Ц.Мөнхбаяр: Засгийн газар урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна

Урт нэртэй хууль баталсны дараа 2009 оны наймдугаар сард Ашигт малтмалын газраас нийт 1782 тусгай зөвшөөрлийг энэ хуулийн хүрээнд хамруулж, цуцлахаар болсон талаархи мэдээ олны талархлыг хүлээж байсан билээ. Гэвч өнгөрсөн оноос урт нэртэй хуулийг хэсэгчлэн хэрэгжүүлэхээр болж алтны 242 шороон орд дээр экологи, эдийн засгийн хохирлын тооцоог гаргасан тухай дүн төдий танилцуулаад л өнгөрсөн. Хохирол барагдуулсан талаар л лав дуулдаагүй. Түүнчлэн өнөөдрийн байдлаар дээрх зөвшөөрлүүдээс баталгаатай цуцалсан талаар албан ёсоор мэдэгдээгүй байгааг Монголын гол нууруудын хөдөлгөөнийхөн шүүмжилж байна.
    Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяраас тодрууллаа.
-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэгт Та ажилласан. Ямар үр дүн гарав?
-Манай ажлын хэсэг олборлолт явуулж буй бүс нутаг болох Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай гээд нэлээд хэдэн аймагт сар гаруйн хугацаанд ажиллалаа. Бид урт нэртэй хуулийн хэсэгчлэн хэрэгжиж буй газруудаар явсан ч хууль газар дээрээ огтхон ч хэрэгжээгүй байгааг олж харсан.
-Уг хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь юу байв?
-Энэ хууль хэрэгжихгүй болохоор нь манай хөдөлгөөн хоёр жилийн өмнө Засгийн газрыг шүүхэд өгч байсан. Одоо ч нэхэмжлэл гаргаад явж байна. Бид шинэ Засгийн газар бий болсон учраас хуулийн хэрэгжилтийг хянаж үзээд хуулиа хэрэг жүүлнэ гэж найдаж байлаа.
Гэтэл энэ талаар огт дуугарахгүй байна. Тэр ч байтугай Ерөнхий сайдад өнгөрсөн есдүгээр сард уулзах цаг хүссэн албан бичиг явуулахад хариу өгөөгүй. Биднийг сонсохыг огт хүсэхгүй байна. БОНХЯ- ны удирдлагуудтай уулзахад ажлаа мэддэг хүн нэг ч алга. Ийм байхад яаж хууль хэрэгжих билээ дээ.
-Тэгэхээр цаашид ямар ажил хийх гэж байна?
-Өмнө нь бид хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон арга хэрэглэж байсан. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн болон бусад байгаль орчны төлөө тэмцэгчид тэмцлийн зөөлөн хэлбэрээс эхлээд хүнд хатуу хэлбэрийг хүртэл сонгон байж урт нэртэй хуулийг гаргуулж байсан.
Өлсөж, жагсаж, Төрийн ордон уруу харваж ч үзлээ. Одоо хууль хэрэгжихгүй байгаад анхаарал хандуулахын тулд бүхнийг хийхэд бэлэн байна. Өмнө нь Засгийн газрыг дээд шүүхэд өгч хуулиа хэрэгжүүл гэж шаардаж байсан. Тэгээд албадан хэрэгжүүлэх үүргийг Дээд шүүхээс Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газар үл тоомсорлосон хэвээр л байна.
Тэд нэг ёсондоо шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байна гэсэн үг. Иймээс бид шүүхэд дахин хүсэлт тавихаар болсон. Энэ асуудлыг бүхэлд нь авч үзвэл хууль хэрэгжихгүй байгаа нь хэлбэрийн төдий зүйл биш, улс орны бүрэн эрхт язгуур эрх ашигтай холбоотой асуудал. Газар нутгийн бүрэн бүтэн байдалтай салшгүй холбоотой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

URL:

Сэтгэгдэл бичих