХУ-д “Закон о персональных данных”, «Об информации, информационных технологиях и о защите информации» зэрэг хууль, эрх зүйн актуудаар нарийвчлан зохицуулсан байдаг.
Иймд иргэний бүртгэл, мэдээллийн санг төрийн нууцын жагсаалтаас хасах биш хамгаалах зохицуулалтыг илүү нарийвчлан тодорхой болгох шаардлагатай юм.
Иргэний бүртгэлийн буюу хувийн мэдээллийн сангуудыг төрийн хамгаалалтаас хассан нөхцөлд миний бие өөрийн хувийн мэдээллийг бүрдүүлсэн хувийн болон төрийн байгуулагуудын мэдээллийн сангаас өөрийн мэдээллийг хасах шаардлага тавих зайлшгүй шаардлагатай болно. Бусад иргэд ч ийм саналтай байна гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Ийм нөхцөлд Мэдээллийн аюулгүй байдлын тухай асуудал ч утга учраа алдана. Нууц буюу хязгаарлагдсан хандалттай мэдээллийг л хамгаалах, аюулгүй байдлыг хангадаг тэгвэл Монгол Улс дэлхийн улс орнуудад хамгийн чухалд үзэж буй иргэдийнхээ хувийн байдлын тухай мэдээллийг нэгтгэж сан үүсгэж мэдээллийн технологи ашиглан боловсруулах боломжтой болсоныг нууцлах шаардлагагүй гэж үзэж байна гэж ойлгогдохоор байна.
Энэ асуудал Монгол Улсад жижиг эрх ашиг харсан, төрд шургалсан албан тушаалтнууд өөрийн ашиг сонирхолыг хангахын тулд үндэсний ямар ч эрх ашгийг уландаа гишгэхэд бэлэн байдаг болсоны тод томруун жишээ болж байна.
Гэхдээ огт байж болохгүй энэ асуудлын учир тайлагдаж Монгол Улсын иргэдийн бүртгэл, хувийн байдалд холбогдох мэдээллийн сангууд төрийн хамгаалалтад үлдэнэ гэдэгт найдаж байна.
Одоогоор Монгол Улсад нууц мэдээллийг хамгаалахтай холбогдсон “Үндэсний аюулгүй байдлын тухай”, “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын төрийн нууцыг хамгаалах журам” зэрэг хууль тогтоомжийг дагаж мөрдөгддөг.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Мэдээллийн аюулгүй байдал хэсгийн 3.6.2.3-д “Хуулиар зөвшөөрсөн, өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд хувь хүний тухай мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг бол Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хувь хүн бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, ажлын утаснаас бусад мэдээллийг бусдад задруулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Төрийн нууцын тухай хуульд тогтоосноор “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа” төрийн нууцад хамаардаг юм.
Түүнчлэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.17-д төрийн нууцад хамааруулсан “Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан” гэдэгт Монгол Улсын иргэдийн бүртгэл, хувийн мэдээлэлд хамаарах тэдний ургийн овог, овог, нэр, оршин суугаа хаяг, нас, хүйс, гэрлэлт, нийгмийн байдал, өмч хөрөнгө, боловсрол, ашиг орлого, төлсөн татвар, шимтгэл, эрүүл мэндийн байдал зэрэг мэдээллийг агуулсан буюу эдгээр мэдээлэлд үндэслэсэн иргэдийн ашиг сонирхол, амь нас, эрүүл мэнд, хувийн амьдралд цаашилбал хууль бусаар олж авч боловсруулах, ашиглах замаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй, улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээлэл, холбооны системд бий болгон, хадгалж, хамгаалж, ашиглаж буй мэдээллийн сангууд, тэдгээрийн хуулбар, тодорхой хэсэг (цаасан суурь бүхий мэдээлэл, эх баримтууд мөн ) хамаардаг.
УБЕГ-ын үйл ажиллагаанд бүрдүүлэн, ашиглаж буй мэдээллийн сангууд төдийгүй бусад хувийн мэдээллээр бүрдүүлсэн мэдээллийн нөөцүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор төрийн нууцад хамаарч байгаа нь Монгол Улсын иргэдийн эрх ашиг, цаашилбал үндэсний аюулгүй байдлыг хангахад бүрэн нийцэж буй эрх зүйн зөв зүйтэй зохицуулалт гэдгийг энд хэлэхнь зөв биз.
Ямартай ч төрийн нууцтай холбоотой энэ асуудалд эрхэм “УЛС ТӨРЧИД” дороо суурьтай, дотроо бодолтой хандаарай гэж хүсэх байна.
new mn
URL: