Болор цом Хялар цом болсон уу

“Анхаараарай!

Алтан нарны хүүхдүүд ээ

Аугаа их хүн ард аа

Анхаараарай!

Америкийн цагаан ордонд

Аюулын хар дайн амиллаа

Амьдралын чин халуун зүрхэнд

Атомын цэнэгт пуужин ониллоо…” хэмээн 1983 оны Болор Цомд нэрт яруу найрагч, Монголын сор болсон хүмүүсийн нэг Д.Пүрэвдорж гуайн “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгийн эхлэл. Энэ шүлгээрээ Болор Цомын тэргүүн байрыг хүртжээ. Хүн төрөлхтнийг хуваасан хүйтэн дайны үеийн нөлөө энэхүү шүлэгт тод харагддаг. Аливаа бүтээл бол тухайн цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ тухайн цаг үе, нийгмийнхээ боол болох биш харин нийгмээ араасаа дагуулах оюун санааны түүчээ болох ёстой. Энэхүү шүлэг тэрхүү үүргээ бүрэн хадгалж, ард түмнийг уриалан дуудаж, ухааруулан гэгээрүүлэх утгыг гүн шингээжээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дуу, шуугиантай зэрэгцэн Болор цомын тайзнаас

“Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харавдаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй” хэмээн Б.Ичинхорлоо цуурайтуулсан. Социализм ба Ардчилал хоёрын зааг Монголчуудын оюун санааны өөрчлөлтийн илэрхийлэл байжээ. Энэ бол Монголын яруу найрагчдын хэлдгээр Алтан үе, Мөнгөн үеийн зааг юм болов уу? Тэнгэр шүлгээрээ гарч ирсэн яруу найрагч бүсгүй 1991 оны Болор Цомд “Эх нутаг” шүлгээрээ дахин түрүүлжээ. Социализмын үеийн малчинаа магтаж, малаа дээдэлж амьдралаас ургаж, гэрэлт ирээдүйг дуулсан алтан шүлгүүдийн төгсгөл ирснийг энэхүү шүлэг харуулсан юм.

Социализм төгсөж ардчилал ирж Монголчуудын оюун санааны амьдралд хэрхэн нөлөөлснийг энэ шүлэгнээс тод харагдана.

“… Тэс хөлдүү моддын нөмөрт

Даль хумин болжмор чичирч

Зовлонт эх нутгийнхаа тухай

Золгүй шүлэгч гиюүрэн дуулна

Энд би оршуулгын газар шигээ дасч

Элгээ өмлөн хоромхон чулуужнам” хэмээжээ. Үүнээс хойшхи Болор Цомд олон сайхан шүлгүүд уншигсан ч эдгээр шүлгүүд ардчиллын үеийн нийгэм хэрхэн задарч, задгайрсан шиг тэдгээр шүлгүүд ч мөн адил дэндүү задгайрчээ. Задгайраад зогсохгүй завхайрч бас заваарч. Уншсан шүлгүүд нь өөрөө яруу шинжээ алдаж яг л нийгэм шигээ хөл толгой нь мэдэгдэхгүй үгийн цуглуулга болжээ. Авцалдаагүй олон үгсийн цуглуулгаа чанга чанга унших нь даана ч чихэнд чийртэй. Болор Цом үзэгчгүй болж, ард түмэн сонирхохоо болилоо хэмээн ярьцгааж байна. Бас мөнгө төгрөгөөр авлигалддаг гэсэн ч цуу яриа явж байна. Ямарч л байсан яруу найраг уналтанд оржээ. Үүнийгээ хүлээн зөвшөөрч өөрсдийгөө “Мөнгөн үеийнхэн” гэжээ. Магадгүй одоо “Хүрэл үе” рүүгээ орсон байх.

2008 оны Болор Цомын тэргүүн шүлэг

“6 цаг 30 минут

Хар дарсан зүүд үргэлжилж

Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж

Мөчийг минь тасдаж зовооно.

Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад “ Одоо яах вэ “ хэмээн мэгдэн сандралдана “ Хар дарсан зүүд…”

Үүнийг Гайхамшигтай гэх үү, аймшигтай гэх үү. Шүлэг цааш үргэлжилж байна.

7 цаг 30 минут

Манай ванны өрөөнд жоомнууд

Амиа тэврэн гүйлдээд

Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод

Сав нь нялцайгаад

Оо хатаад

Шүд нь биш оо цав цагаан санагдаад

Шар шүдтэй амаараа Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно” Ямар ч байсан энэ шүлэг тэргүүлжээ. Үүнийгээ тэд модернист гэж нэрлэдэг. Модерн гэхээрээ л солиотой хүний өдрийн тэмдэглэл шиг байх ёстой юм болов уу? Энэ шүлгийг түрүүлдэг жил нэгэн яруу найрагч “Болор цом хялар цом боллоо” хэмээн халагласан гэдэг. Өнөөдөр Монголын сайн сайн шүлэг бичигчид Болор цомд орохоо больж харин хийрхсэн, хөөрсөн хэсэг хүмүүсийн шагналын төлөө нойтон шүлэг унших болжээ.

Эцсийн эцэст яруу найраг бол урлаг. Харамсалтай нь энэхүү үгийн урлаг нийгмээ дагаад уналтанд оржээ. Өнөөдөр яруу найраг зөвхөн сонирхогчийн түвшинд хүртлээ доош унсан. Дунд сургуулийн хүүхэд хүртэл өөрийгөө яруу найрагч хэмээн нэрлэхэд хүрчээ. Хуучин үед яруу найрагчид нийгмийн сэхээтэн давхаргад хамаарч тэд нийгэмд үлгэр жишээ хүмүүс байсан. Харин одоо сэхээтэн байх чанараа алджээ Урлаг урагшаа хөгждөг. Гэтэл Монголын яруу найраг хойшоо ухарчээ. Одоо эргээд Монголын яруу найраг сэргэж, урлагийн чанараа олох цаг иржээ.

Эцэст нь дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн “Шүлэг минь-хүлэг минь” шүлгийг орууллаа. Энэ шүлэг 1977 онд бичигджээ. Тэр үед “Болор цом” зохиогддог байсан бол энэ шүлэг түрүүлэх байсан нь гарцаагүй биз ээ. Шүлэг ямар байдаг вэ гэвэл үүнийг унш. Шүлэгч юу хүсдэг вэ гэвэл энэ шүлгийг утгийг ойлгох хэрэгтэй хэмээн зөвлөмөөр.

Б.Явуухулан “Шүлэг минь-хүлэг минь”

“Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

Алтан нар алган дээрээсээ мандтал дуулахад

Шүлэгч надад тэнгэрлэг нэгэн хоолой хэрэгтэй

Аялсан дуугаа алаг дэлхийд түгтэл давхихад

Хүлэг чамд тэнхээлэг нэгэн шандас хэрэгтэй

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүн ард минь захисан үггүй нэгэн захиас бий!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёрт

Хүрэн зүрхэнд нууцалсан холын нэгэн бодол бий!

Унтаагүй нойр, уйдаагүй алжаал шүлэг минь,

Ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг минь

Молор эрдэнийн гуурсаа чи бид хоёрт харамлаагүй

Монгол түмнийхээ гавьяаг хэзээ ч мартах ёсгүй!

Шүлэг минь-хүлэг минь хурдлан давхи!

Хүлгийн шандас харуулахад холын зай хэрэгтэй

Хүн ардынхаа захиасыг санан санан давхи,

Хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй!

Зуун хүлгийн түрүүчтэй дэлхийн найргийн дэвжээнд

Зуузай холбож гэмээ нь ард түмэн минь гомдохгүй

Зуур замын уртад ухаан, шандас сульдаад

Зулайдаа тоос хүргүүлэхийг бид хоёрт зөвшөөрөхгүй!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!

Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр

Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!

 

ЦАГ ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих