“ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ” ЗАСАГ
18 дугаар зууны үед Италийн нэгэн аглаг газарт Михайл Колхан/орос дуудлагаар биччихлээ./ хэмээх жирийн нэгэн адуу маллагч залуу 2 хүү, хайртай ханийн хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ. Адуу маллан түүнийгээ хот хүрээ бараадуулан үнэ хүргэн зарж гэр ахуйгаа тэтгэн амьдарна. Нэг удаа тэрбээр суурин газар хэсэг шилмэл агтаа зарахаар явдаг бөгөөд явах зам нь нутгийн нэгэн газрын эзэн, хөрөнгөлөг нэгний эзэмшил газраар дайрдаг. Уг газрын эзэн өөрийнх нь газраар дайрч явахыг эс зөвшөөрч, явсан тохиолдолд өөрт нь татвар төл хэмээн нэхэв. Колхан түүнд татвар төлөх хууль дүрэм байхгүй гэдгийг учирлаж, энэ нь хууль бус гэдгийг хэлсэн боловч хүн хүч, хөрөнгө мөнгө ихтэй газрын эзэн тэгвэл ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буц хэмээжээ. Аргагүй байдалд орсон Колхан одоогоор өгөх мөнгө байхгуйгаа учирлаж, морьдоо сууринд зараад буцахдаа төлье гэсэн боловч газрын эзэн татгалзан барьцаанд нь 2 аргамаг хүлгийг нь авч үлдэв. Колхан ч морьдоо үнэ хүргэж зарчихаад буцахдаа морьдоо авах гэтэл газар хагалах ажилд өдөр шөнөгүй зараад эцэж ядарсан адсага болгосон байв. Колхан морьдынхоо оронд хариу төлбөр нэхэн шүүхдсэн боловч газрын эзэн өөрийн найз авилгач шүүгчээрээ түүний эсрэг шийдвэр гаргуулав. Энэ маргаанд эр нөхрөө хамгаалан хамт шүүхдэлцэж явсан Колханы эхнэрийг шүүгч, түүний талынхан зодсоны улмаас эхнэр нь харамсалтайгаар нас бардаг. /Холливуудынхан энэ талаар уран сайхны кино хийсэн байдаг бөгөөд кинон дээр бол эхнэр нь жолоодлоггүй болсон морин тэргэнд дайруулан үхдэг./ Колханы хувьд энэ бүхэн үнэхээр эмгэнэлтэй, ШУДАРГА БУС хэрэг байв. Хуулиас гадуур татвар хураамж төлнө, дээр нь хамгийн хайртай хань ижлээ алдах… Тэр шударга ёс хаа байна аа. Шударга ёсыг тогтоох ёстой шүүх нь хаа байна аа. Энэ бүхэн үнэхээр ариун явдал мөн гэж үү?
Болсон явдалд нутгийн иргэд ч мөн адил ихэд хилэгнэн бухимдаж, Колханы “шударга ёсыг хууль, шүүх нь тогтоож чаддагүйм бол өөрсдөө тогтооё” хэмээх уриалгыг дэмжин тэр нутаг даяар бослого, үймээн дэгдээв. Юун түрүүн тэд өнөөх татвар нэхдэг газрын эзний орон байрыг галдан түймэрдээд улмаар бусад газрын эздийн баялгийг ч дээрэмдэн, сүүлдээ заримыг нь алж талж эхэлдэг. Энэ бослого явсаар даамжирч улс орныг хамарсан эмх замбараагүй байдал руу түлхэн, бие биенийхээ эрх чөлөөнд халдах, устгах, сүйтгэх нь ердийн хэрэг болж хувирсан тул арга буюу улсын Эзэн хаан цэрэг хөдөлгөн тэднийг баривчилж шударга шүүхээр оруулдаг. Эзэн хаанаас томилогдсон шударга шүүх хэргийг авч үзээд хамгийн анх энэ хэрэг маргааныг эхлүүлсэн гайт газрын эзэнд Колханы 2 морьдыг өөрөө биечлэн гардан арчилж буцааж хэвийн байдалд нь оруулан Колханын гэр бүлд өгөх шийдвэрийг гаргав. Харин авилгад автан хэргийг анх буруугаар шийдсэн шүүгчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Харин Колханыг хэрхсэн бол гэж Та боджийн?
Колханд хэдийгээр ТӨР хамгийн энэрэнгүй бус хандаж, өөрөө нийгмийн шударга ёсыг тогтоохоос өөр аргагүй байдалд орж, тэмцсэн хэдий ч өөрийнхөө энэ үйлдлээрээ “НИЙГМИЙН ШУДАРГА ЁСЫГ ХУУЛИАС ГАДУУР ТОГТООХ” алхам хийж, олон хүний амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд халдсан хэмээн буруутгагдаж алах ял аваад дуусдаг. Үүнээс хойш “НИЙГМИЙН ШУДАРГА ЁСЫГ ХУУЛИАС ГАДУУР ХЭН Ч ТОГТООХГҮЙ” гэдэг хууль зүйн болон шударга ёсны афоризм нийгэмд хэлбэршин түүнийг төгөлдөршүүлэн эрхэмлэх нь аль ч улсын төрийн, иргэн бүрийн үүрэг болжээ.
Монголчууд бид зорилго нь аргаа зөвтгөдөөг гэж ярьдаг. Тэгвэл эв хамтаар нийгмийн нэг гишүүн болсныхоо хувьд хэдий зорилго нь сайхан байсан ч түүнийг хэрхэвч хууль бус арга замаар хэрэгжүүлэх учиргүйг орчин цагт АРДЧИЛСАН НИЙГЭМ хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ хуульд нь асуудал байгаа бол түүнийг шинэчлэн сайжруулах замаар л зорилгодоо хүрэх ёстой. Парламентат ёс, төлөөллийн ардчилал, олон ургальч үзэл, цөөнхийг хүндэтгэх, олонхоороо шийдвэрлэх гээд бүх асуудлууд чухамхүү үүнд л суурилдаг. Тэр утгаараа ШИНЭЧЛЭЛ хэмээх тодотголыг зүүх аливаа үйл хэрэг нь ХУУЛЬ ЁСНЫ байж байж л энэ мөн чанараа хадгалах эрхтэй болдог. ХУУЛЬ ЁСНЫ БУС аливаа үйлдэл нь ШИНЭЧЛЭЛ гэх хаяг адресийг өөртөө нялзаах эрхгүй бөгөөд энэ нь өөрөө сөрөг үр дагавар үүсгэдэг. Яах гэж бид 4 жил тутам хэрүүлтэй уруултай сонгууль гээчийг явуулж, олон хүний хүч хөдөлмөр, өөрсдийнхөө ч нервийг барж, заримдаа бүр залхаж, бушуу цаашаа хэмээн гутлынхаа урд хоншоорыг л харж явбал барав хэмээн загнадаг вэ? Нэгэнт л бүгдээрээ хууль тогтоогч хийх боломжгүйгээс хойш ард олны сонголтын дүнд хууль ёсны ЗАСАГаа байгуулдаг. Тиймийн учир ЗАСАГ нь хууль ёсны чадамжтай байж, өөрөө хуулиа үлгэрлэн биелүүлдэг байх нь түүний хүлээн зөвшөөрөгдөх хууль ёсны гол легитимнист шинж чанар юм.
Харамсалтай нь манай ЗАСАГ-ийн хууль ёсны байх утга нь Төрийн албаны тогтолцоонд гажуудаад удаж байна. Бүр хууль ёсны бус байх нь зүй ёсны юм шигээр энгийн ухамсарт ч, засаглалын дээд хэлбэртээ ч ойлгогдож хэлбэржиж эхэллээ. Би энд Засгийн газар нь яамдын Төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд агентлагын дарга, төрийн жинхэнэ албаны удирдах албаныхан бүгд “үүрэг гүйцэтгэгч” гэсэн шошготой болсныг хэлж байна. Уг нь эднийг Засгийн газар нь жинхэлчихвэл жинхэлчихээр л хангалттай хугацаа өнгөрлөө. Бүр он дамнасныг тооцвол 2 дахь жил рүүгээ орлоо. Тийм жинхэлчихэж боломгүй “үл бүтэх” нөхдүүд томилогдоод, тэд нь тараа таниулаад байгаа юм болов уу гэтэл бас үгүй юм аа. Гол асуудал тэднийг хууль ёсны жинхлэхэд бэрхшээл байгаа болтой. Учир нь тэднээс хэн нь ч урьд нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг урьд нь өгч байгаагүй буюу жинхэнэ албаны нөөцөд байхгүй байгаад гол учир нь байж. Одоо хүчин төгөлдөр хуулиар ядаж байхад тийм хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулахыг хорьчихсон байдаг. Ардын хүүхэд түрүүлж болдоггүй яасан наадам бэ гэгчээр өөрсдөө болохоор шалгалт шүүлэгт орж, сонгон шалгаруулалтгүйгээр төрд алба хашиж болдог, ардын хүүхэд төрийн албанд оръё, зүтгэе гэхээр заавал чи заавал шалгалт өгөх ёстой гэсэн зүй бус шаардлагыг хэдий болтол тавих юм бэ, энэ засаг? Хуулиар хориглосоор байтал хэдий болтол “үүрэг гүйцэтгэгч” нэрээр төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага үүрэх юм бэ тэдгээр хүмүүс нь… Миний хувьд тэдгээр хүмүүст нь буруу өгөх юм уу, сайн муугаар нь хэлэх сонирхол үнэндээ алга. Олон сайн шинэчлэгдсэн хүмүүс шинэ зүйл санаачлаад, шинэ үр дүнд хүрээд, бас хүрэх гээд зүтгэж байгааг буруутгамгүй байна. Гагцхүү тэдний хууль ёсны хэмээгдэхгүй байгаа байдал нь олон үр дагавруудыг цаашид ужигруулж байгаад санаа зовж байна. Наад зах нь тэдний гаргаж буй шийдвэрүүд хууль ёсны болж чадах уу?, шийдвэрийнх нь үр дагаврыг гаргасан этгээд нь хариуцах уу, эсхүл “үүрэг гүйцэтгүүлж” байгаа Засгийн газар хариуцах уу? Нэгэнт “үүрэг гүйцэтгэж” байгаа юм чинь хоноцын сэтгэлээр хандахыг хэн байг гэх вэ? гэх мэт олон асуудал урган гарч байна.
Сүүлийн үед Засгийн газрын тэргүүн маань орон нутгийн сонгуульд зөвхөн өөрийн нам нь ялсан газрын үр дүнг баталгаажуулдаг, ялагдсан газрынх нь үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй завхруулдаг жишгийг тогтоож эхэллээ. Ард түмнээ алагчилдаг тэдний сонголтыг өөрийн Ерөний сайдын суудлаа аль болох удаан хадгалах зэвсэг болгон ашигладаг ЗАСАГ-ын тэргүүнтэй болж. Яг л нэгэн цагт XXIV Людовик хаан “би бол төр” гэж хэлж байсантай адилхан. Төрийнх нь дээр уг нь хууль ёс гэж байдаг юм шдээ. Орон нутгийн сонгуулиар олонх болсон Иргэдийн төлөөллийн байгууллагаас нэр дэвшсэн хүнийг нь Ерөнхий сайд батламжлах л үүрэгтэй. Тэрнээс биш өөрт нь таалагдах эсэх, өөрийнх нь намын харъяалалтай байх эсэх асуудал энд ер падгүй. Зарим аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг 3-4 удаа буцаасан ч гэх шиг, бүр өөрөө удирдах ёсны байгууллагын Үндсэн хуульд заасан эрх мэдэлд халдаж мөн л сурсан зангаараа “үүрэг гүйцэтгэгч” тавилаа ч гэх шиг мэдээлэл сонсогдож эхэллээ. Энэ Монгол Улсад ер нь ойрын үед хууль засаглах шинж байна уу? Уг нь энэ талаар улс төрийн намууд талцаад цэц булаалдаад байх хэрэг байхгүй юм шдээ. Яг ийм төрлийн маргаан манайд урьд нь гарч байгаагүй биш болж л байсан. Тэр ч байтугай Үндсэн хуулийн Цэцээр хүртэл шийдвэрлэгдэж эцсийн дүгнэлт нь гарч байсан юм шүү. Жишээ нь: Ерөнхий сайд ИТХ-ын эрх хэмжээнд халдан “үүрэг гүйцэтгэгч” томилж байсан асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 1996 онд 10 тоот дүгнэлт, Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн тухай 1997 онд 02 тоот дүгнэлт гаргаж байсан практик бий. ҮХЦ-ийн 1996 оны 10 тоот дүгнэлтэнд: “3.Монгол Улсын Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор нэр дэвшүүлж, санал болгоогүй Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын хууль ёсны орлогч ажил үүргээ гүйцэтгэсээр байхад нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр захирамж гарган томилсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гээд Ж.Наранцацралтыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Монгол улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн тул хүчингүй болгосугай.” гэж эцэслэн шийдвэрлэсэн байдаг.
Хэрвээ Н.Алтанхуяг Ерөнхий сайд аймгийн Засаг даргын “үүрэг гүйцэтгэгч” нарыг томилсон бол дээрх Цэцийн шийдвэр ёсоор мөн л Үндсэн хууль зөрчсөн болж таарах нь… Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд нь хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө толгойгоороо батлан даадаг этгээд шдээ. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт Цэцээр гаргуулах юм бол хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж УИХ-ын даргын сэнтийгээсээ огцордог шиг шууд л толгой бөхөс, бөндгөр тас гэгч л болий шдээ. Үүнийгээ мэддэгүймүү, эсхүл хажуудахь зөвлөхүүд нь “Хоролмаадаад” байгаамуу?
Монголчууд уламжлалт баяр Цагаан сарынхаа өмнө аливаа өр ширгүй, билиг билигийн дээдийг хэлэлцэн ондоо орохыг эрхэмлэдэг. Засгийн газар маань ч гэсэн энэ хууль бус “үүрэг гүйцэтгэгч” гэсэн хаягаа авч хаяж онд орохыг бэлгэдэн ерөөе.
Хууль ёсны бус томилгоогоор дүүрсэн ЗАСАГ гэсэн шошгоо засч цэвэрлэн онд мэнд тарган тавтай орохыг хүсье даа. Тэхгүй бол үүнийг сайн дураараа засах гэсэн Колхануудын тоо улам бүр олон болохыг үгүйсгэх аргагүй боллоо шүү…
Б.Энхбаяр
2013 оны 1 дүгээр сар 8
new.mn
URL: