Чингис Бондын хүү 8 тэрбум төгрөгт хүрлээ
Засгийн газраас гаргаад байгаа бондын хэмжээ нийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай байна вэ гэдгийг тооцож үзэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар багтсан бөгөөд тэд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар Сангийн яам, Монголбанкны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Үүний 3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 оны хооронд буюу сүүлийн 20 жилд үүссэн өр.
Хөгжлийн банкнаас өнгөрсөн зургадугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар мөн оны өмнөхөн гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа. Нөхцлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол 1 тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд 8 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.
МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Чингис бонд”-ын ашиглалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохыг хүссэн ч бүлгийн нь хуралдаанд оролцоогүй. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч бүлэгт бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “1.5 тэрбум ам.долларын бондын санхүүгийн менежмэнтийн гэрээг төв банк Засгийн газартай хийхээр нөхцлүүдээ тохирч байгаа гэжээ. Харин Ерөнхий сайд эл гэрээг хийчихсэн гэж УИХ-д мэдээлэл хийх үеэрээ худал ярьжээ. Энэ бол Засгийн газрын тэргүүний хувьд маш хариуцлагагүй алхам болсон гэдгийг гишүүд мэдэгдлээ.
Эл асуудлын хүрээнд сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
-Монголбанк Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэлээ. Яг ямар нөхцөл тохирч байгаа юм бол?
-Л.Энх-Амгалан:-.Ямар нөхцлөөр байршуулах гэж байна гэхээр 1.5 тэрбум ам.долларынхаа 500 орчим сая доллартай тэнцэх мөнгийг дотоодын арилжааны банкинд байршуулах. Үлдсэн 1 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гадаадын банкинд барйшуулах судалгаа хийж Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэдгээ төв банкны ерөнхийлөгч хэлсэн.
-Энэ хэмжээний мөнгийг Монгол Улс дотооддоо шингээх боломж бололцоо бий юу. Та бүхэн энэ талаар судалгаа хийсэн үү?
Д.Хаянхярваа:-Эрх баригчид мэдээллээ бүрэн гүйцэд өгөхгүй байна. Тэгсэн атлаа Засгийн газрын тэргүүн олон нийтэд ямар нэг өр авлага төлөхгүй болсон менежмэнтээ хийчихсэн гэдэг байдлаар мэдээлэл хийж байгаа. Гэтэл үнэндээ хагас жил тутамд 35 сая ам.долларыг төлөх ёстой болж байгаа. Одоо ярьж байгаачлан 500 сая ам.долларыг дотоодын банкинд байршуулна гэж байгаа. Бидний хардаж байгаагаар арилжааны банкууд нь Засгийн газрын бондыг худалдаж авна. Нэг ёсны Засгийн газар нь гаднаас олж ирсэн мөнгөө арилжааны банкнаасаа мөнгө хүүлэх хэлбэр лүү шилжиж байна. Бодлогын зөвлөл гэдэг юм байгуулсан. “Чингис бонд”-ын зарцуулалтад хяналт тавих зорилгоор. Ерөнхий сайд ахлаад, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд тал талаас төлөөлөл оролцсон. Гэхдээ сөрөг хүчний зүгээс төлөөлөл оруулаад ил тод ярилцаж энэ их мөнгийг хэрхэн зөв менежмэнт хийж явах вэ гэдгээ ярих ёстой гэж бид үзэж байгаа. Одоо бид нэгэнт гадаад зах зээлээс босгоод ирсэн мөнгө дээр “Буруу юу” гэдэг тухай ярихгүй, хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг анхааръя гэж байгаа юм. Гэвч энэ асуудлаа нуугаад байх юм.
-“Чингис бонд”-ыг яамдуудаар дамжуулна гэж анх ярьж байсан. Одоо бол Монголбанк менежмэнт хийх болж байна. Энэ нь их зөв алхам уу?
-Эхлээд яамдуудаар дамжуулаад зарчих юм ярьсан. Цөөнхийн бүлэг энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандсаны эцэст Монголбанк бүрэн эрхийнхээ хүрээнд менежмэнтийг хийхээр болсон байна. Энэ бол маш зөв алхам
-Монгол Улсын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларыг шингээх боломж бий юу?
-Хэцүү. Эрсдэл их гарна. Бид төв банкны ерөнхийлөгчөөс энэ талаар тодруулахад “Тооцоо хийгээгүй байгаа. Макро эдийн засгийнхаа төлөв байдлаас хамаараад мөнгөө бага багаар эдийн засагтаа шингээх байдлаар гаргана” гэсэн. Тэгэхээр төсвийн тодотгол хийж, хүүг нь төсөвт суулгах байх, түүнээс Монголбанк шууд шийдээд явах боломжгүй.
-Бондын зарцуулалтыг үр ашигтай болгохын тулд одоо яах ёстой гэж үзэж байна вэ?
-Ямар, ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгээ УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа, УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд. Тийм учраас гаднаас босгож ирж байгаа хөрөнгөөр ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох хуулийн төслийг УИХ-д санаачилж өргөн мэдүүлэн батлуулах хүсэлтэй байгаа.
-“Чингис бонд”-ын өдөрт төлж байгаа хүүгийнх нь хувь хэмжээг бууруулах ч юм уу, төв банкны хүлээх алдагдлыг бууруулах боломж бий юу?
Ж.Эрдэнэбат:-Уг нь шинэчлэлийн Засгийн газар ямар хугацаанд юу хийхийгээ тодорхой болгосон хойноо гадаад зах зээлээс мөнгө олж ирэх байсан юм. “Бонд гаргасан үеэс тооцохоор өнөөдөр хүү нь найман тэрбум төгрөгт хүрсэн байна. Засгийн газар ямар ч алдагдалгүй байгаа гэдэг үг худлаа. Хагас жил тутамд 35 сая ам.долларын хүүг Монгол Улс төлнө. Монгол банк төлнө үү, Засгийн газар төлөх байна уу тэр хамаагүй. Гэхдээ төв банк улсын мөнгөний бодлогыг тодоррхойлоод эрэлт нийлүүлэлтийг зохицуулаад явж байгаа байгууллага. 1.5 тэрбум ам.долларыг Монголын зах зээлд оруулаад буцаагаад гаргахад маш их хүндрэл үүснэ.
Боломж ч байхгүй, төслөө хэрэгжүүлэх хугацаанд Монгол банк хариуцна гэж мэдэгдсэн. Монгол банкны мөнгөний бодлого дотор 1.5 тэрбумыг эргэлдүүлээд явах ажлыг хариуцаж байгаа. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын эрсдлийг 4.7 хувь гэж үзсэн. Бондыг худалдаж авсан дундаж хүү 4.7- 4.8 орчим хувьтай байгаа. Энэ нь Монголын эрсдэл ийм хэмжээнд байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Бид гадаадад хандахад 4.7-гоос их хүүгээр байршуулах боломжгүй. Яагаад гэвэл эрсдлийг 4.7 гэсэн учраас энэ хэмжээний алдагдлыг Монгол банк үүрэхээс аргагүй.
Нөгөө талдаа Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байгаа, 13 хувийн хүүтэйгээр дотооддоо байршууллаа гэхэд энэ их хэмжээний мөнгийг хүүг байршуулах боломжгүй, гадаадад байршууллаа гэхэд 4.7 хувиар байршуулах боломжгүй. Тэгэхээр Засгийн газар тэрхүү сайхан хөтөлбөрөө хэрэгжтэл Монголбанк энэ хэмжээний алдагдлыг үүрээд явахаас өөр аргагүй байгаа. Энэ бол Монгол улсын алдагдал гэсэн үг.Тиймээс бондын зарцуулалт үр өгөөж, хэрэгжилтэд хяналт тавьж Засгийн газартай хамтарч ажиллах нь сөрөг хүчний үүрэг гэж үзэж байгаагаа МАН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүд мэдэгдлээ.
inet
URL: