Ш.Амгаланбаярын нэрийг Ерөнхий сайдад өргөн мэдүүллээ
Говь-Алтай аймгийн ИТХ-д МАН-аас 21, АН-аас 12, бие даагч 2 бүгд 35 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 100 хувийн ирцтэйгээр анхдугаар хуралдаанаа хийж дарга нараа сонгож чадалгүй 49 хоног сунжирсны эцэст гацаанаас гарч аймгийн ИТХ-ын даргаар цөөнх буюу АН-аас нэр дэвшигч Х.Энхбаярыг сонголоо.
Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийг 11 байхаар тогтож МАН-аас 7, АН-аас 4 төлөөлөгчийг дэвшүүлэн баталлаа. Аймгийн Засаг даргад АН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ш.Эрдэнэбатын нэрийг дэвшүүлж, мөн МАН-аас сонгогдсон төлөөлөгчид одоо Засаг даргаар ажиллаж байгаа Ш.Амгаланбаяр, “Мандал голомт” ХХК-ийн захирал Л.Очир, Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатар нарын нэрийг дэвшүүлэн хэлэлцүүлсэн юм.
Төлөөлөгчдийн нууц санал хураалтаар аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ш.Амгаланбаяр 52.9 хувийн санал авсан тул аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн батламжлуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтоолын төслийг баталлаа. Ийнхүү олон хоногоор саатсан хурал гацаанаас гарч, тус аймгийн нэгэн шинэ түүх бичигдиж эхэллээ.
Ш.Цоодол
montsame
URL: