Н.Энхбаяраас ээжүүдээ нууцгаая

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг суллуулахын тулд Монголын 100 ээж өлсгөлөн зар­лах гэнэ. Ингэхдээ Их тэн­гэр, Улсын Ерөнхий про­курорын газрын үүд гэх мэт онцгой чухал ач холбогдол бүхий байршлыг сонгон өл­сөхөөр шийдэж. Түүнчлэн шууд 100-гаараа бус эхний удаад арав нь өлсөх бол дараа арав нь нэмэгдэнэ. Янз нь арав хоногийн дараа зуугуулаа хамтдаа өлсч эхлэх бололтой юм. Энэ бол Н.Энхбаярын хүч. Түүний нөхөд энэ зуун ээжийг хаанаас олсныг бид мэдэхгүй. Ямар ч байсан Н.Энхбаярын төлөө үхэхэд ч бэлэн эхчүүд гэж ойлговол хэтрүүлсэн болдог болов уу яадаг бол бүү мэд. Мэдээж тэдэнтэй зэрэгцээд Н.Энхбаяр нь өлсч таарна. Нэгэн цагт бүх Монголын хаан байсан түүний тухай их удахгүй “100 ээжээс төрсөн цор ганц эх оронч” гэх тодорхойлолт газар авч мэдэх л юм. Энэ нь өөрөө Н.Энхбаяргүй амьдрах цаг хугацаа та бидэнд нэгэнт байхгүй болсны илрэл биз.

Тийм ч учраас тэрбээр эхийн цагаан сэтгэлийг өстөн дайснаа дарах, өөрийгөө аврах их нигүүлсэл болгон ашиглаж байгаа нь энэ. Яасан ч ичдэггүй, яасан ч цэвдэг сэтгэл гэхээр ийм юм байдаг юм бүү мэд.

Яаж ч бодсон Н.Энхбаярыг хүүгээ гэж бодож, түүний төлөө өлсгөлөн зарлахаар шийдсэн 100 ээж лавтайяа 60-аас дээш насныхан байж таараа. Өвлийн хүйтэнд ач, гучаа эрхлүүлсэн шигээ дулаан гэртээ жаргалаа эдэлж суух ёстой тэдний эрүүл мэнд, амь насыг ингэж золиосолно гэдэг бол өөрөө гэм нүгэл. Үүнийг нь хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж, ял шийтгэл хүлээлгэх хууль эрх зүйн тогтолцоо байхгүй ч гэлээ, дараа дараагийн удаад бодож үзэх ёстой нэгэн төрлийн гэмт хэрэг юм. Саяхан болж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг тойрсон туйлшралтай л адилхан гэсэн үг. Олон хүнийг муйхарлаж, орон гэрээ зарахад хүргэсэн. Монголд яасныг мэдэхгүй ч дэлхийн улс орнуудад ийм үйл явдал болохын хувьд болсон гэдэг. Манайд бол олонх нь архи ууж, эрүүлжүүлэх байрнууд ачааллаа дийлэхгүй болсныг бид мэднэ. Өглөө нь сэрсэн шартагч “Дэлхий сөнөнө гээд бүх мөнгөөрөө уучихсан. Сөнөөгүй байсан юмуу” гэх тэнэг тайлбараар архидсан шалтгаанаа тайлбарлаж байгаа ч харагдсан. Энэ нь нийгмийн сэтгэхүйг муйхар бодол санаагаараа удирдаж, олон нийтийн амь амьдралаа золиослоход хүргэж болохын жишээ. Иймд олон хүн энэхүү дуулиан шуугианыг тараагчдад гэм бурууг нь үүрүүлж, хариуцлага тооцох ёстой гэх байр суурийг баримталж буй. Үүний нэгэн адил Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хийгээд түүний намынханд жинхэнэ утгаар нь 100 ээжээр өлсгөлөн зарлуулж, улс төр хийвэл дараагийн ялыг нь уншихад яагаад болохгүй гэж. Нийгмийн сэтгэхүйг булингартуулж, хөөрхий эхчүүдийг амиа золиослоход түлхсэн гэдэг зүйл заалтаар шүү дээ. Энэ бол байж болох л үндэслэл. Бүх хүн Н.Энхбаярын өмнө амь насаараа төлөх хэмжээний өр төлбөрт унаж, түүнгүйгээр амьдрах эрхгүй болтлоо сэтгэхүйн боолчлолд өртөөгүй л юм бол. Эс бол тэд арай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ шиг өлсгөлөн зарлаад л УИХ-ын гишүүн болчихно гэж зуун ээж зуугуулаа мөрөөдсөн юм биш байгаа. Итгэхэд бэрх санагдах энэ шийдвэрийн ард эргэцүүлж бодох зүйл дэндүү их ч ингэж тэнэгтсэнийх нь төлөө эмээ нарыг гэрээс гарах эрхгүй болгож түр зууртаа хөл хорионд оруулахад болохгүй юм байхгүй. Амь насаа гаргуунд нь гаргаж, амьдралаараа дэнчин тавьж байгааг нь хараад шүү дээ. Хэрэв тэдний дунд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өөрийнх нь ээж тэргүүлэгчээр нь өлсч байвал хамаа алга. Гэтэл өөрийнхөө ээжийг   дулаан гэрт нь үлдээчихээд өрөөлийн ээжээр “туг тахих” тухай бодож байвал ёстой л Н.Энхбаяр гэгч  шиг арилсан дотортон энэ хорвоод байхгүй биз ээ. Ямар их үнэтэй улс төр гэхээр ингэж солиоруулдагийг бүү мэд. Эцэст нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас ээжүүдээ нуухаас өөр арга та бидэнд үлдээгүй байж мэдэх л юм шүү.

 

Г.Отгонжаргал


URL:

Сэтгэгдэл бичих