Халтиргаанд замын стандарт нөлөөлж байна
Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан энэ онд замын халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттай байгаа талаар мэдээлж байсан. Энэ байдлаас болж иргэд бэртэж гэмтэх, зам тээврийн осол нэмэгдэж байгаа талаар Замын цагдаагийн газраас удаа дараа анхааруулах болов. Замын халтиргааг хэрхэн зохицуулж байгаа талаар нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Х.Норовоос тодрууллаа.
-Замын халтиргаа, гулгаанаас болж иргэд гэмтэх тохиолдол нэмэгдсэн байна. Нийслэлийн зам талбайн цасыг цэвэрлэх ямар ажил хийж байна вэ?
-Нийслэлийн Хот тохижолтын газрынхан энэ жилээс Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн автозамыг халтиргаа, гулгаанаас сэргийлэх бодис цацах ажлыг хариуцаж байна. Харин туслах зам болон харьяа дүүргийн зам талбайг тухайн дүүргйин ТҮК-иуд хариуцах болсон. Манай газрын хувьд үндсэн замууддаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 6-наас эхлэн 50 орчим удаа 460 орчим тонн бодис, давс цацсан. Энэ нь өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, энэ жил хангалттай давс, бодисыг цацаж байгаа.
-Төв замыг цэвэрлэх давс, бодисын нөөц хангалттай юу?
-Одоогоор төв замуудад давс цацаж байна. Манайд 170 тонн бодис оны өмнө Захирагчийн ажлын шугамаар ирсэн. Үүнээс 50 хувийг нь хэрэглэчихсэн. Нэг удаагийн цацалтаар халтиргаа гулгаа ихэссэн, хялмаа хаях үед 10 гаруй тонныг цацдаг. Манайх өмнө нь Нарны замыг хариуцдаг байхад 50-60 тонн цацдаг байсан. Харин одоо бол давс, бодисын нөөц нэмэгдсэн. Энэ жил хангалттай цацаж байна. Өглөөний 05.00 цагаас зам дээр давсаа цацдаг. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 15 бригад ажиллаж байна.
-Халтиргаанаас болж гэмтэж бэртсэн иргэд танайх руу хэр хандаж байна. Хохирлоо барагдуулахад хаана хандах вэ?
-Нийслэлийн зам талбайд халтиргаа их байна, гар хөлөө хугаллаа гэх гомдол тасардаггүй. Тэд ихэвчлэн явган хүний зам болон дүүргийн ТҮК-иуд анхаарах ёстой газруудад гэмтсэн байдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд нийслэлийн ИТХ-ын тогтоол гарсан. Байгууллага аж, ахуйн нэгжүүд өөрийн гаднах нийтийн эзэмшлийн 50 метр талбайг тохижуулах, мод тарих, халтиргаа гулгаанаас хамгаалах үүрэгтэй. Явган хүн халтирч унахад харьяа дүүргийн ТҮК хариуцна. Гомдлыг нь барагдуулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших зөвшөөрлийг цуцална. Иргэд ч идэвх санаачлагатай, анхаарал болгоомжтой нийтийн эзэмшил газраар явах учиртай. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоо дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Харьяа дүүргийн зам талбайг ТҮК-иуд хариуцдаг гэлээ. Гэтэл энэ газраар иргэд гэмтэх тохиолдол их байна. Танай байгууллагаас тухайн ТҮК-иудад шаардлага хүргүүлэх боломжтой юу?
-Дүүргийн ТҮК-иудад хог тээвэрлэлтэд гарч буй алдаа дутагдлын талаар манайхаас хандаж болдог. Учир нь манайхаас санхүүжилт олгодог. Харин халтиргаа, гулгааны талаар хандахад хэцүү. Тэд боломжоороо үйл ажиллагаа явуулж байна, давс бодисоо цацаж байна гэдэг. Гэвч дотоод үйл ажиллагаа, хэрхэн хэчнээн хэмжээний давс бодис цацаж байгаа талаар мэдэх боломжгүй. Хот тохижилтын газраас шаардлага тавих механизм байхгүй.
-Замын халтиргаа гулгааны асуудал жил бүр хөндөгдөх юм. Энэ чиглэлээр гадаадын улс орноос үлгэр жишээ авч хэрэгжүүлэх талаар ямар саналтай байна?
-Гадаадын улсуудад энэ асуудал адилхан хөндөгддөг. Яахав, чийглэг уур амьсгалтай оронд замын хальтиргаа бага. Харин манай улс хүйтэн уур амьсгалтай учир хүндрэлтэй юм. Харин улсынхаа онцлогийг харгалзаж шийдвэрлэе гэвэл замын стандартад анхаарах ёстой. Ялангуяа явган хүний замын алаг хавтан дээр зуны улиралд ч халтирдаг шүү дээ.
URL: