Иргэд өмчийнхөө газрыг өгснийхөө төлөө орон сууцаа үнэгүй авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч иргэдтэй ойр ажиллаж, тэдний санал бодлыг сонсож, хамгийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдэж үйл ажиллагаандаа тусгахын тулд нэгэн орон тоог бий болгосон. Энэ бол хотын захирагчийн бие төлөөлөгч. Ийм хүн дүүрэг бүрт ажиллаж байгаа. Бид энэ удаад Улаанбаатар хотын захирагчийн Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын албаны дарга Б.Батсүхтэй уулзаж ярилцлаа.
-Та ажлаа аваад хэр удаж байна?
-Бие төлөөлөгчөөр томилогдоод хоёр cap шахам болж байна.
-Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэйн ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Тэнд хогны асуудал, өвөл замын халтиргаа зэргийг эхнээс нь шийдэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн удирдлагуудтай ярьж байгаад зарим хогийг нь цэвэрлүүллээ. Автобус явахад хүндрэлтэй байсан халтиргаатай замуудад холбогдох байгууллагаас нь давс, бодис цацуулах гэх мэт аж ахуйн ажлуудыг хийлгээд л явж байна.
-Хотын захирагчийн бие төлөөлөгчийн ажил, үүрэг чухам юу байх вэ?
-Энэ албан тушаал өмнө нь огт байгаагүй. Бие төлөөлөгчийн гол ажил нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх гол зорилготой. Түүнээс гадна Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг тухайн нутаг дэвсгэр дэх оршин суугчдад бүрэн утгаар хүргэх юм. Хамгийн гол нь дэд бүтэц, амины орон сууц, хот нийтийн аж ахуй, тохижилтын чиглэлээр хэрэгжих төслүүдийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавьж оролцох чиг үүрэгтэй. Ер нь хотын удирдлагуудаас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээг тухайн бүс нутгийн иргэдэд хамгийн ойроос хүргэх явдал.
-Үндсэн зорилго маань хотын Захирагчийн дэд бүтцийн асуудал гэлээ. Дэд бүтцийн хүрээнд тухайн бүс нутагт юу хийх вэ?
-Эхний ээлжинд тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлж бүлэг, зөвлөл байгуулах юм. Ингэж иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр гэр хороололд өөрсдөөр нь дахин төлөвлөлт хийх сэтгэл зүйг нь бэлдэж байгаа гэсэн үг.
-Хотоос яригдаж байгаагаар бол гэр хорооллын мөнгө шийдэгдсэн гэсэн. Харин иргэдийг өөрсдийг нь идэвхтэй байгаач гээд уриалаад байгаа. Ингэхийн тулд яг яах ёстой вэ?
-Бидэнд хамгийн чухал нь иргэдийн оролцоо. Ингэхдээ арав, зуугаараа нэгдээд өөрсдийн өмчийн газраа дахин төлөвлөхөд гap бие оролцохыг л уриалаад байгаа юм. Ингэснээр оршин суугаа орчин маань цэвэр тохилог болно. Гэр хороололд дэд бүтэц хөгжинө. Инженерийн шугам сүлжээтэй болно. Ажлын байр нэмэгдэнэ. Нөгөө хүн бүрийн яриад байдаг амины орон сууц, нийтийн орон сууц гэдэг ч юмуу таун хауснууд чинь бий болох юм. Өмнө нь хэн нэгэн дарга очоод л хүний хашааны газрыг тэд гээд дуртай үнээ хэлээд авдаг байсан. Ер нь бол хэн нэг хүн хүний өмчийг үнэлэх эрх хэнд ч байхгүй. Тийм учраас ийм зарчим байж болохгүй. Харин иргэд өөрсдөө хүсэх ёстой.
-Өөрсдөө хүснэ гэхээр иргэн ийм сууц барина, тийм төлөвлөлт хийнэ гээд та нарт хэлнэ гэсэн үг үү?
-Тийм. Иргэд өөрсдөө ийм байшинтай, эндээ цэцэрлэг, сургуультай, тэндээ үйлчилгээний төвтэй гээд саналаа хэлнэ. Үүнийг нь төлөвлөлтөд тусгана гэсэн үг. Энэ нь иргэд өмчийнхөө газрыг өгснийхөө төлөө тэд орон сууцаа үнэгүй авах боломж бүрдэх юм. Гэр хорооллыг дахин төлөвлөхөд иргэд саналаа өгсний дагуу тэнд бүх тохижилтыг нь үнэгүй хийж өгнө.
-Иргэд нэгдээд төлөвлөлтөө хийдэг юм байж. Түүнийг нь босгох санхүүжилтыг хаанаас шийдэх юм бэ?
-Санхүүжилтийг олон эх үүсвэрээс олох боломжтой. Гадна, дотны байгууллагууд энэ бүтээн байгуулалтад чинь оролцоё гээд хамтран ажиллах саналууд маш олон ирж байна. Жишээлбэл, 100 айлд дахин төлөвлөлт хийе гэж бодъё. Тэнд тодорхой хэмжээний талбай гарчихна. Төлөвлөсөн газрын гуравны хоёр дээр нь нөгөө айлуудад зориулсан амины орон сууцыг нь бариад үлдсэн газарт нь сургууль цэцэрлэг, нөгөө хүсээд байгаа үйлчилгээний төвийг нь босгоод ажлын байрыг нь бий болгоод өгнө. Ингээд газраа өгсөн иргэд үнэгүй байранд орчихно, бусад боломжийг эдэлнэ. Харин үлдсэн гуравны нэг талбай дээр нь тухайн бүтээн байгуулалтыг хийж байгаа газар өөрсдийнхөө ашгийг гаргаж авах ёстой.
-Хэзээнээс дэд бүтэц татаж эхлэх үү?
-Бид эхнээс нь иргэдтэйгээ уулзаж саналыг нь сонсох гэж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөлт хийх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн шинэ эцэст байрлах хотын захирагчийн ажлын албаны хажууд байрлах спорт зааланд болно. Дэнжийн 1000, Хайлааст, Чингэлтэй дэх хотын захирагчийн ажлын албаны байр Чингэлтэй дүүргийн XVII хороонд байдаг. Энд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төслийг удирдагч нар, амины орон сууцыг үнэгүй бариад өгнө гэсэн аж ахуйн нэгжүүд ирнэ. Тал талаасаа тохиролцож чадах юм бол хотын захирагч үүнийг нь баталгаажуулна. Ингээд ирэх дөрөвдүгээр сараас энэ бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой юм.
О.Ууганжаргал
URL: