Х.Тэмүүжин сайдад хаягласан заналхийлэл М.Ганхүүг халаагүй байхад эхэлжээ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг заналхийлсэн хоёр дахь захидал ирж гэнэ.Уг нь анхны захидлаас ч өмнө ирсэн боловч төөрч будилж яваад энэ сарын 10-нд эзэндээ ирсэн нь тэр юм билээ.Засгийн газар байгуулагдаад сар ч болоогүй байхад буюу өнгөрсөн есдүгээр сарын 14-нд тодорхой хаяггүй захидлыг Төрийн ордны бичиг хэргийн өрөөний хаалганы доогуур шургуулсан байсан аж. Бичиг хэргийн ажилтнууд тодорхой нэр хаяггүй уг захидлын эзнийг олоод өгчих санаатай задлаад үзтэл заналхийлэл бүхий утга санаатай байсан тул Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ.Уг захидлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлж, бүр бүрэн эхээр нь ч нийтэлж байсан.Хоёр захидал утга агуулгын хувьд ижил төстэй боловч үг үсэггүй адилхан биш аж.Өөрөөр хэлбэл эхний захиа төөрөөд алга болсон.Алга болсны учир нь Тагнуулын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газраар дамжин эзэндээ очихгүй удсанд буй.Ингээд захидал эзэндээ очих хугацааг үл тэвчсэн “заналхийлэгчид” дараагийн захидлаа бичсэн нь тэр.
Сайдыг “занасан” захианы эзэн маш хурдан хугацаанд тодорсон.Тэр тусмаа Төрийн ордон дотроос шүү.Захианы эзэн нь УИХ-ын Тамгын газарт ажилладаг Н.Нарантуяа байсан аж.Тэрбээр ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүү генералын гэргий бөгөөд захиаг ажлын компьюьер дээрээ бичсэн болохыг оны өмнөхөн тогтоосон байдаг.Сонирхолтой нь эхний захидал бичигдэх үед М.Ганхүү ШШГЕГ-ын даргаар ажилласан хэвээр байж.Харин хүү нь Эрүүгийн цагдаагийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад Нийслэлийн цагдаагийн газар руу шилжсэн байлаа.Тэгэхээр уг захианы сэдлийг хүүгээ ажлаас халсанд дургүйцсэн эхийн сэтгэлээр тайлбарлах болж таарч байна.Мөн эр нөхрөө удахгүй халагдана гэдэг ам сургийг ч авсан байж болох юм.
Одоо уг захианы эзэн Н.Нарантуяа гэмт хэрэгтэнд тооцогдоно.Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Миний ээж шиг хүн ийм зүйл бичсэн гэдэгт итгэмгүй…Ээж шиг минь хүн гэмт хэрэгтэн болж байгаа нь харамсалтай” гэхчлэн бичжээ.Хэдийгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэр эмэгтэйг уучилсан ч уг хэргийг хэрэгсэхгүй болгох аргагүй ажээ.Учир нь жирийн иргэнийг бус төрийн өндөр алба хашиж яваа хүнийг алахаар заналхийлэх нь хэргийг хүндрүүлж, тэр тусмаа хохирогчийн гомдлыг үл харгалзан хуулийн дагуу шийтгэх ёстой хэрэгт багтдаг гэнэ.
Хууль зүйн сайдаар гурвантаа томилогдож ажилласан Ц.Нямдоржид ийм ил цагаан заналхийлэл ирж байсан эсэхийг мэдэхгүй юм. Магадгүй МАН-ынхан ийм “эмзэг” сэдвийг “”хөшигний цаана” шийдээд сурчихсан болохоор зарим нь Х.Тэмүүжин сайдыг хараад шоолж суухыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч сайдын томилгоо, шинэчлэлийн цаана тодорхой хэмжээний аюул, заналхийлэл нуугдаж байдгийг энэ удаад гэнэн цагаахан шинэ сайд ил гаргачихсан ч байж болох юм. Хамгийн аймшигтай нь Төрийн ордонд, тэр тусмаа УИХ-ын Тамгын газарт ямар хүн ажиллаж байсан юм гээд бодохоор тэгтлээ хүсээд байхаар “орд харш” биш бололтой.
У.Оргилмаа
URL: