Сэтгэгдлийн нууц эздийг ил болгоно

Мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ бол яах аргагүй хамгийн зөв шийдвэр юм. Цахим хуудаст бичсэн мэдээ, мэдээлэл, нийтлэлийн дор нэр, хаяг нь, хаанаас бичсэн нь үл мэдэгдэх хүн бусдыг доромжилсон, гүтгэсэн утгатай үг, өгүүлбэр бичих нь ихэссэн. Цахим ертөнцтэй “танилцаж” эхэлсэн тэр цагаас л үнэн, худал нь мэдэгдэхгүй доромжилсон утгатай сэтгэгдлээс болж нийтлэл бичсэн сэтгүүлч, ярилцлага өгсөн хүн, нийтлэлд нэр нь дурьдагдсан хүмүүсийн тухай буруу ойлголтыг олон нийтэд төрүүлэх болсоор ирсэн. Энэ нь бүр хэрээс хэтэрч тухайн хүнийг доромжлох бус гэмт хэргийн шинж чанартай садар самуунд уруу татах, заналхийлэх үйлдэл рүү хөтөлсөн. Аливаа сэтгэгдлүүдийн ард нэг хүн байх тохиолдол байдаг бол, тэрхүү сэтгэгдлийг хэн нэгэн захиалж бичүүлэн мөнгө өгдөг ч сүлжээ бий болсон гэх. Энэ бүгдийг хянах цаг нь хэдийнэ иржээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн доромжлох эрхгүй байдаг. Хуулийг хориглож, эрх зүйн хариуцлага ногдуулдаг. Ийм байтал аливаа нэг сайтад сэтгэгдэл нэрийдлээр хүнийг гүтгэх явдал эрх зүйн ямар ч зохицуулалтгүйгээр явж ирсэн. Үүнийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийг бий болгож, уг системийн программ хангамж, техникийн шийдэл боловсруулж нэвтрүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт үүрэг болгосон байна. Харин домэйн нэр олголт болон мэдээллийн чиглэлээр ажилладаг цахим хуудаст тавигдах шаардлагыг тодорхойлох зохицуулалтын журам боловсруулахыг Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус даалгалаа. Ингэснээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж нээгдэж байгаа ажээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос нэвтрүүлсэн хориотой үг хэллэгийн системд голлох вэб сайтууд хамрагдан ажиллаж байгаа ч цахим хуудасны мэдээлэлд ямар ч хэрэглэгч хандан төрөл бүрийн мэдээлэл оруулсаар байгаа юм. Үүнээс болж хэт задгайрч, зарим сайт сэтгэгдлийг төлбөртэйгээр устгах үйлчилгээ явуулах болсон байна. Тиймээс үүнийг хянаж, тодорхой хэмжээний зохицуулалт хийхээр боллоо. Харин “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн техникийн найдвартай ажиллагааг Үндэсний Дата төв хариуцах юм. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ төрийн болон хувь хүний нууцын талаарх холбогдох дүрэм, журмыг баримтлан ажиллах аж. Ямартай ч холбогдох газрууд Засгийн газрын шийдвэрийн дагуу үүрэг даалгавар аван ажилдаа орлоо. Тэгэхээр сэтгэгдлээр хаацайлан хэн нэгнийг доромжлох нь хуулиар зохицуулагдах нь. Хэрэв баримтгүйгээр доромжилсон бол хуулийн өмнө хариуцлага хүлээх юм.

 

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих