“PEACE TOWER”-ийнхнаас мөнгөө нэхэмжилье
“Sunday констракшн” Монголдоо гайгүй барилгын компаниудын нэгд тооцогддог байх. Тийм ч учраас 2009 оноос баригдаж эхэлсэн “Peace tower” цогцолборт нь орохоор бизнесмэнүүд, компанийн эзэд захиалгаа өгсөн биз. Оффис, худалдаа, үйлчилгээний цогцолбор болсон уг барилга ашиглалтад орох хугацаа нь 2012 оны гуравдугаар сар байв. Харамсалтай нь одоо болтол ашиглалтад орсонгүй. Тэр ч бүү хэл хэзээ ашиглалтад орох нь бараг тодорхойгүй байна.Гуравдугаар сард шинэ байрандаа орно гэж бодсон компани, аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч байж шинэ оффисынхоо төлбөрийг төлсөн байна.Гэвч байр одоо болтол ашиглалтад ороогүй байгаагаас болж бизнесмэнүүд бүтэн найман сарын турш банкны зээлийн хүүгээ ямар ч үр ашиггүйгээр төлж, алдагдал хүлээгээд байгаа юм.Тийм ч учраас одоо найман сарын турш алдагдалд орсон компаниуд алдагдлын мөнгөө “Peace tower”-ынхнаас нэхэмжилье гэж ярилцжээ.
Өнөөдөр банкны зээлийн жилийн дундаж хүү 20 хувь байна.Сард нь тооцвол 1.8-2 орчим хувь, магадгүй үүнээс ч өндөр хүүтэй байгаа.Хотын төвийн А зэрэглэлд оффис худалдаж авах, түрээслэнэ гэдэг тийм ч хямдхан биш гэдэг нь ойлгомжтой.Ихэнх бизнесмэнүүд, компани, аж ахуйн нэгжүүд зээл авч байж л төлбөр энэ тэрээ хийсэн биз.Гэтэл шинэ байрандаа орж чадаагүй байж, банкны зээлийн хүү төлөөд явна гэхээр “шударга явдал” мөн гэж үү. “Peace tower” болон “Сандэй” группийн зүгээс барилгаа удахгүй ашиглалтад оруулна гэхээс өөр зүйлийг төдийлөн ярихгүй байна. Уг нь нэгдүгээр сардаа багтаад ашиглалтад орно гэсэн ч “үнэр” ч алга байна билээ.Ер нь ганц “Peace tower” ч гэлтгүй барилгын компаниуд шинэ барих барилгаа ашиглалтад оруулах хугацаанаас нь хожимдуулах нь элбэг байдаг.Жишээ нь гуравдугаар сард байраа ашиглалтад оруулна гэж компани, аж ахуйн нэгжүүдээс мөнгө татчихаад санаатай болон санаандгүй байдлаар удаашруулж, харилцагчдаа хохироох нь Өрсөлдөөний тухай хуультай харшилж байна уу.Энэ шударга өрсөлдөөн байж чадах уу гэсэн асуултыг ШӨХТГ-ын албаны эх сурвалжаас тодруулсан юм.ШӨХТГ-ын хуулийн зөвлөх С.Цогтгэрэл “Энэ асуудлыг гэрээгээр л зохицуулна.Компани, аж ахуйн нэгжүүд гэрээгээ байгуулахдаа хайнга ханддагаас болж иймэрхүү асуудалд орох тал байдаг.Жишээ нь барилгын компани шинэ барилгаа гуравдугаар сард ашиглалтад оруулна гэчихээд тавдугаар сард ашиглалтад оруулбал хоёр сарын алдагдлыг хэн хариуцах вэ.Магадгүй гэрээндээ ашиглалтад оруулахаас хожимдуулсан тохиолдолд зээлийн хүүг гүйцэтгэгч байгууллага төлнө гээд оруулж болно шүү дээ.Энэ мэтээр гэрээндээ л анхаарах хэрэгтэй” гэв.Түүнчлэн хэрвээ гэрээнд ийм зүйл заалт тусгасан байвал хуулийн дагуу хохирлоо нэхэмжлэхэд нээлттэй гэдгийг дуулгасан юм.
“Сандэй констракшн” болон “Peace tower”-той гэрээ хийсэн компаниуд ийм зүйл заалт гэрээндээ тусгасан эсэхийг мэдэхгүй юм.Хэрвээ тусгасан бол гэрээнийхээ үүргийг биелүүлэх ёстой гэдгээ өөрсдөө мэдэж байгаа биз. Нөгөөтэйгүүр энэ нь бизнесийн ёс зүйтэй холбоотой л асуудал шүү дээ. “Сандэй констракшн” барилгаа ашиглалтад оруулахгүй удаалаа гээд Өрсөлдөөний тухай хуулиар шийтгэнэ, барина гэсэн зүйл байхгүй гэсэн. Гэхдээ бүр хэт удааж, харилцагч, хамтрагчдаа гомдоовол харин Эрүүгийн хуулийн залилангийн зүйл заалтаар буруутгагдахыг ч үгүйсгэхгүй юм. Гэхдээ энд хэн нэгнийг заавал буруутгая гэж бодсонгүй. Гагцхүү өөрсдийгөө Монголын шилдэг нь гэж нэрлэх дуртай “Сандэй констракшн”-ийнхан ийм байхаар бусад нь яах болж байна вэ. Нийгмийн хариуцлага, ёс зүй, бизнесийн зарчим гэж зүйл байна.Бизнест цаг бол алт, “За, гэсэн бол ёогүй л байх ёстой.Яах вэ, нэг эсвэл хоёр сар хойшилсон бол элдэв зүйл ярихгүй байж болохсон.Гэтэл бараг бүтэн жил хойшлуулчихаад хэнэг ч үгүй “надад хамаагүй” гээд сууж байж болохгүй биз дээ.Тэгэхээр “Сандэй констракшн”-ийн хувьд заавал элдэв гэрээний заалт гэлгүйгээр зүгээр л хохирсон компаниудын хохирлыг барагдуулаад өгчих.Тэгж байж, “Сандэй”-гийнхан илүү ёс зүйтэй, шилдэг гэсэн имижээ хадгалж үлдэнэ.Харин тэр болтол хохирол, алдагдал хүлээсэн компаниуд мөнгөө нэхэмжлээд л байж дээ.
Л.Энхдэлгэр
URL: