Могой ба могойд хатгуулах

Могойг мэдэхгүй хүн байхгүй ч хортой хоргүйг нь ялгаж танихгүй нь түлхүү талдаа. Могой болгон амнаасаа хортой шүүс ялгаруулах боловч хортойн могойнх хүний эрүүл сэнд амь насанд аюултай хоруу чанартай байдаг. Ер нь ямар ч төрлийн могой цочоосон нөхцөлд л хороо ялгаруулж хазах, эсвэл чангаар боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс санамсаргүй могойтой тааралдсан, биеийн аль нэг хэсгээр гулсан явж байлаа гэж бодоход бүх хүчээ дайчлан биеэ хурааж, огт хөдлөхгүй байснаар аюулыг гэтлэнэ. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог.

Рашаан устай газарт могой элбэг байдаг. Гэхдээ эдгээр могой бараг бүгд хоргүй төрөлд хамаарна. Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойн хэл болон түүний үзүүрээс ялгарах хор нь дайсгаас биеэ хамгаалах, бас идэш тэжээлээ хордуулан муужруулаад залгих гол үүрэгтэй. Могойд хатгуулсан даруйд ямар нэг зовиур шинж анзаарагддаггүй. Үзүртэй өвс, өргөс яльгүй хатгах шиг л мэдрэгддэг. Тун удалгүй нөгөө хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг.

Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан гэзрээс булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Шинж тэмдэг хатгасан могойн тос жижиг болон биед нэвтэрсэн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг. Анхны тусламжаа зөв үзүүлэх нь цаашдын эрсдлээс хамгаалж чадан. Хатгасан дор сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жиг тавих зэргийг хориглодог. Хорыг улам тараах, амаараа хор сорж авах эрсдэлтэй учраас тэр. Могойд хазуулсныг мэдсэн даруйд гарын дорхи материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь хамгийн чухал. Чангалуурыг резинээр тавьбал илүү сайн. Тэгээд яг хатгаласн нүх харагдаж буй газарт бага зэрэг зүсэлт хийж цусыг гоожуулах хэрэгтэй. Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны орон ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болдог. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод маш хурдан зүссэн хэсэг дээрээ наадаг. Яг нуруунд бумба тавьдаг шиг.

Сүүлийн үед зориулалтын ардаа татаж хийг соруулдаг бүлүүртэй бумба элбэг болсон түүнийг ашиглавал илүү үр дүнтэй. Ийнхүү сайн соруулсны дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж өгвөл сайн. Тэгээд боломжтой бол эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаарлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ. Ер нь могой голдуу нэг л удаа хатгадаг. Харин могойн чуулган ч юм уу эсвэл хоёр гурван могой нэг дор байхад нь цочоосон бол хоёр түүнээс дээш хатгуулж болохыг үгүйсгэхгүй.

Ингэсэн тохиолдолд маш шуурхай эрчимтэй, арга хэмжээ авахгүй бол амь насанд учрах эрсдэл дэндүү өндөр байдаг. Найдвартай арга бол могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй. Могойн хорны найрлагад байх зарим бодисуудыг эмчилгээний зорилгоор ашиглах ба голдуу зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, мэдрэлийн гаралтай өвдөлтийг намжаах зэрэгт хэрэглэдэг. Могойн хорны найрлагатай тоснууд ч бий. Гэхдээ тэдгээр хорыг маш бага тунгаар, бусад бодистой нийлэгжүүлсэн байдлаар ашигладаг юм.
Олхонууд ШААБАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих