Дэлхийд данстай Монгол хүү
Энгийн бас эрхэмсгийн нэгдэл болсон дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд Монгол Улсын нэрийг гаргаж яваа цөөхөн уран бүтээлчийн нэг нь Д.Алтанхуяг. Энэ эрхмийг Монгол төдийгүй дэлхий өндрөөр үнэлдэг билээ. XX зууны манлай бүжиг дэглээч Роланд Петитийн нүдэнд өртсөн нь түүний ямархан авьяастай, ур чадвартайг илтгэх биз ээ.
Дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтаж их гүрнүүдийн тайзнаа гоцолдог тэрбээр АНУ-ын “Бостон балет”-аар овоглодог. Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт харьяалагддаг. “Ла Скала” болон Японы “Комаки балет” компанийнхан түүнийг хүндэт бүжигчнээрээ өргөмжилсөн. Ингэж л монгол хүн дэлхийн шилдгүүдийн эгнээнд тодоос тод гялалзаж явна.
Гэхдээ тэрбээр өөрийгөө өндөрт өргөмжлөх дургүй. Энгийн байхыг эрхэмлэж бусдаас бус өөрөөсөө алдаагаа хайдаг бүтээлч нэгэн юм билээ. Д.Алтанхуяг багаасаа урлагт дурласан гэхэд хилсдэхгүй. Түүний аав гавьяат жүжигчин, бий биелгээч хүн бий.
Тиймдээ ч Д.Алтанхуяг таван настайгаасаа бий биелгээгээр бүжиглэж авьяасаа гайхуулсан хүүхэд байж. Тэрбээр хүүхэд насаа өвөө эмээгийн хамт Ховд аймагт өнгөрүүлж, бусдын адил мал хариулж өсчээ. Ховд аймгийн арван жилийн сургуулийг төгссөнийхөө дараа Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцсан байна.
Ингэж л их урлагт хөтөлсөн багш нартайгаа танилцсан аж. Өдгөө 30 настай Д.Алтанхуяг одоо Монголынхоо сонгодог урлаг тэр дундаа балетыг дэлхийд таниулахын төлөө зүтгэж явна. 20 гаруйхан настайдаа Гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол тэмдгээр хөдөлмөрөөрөө үнэлүүлсэн тэрбээр их урлагийнхаа арвин баялгаас монголчууддаа танилцуулахаар олон ажлыг зохион байгуулсаар байна.
Түүний хүсэл мөрөөдөл ч үүнтэй холбоотой. Тэрбээр энэ тухайгаа “Дэлхийд алдартай театрын тайзнаа, нэр хүндтэй тоглолтод урилгаар оролцож байхдаа эх орныхоо үзэгчдэд хүргэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Чадварлаг бүжигчидтэй хамтран ажиллаж байгаагийн хувьд сонгодог урлагт хайртай үзэгчдэдээ тэднийг ойртуулахыг хүссэн” хэмээн ярьжээ.
Д.Алтанхуягийн сонгодог урлагт оруулсан хувь нэмэр
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хоёр жилийн өмнө “Монголын балетын хөгжил” санг байгуулсан. Олон нийтэд сонгодог бүжгийн урлагийг сурталчлах, сургалт зохион байгуулах, залуу боловсон хүчинг бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, балетын урлагийг хөгжүүлэх, олон улсын тоглолт, уралдааныг зохион байгуулах зорилготой эл сан байгуулагдсан цагаасаа дэлхийд Монголыг сурталчилсан олон ажлыг хийсэн.
Японы “Комаки балет” компанийн бүжигчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь урьж, монголчуудад дэлхийн бүжгийн ододтой танилцах боломжийг олгосон юм. Мөн өөрийн хамгийн дуртай А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохогийн хамт бүжсэн гээд түүний сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг тоочоод баршгүй билээ.
Харин одоо тэрбээр өөрийн харьяалагддаг “Бостон балет”-ын бүжигчидтэй хамтран “Хунт нуур” бүжгэн жүжгийг толилуулахаар бэлтгэж байна. Түүнтэй нэг тайзнаа бүжих АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нар манай оронд саатаад удаагүй байгаа юм.
Ийнхүү “Сонгодог бүжгийг олон нийтэд сурталчлан таниулах” жил болгон зарласан 2013 он алдарт П.И.Чайковскийн бүтээлээр эхэлж байна. “Хунт нуур” бүжгэн жүжгийг манай улсад анх 1975 онд тавьсан түүхтэй. Харин дэлхийн түүхийн хуудаснаа 1877 оны хоёрдугаар сарын 20- нд Москвагийн “Их театр”-т тавьсан хэмээн тэмдэглэсэн байдаг.
Гавьяа, Шагнал
1998 – Болгарын Варна хотод болсон “Олон улсын бүжгэн жүжигчдийн наймдугаар тэмцээн”-ий тусгай байр
2000 – АНУ-ын Нью-Йорк хотод болсон “Олон улсын бүжгийн жүжигчдийн тэмцээн”-ий тусгай байр
2001 – Японы Токио хотын Ази Номхон Далайн орнуудын тэмцээний алтан медаль
2002 – ОХУ-ын Пермь хотод болсон Олон улсын балетын долдугаар тэмцээнд оролцож, мөнгөн медаль, “Шидэг модерн бүжигчин” цол болон үзэгчдийн шагнал хүртсэн
2002 – АНУ-ын Жексон хотод болсон Олон улсын балетын долдугаар тэмцээний тусгай байр
2003 – Токиогийн Ази, Номхон далайн орнуудын тэмцээний хүрэл медаль
2003 – Чех Улсын Праг хотод болсон Олон улсын балетын анхдугаар тэмцээний гуравдугаар байр
2003 – Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, “Монгол бахархал” өргөмжлөл
2005 – Монгол Улсын гавьяат бүжигчин цол, “Оны онцлох хүн”, “Монголын бахархал” өргөмжлөл
2005 – Нью-Йорк хотын Олон улсын “New York International ballet Competition” тэмцээний хүрэл медаль
2006 – “Алтан сарнай” өргөмжлөл, Соёл урлагийн салбарын оны шилдэг залуу өргөмжлөл
2010 – Монгол Улсын Нийслэлийн дээд шагнал Хангарьд одон
Бүтээсэн гол дүр, оролцсон тоглолтууд:
-П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, па-де-тура, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр, “Роланд Петит”, С.Прокофьев “Ромео Жульетта” балетын Ромео, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлав, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц, Ц.Пучин “Вальпургийн шөнө” балетын Вагхан, А.Адан балетын “Жизель” балетын Альберт, Жорж Баланчин “Серенада”, “Дөрвөн темперамент”, Ж.Кливиан “Сарабанде”, Ж.Килиан “Сех танзе”, “Петит морт”, Л.Минкус “Дон Кихот”, Н.Жанцанноров “Морин хуурын эгшиглэнд бүжиглэхүй”, Б.Шарав “Зуурдын орон”, Б.Соронзонболдын “Их домог”, З.Хангал “Эрдэнэсийн уулс” балетын “Хос дуэт”, “Салхит шувуу”.
-2003 оноос түүвэр тоглолтуудад урилгаар оролцсон
-2006 онд XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит “Дэлхийн шилдэг найман балетчин”-г сонгож, тойрон аялсан тоглолтод оролцсон.
-2006 онд “Бостон балет” компанийн тоглолтын үеэр Испанийн Хатан хаан болох Их Наран Улсын Цог жавхлант Эзэн Хааны Хатан биечлэн уулзсан.
-2007 онд Нэгдсэн Вант Улсын Хатан хаан Элизабета, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад зориулсан тоглолтод оролцсон.
-2009 оны есдүгээр сарын 23-нд “Falling For Dance” их наадмыг нээх бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн
-2009 онд Нью-Йорк хотын Америкийн балетын театрт тоглосон тоглолтын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалынхаа үеэр гэргийн хамт хүрэлцэн ирж, сонирхон, өөрийн биеэр хүлээн авч уулзсан.
-2011 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа болсон “Night of Ballet” олон улсын фестивалийг санаачлан зохион байгуулж, оролцсон.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
URL: