Япон анх удаа Хятадад эсэргүүцэл илэрхийлэв
ТОКИО. /Франс Пресс/. Үндсэрхэг үзэлтнүүдийн засгийн газар байгуулагдсанаас хойш анх удаа Япон улсын Гадаад хэргийн яам өчигдөр Хятадад албан ёсоор эсэргүүцэл илэрхийлэв.
Өчигдөр БНХАУ-ын дөрвөн хөлөг онгоц Сенкаку арлын эргэн тойрон дахь нутаг дэвсгэрийн усанд орсонтой холбогдуулан Токио дахь Хятад улсын Элчин сайд Чэн Юнхуа Японы Гадаад хэргийн сайдын орлогчид дуудагдсан байна. Сенкаку арлын хятад нэр нь Дяоюйдао бөгөөд Дорнод Хятадын тэнгис дэх хүн амьдардаггүй эдгээр арлын төлөө дээрх хоёр улс хэдэн арван жилийн туршид маргалдсаар ирсэн билээ. Япон улс цаашид ийм явдал дахин гаргахгүй байхыг шаардсан байна.
Харин Хятадын дипломатч дээрх арлууд нь БНХАУ-д харьяалагддаг хэмээн мэдэгдсэн хэдий ч Японы эрх баригчдын эсэргүүцлийг Бээжинд уламжлахаа амласан аж.
Японы Засгийн газрыг Либерал-ардчилсан намын дарга Синзо Абэ тэргүүлэх болсноос хойш анх удаа Япон Хятадын харилцаа хурцадлаа. Японы шинэ Ерөнхий сайд нь үндсэрхэг үзэлтэн хийгээд хуучныг баримтлагч гэдгээрээ цуутай бөгөөд сонгуулийн өмнө Сенкаку арал зэрэг маргаантай нутаг дэвсгэрийн талаар сөргөлдөөнтэй байдаг Хятадын талаар хатуу бодлого баримтлахаа амлаж байсан билээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сенкаку арлыг АНУ эзлэн авч 1972 онд Сан-Франциско хотод энхийн гэрээ байгуулсныхаа дараа Окинава арлын хамт Японд шилжүүлсэн байдаг. Харин Бээжин дээрх гэрээ нь Хятад улсын оролцоогүйгээр батлагдсан тул Токио эдгээр арлыг хууль бусаар тогтоон барьж байна хэмээн нотолсоор байгаа юм. Эртний энэ сөргөлдөөн хурцадсан явдлын шалтгаан нь дээрх арлын эргэн тойрны усанд байгалийн хийн ордыг илрүүлсэн явдал юм.
Дээрх арлуудаас үүдэлтэй өмнөх дипломат дуулиан шуугиан нь өнгөрсөн 12 дугаар сарын 13-нд Хятад улс маргаантай арлууд руу нисэх онгоц илгээсэн явдлаас үүдэн дэгдсэн билээ. Энэ нь 1958 оноос хойш БНХАУ-ын зүгээс агаарын хилийг зөрчиж байгаа анхны тохиолдол хэмээн тэр үед Япон улс мэдэгдэж байв.
С.Амар
URL: