Хугацаа хэтэрсэн зээл өссөнөөр эдийн засагт “Хатгалгаа” тусч магадгүй
Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь өнөөдөр банкны салбар дээр тогтож байна. Гэвч энэ салбараас сүүлийн саруудад эмээх байдал ажиглагдаж эхэллээ. Юу гэхэл хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өнгөрсөн оны долоодугаар сартай харьцуулахад бараг хоёр дахин өссөн нь эдийн засагчдын анхаарлыг татах болов. Түүнчлэн зээлийн өрийн үлдэгдэл 6.8 тэрбум төгрөгт хүрсэн аж. Мэдээж хэрэг дээрх төрлийн зээлийн хэмжээ өснө гэдэг нь өнөөх чанаргүй зээлийг бий болгож цаашлаад эдийн засагт сөрөг нөлөө авчирна. Эдийн засаг гандаж эхэлбэл улс орны хэмжээнд юу болох нь тодорхой. Тэгвэл уг зээл хэр хэмжээгээр өссөнийг авч үзье. Тоон хүснэгтээс харахад таван сарын хугацаанд тогтмол 0.2-0.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал Монголбанкны гаргасан судалгаагаар өнгөрсөн оны долоодугаар сард дээрх зээлийн хэмжээ 1.3, наймдугаар сард 1.5 хувь, есдүгээр сард 1.7 хувь, аравдугаар сард 1.9 хувь харин арваннэгдүгээр сард 2.2 хувийн өсөлттэй гарчээ. Бүр өмнөх оны мөн үеийнхээс 86.6 хувийн өсөлттэй гэсэн тоо ч бий. Эл саруудад ядаж ганц хувийн бууралттай гарсангүй. Харин арванхоёрдугаар сарын зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ гараагүй байгааг төв банкнаас мэдээлсэн. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл яагаад ийн хурдацтай, тогтмол өсөлттэй гарах болов гэдэг асуулт урган гарч ирнэ. Одоо байгаа 2.2 хувийн өсөлт нь банкны салбарт тийм ч аюултай эрсдэлд дагуулахгүй ч цаашдаа энэ эрчээрээ өссөөр байгаад зээлийн гуравны нэгд хүрчихвэл эдийн засагт хар шуурга дэгдэх нь дамжиггүй.
Уг нь 2010 оноос 2012 оны хоёрдугаар улирлийн эхэн хүртэл арилжааны банкуудад иргэдийн зээл эргэн төлөлтийн байдал харьцангуй сайн байсан. Энэ юутай холбоотой вэ гэхээр мэдээж хэрэг иргэдийн орлогын чадамж өссөн учраас тэр. Нөгөөтэйгүүр орлогын чадамж харьцангуй сайтай бүлэг нь банкуудаас зээл авсан ч байж болох юм. Гэтэл өмнөх оны хоёрдугаар хагасаас хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ ийнхүү өссөн үзүүлэлтэй гарч байгаа нь лизингийн болон бусад төрлийн зээл хавтгайрсантай холбоотойг зарим эдийн засагч онцолж байна. Учир нь лизинг, бичил бизнесийн зориулалтаар өмнөх онуудад авсан зээлийн эргэн төлөлтийн дуусах хугацаа 2012 оны хоёрдугаар улирлаас хойш хамгийн их байсан аж.
Уул уурхайн ач буянаар гаднаас орж ирж буй хөрөнгө манай улсын банкуудад шингэсэн нь тэдний зээл олгох нөхцөлд сайнаар нөлөөлсөн. Тэр хэмжээгээр ч арилжааны банкууд иргэн, аж ахуй нэгжүүдэд харамгүй зээл хайралж байгаа. Нэг тоо хэлэхэд банкуудын зээлжих чадвар 2012 онд өмнөх оноосоо бараг 50 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн тоо гарчээ. Гэтэл санхүүгийн салбарт иргэдийн зээлийн эргэн төлөлт саарч, улмаар таагүй мэдрэмж төрж эхэлсэн нь дэлхийн эдийн засгийн хямрал дохиж буй энэ үед нэг талаараа манай улсын эдийн засагт эрсдэл дагуулж магадгүй гэнэ.
Зээлийн эргэн төлөлтийн чадвар муудсан болон Монголын банкны зээлийн системийн талаар эдийн засагчид ингэж ярьж байна.
Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг: НҮҮРСНИЙ УУРХАЙНУУД ЗЭЭЛИЙН ЧАНАРТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА
-Арилжааны банкуудад хугацаа хэтэрсэн зээл гуравны нэгд хүрчихвэл эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэхдээ банкуудад одоогоор тийм аюул нүүрлэхгүй. Яагаад гэхээр тэдэнд эрсдэлийн сан гэж юм байгаа болохоор түүнээсээ мөнгө аваад нөхчих учраас харьцангуй гайгүй. Гэвч өмнөх оны сүүлийн саруудад хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч буй нь бас анхаарах ёстой асуудал. Мэдээж хэрэг арилжааны банкуудад зээлийн эргэн төлөлт нь муудвал дахиад зээл гаргах боломж нь багасна. Нөгөө талаар хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөний хүү өгсөөр байгаад тухайн банкинд маш том эрсдэл гарч ирнэ гэсэн үг. Ийм байдал удаан үргэлжилвэл банк дампуурах аюул нүүрлэнэ. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж байгаагийн нэг шалтгаан нь өнөөх барилга, нүүрсний уурхайнууд их хэмжээний зээл арилжааны банкуудаас авчихаад зарим нэг нь төлж чадахгүйгээс болж зээлийн эргэн төлөлтөд сөрөг байдал ажиглагдаж буй юм. Энэ дашрамд хэлэхэд манай улсын банкны салбарын ахицгүй байгаа нэг тал нь зээлийн хүү буурахгүй байгаад оршино. Мөн хадгаламжийн хүү нэлээд өндөр байгаа юм. Хэрэв зээлийн хүүгээ бууруулна гэвэл хадгаламжийн хүүг ч гэсэн бууруулах ёстой. Гэхдээ инфляцитай уялдуулахаа мартаж болохгүй.
Ч.Энхбаяр: САНХҮҮГИЙН СИСТЕМ НЭГ ХӨЛТЭЙ ТАХИА ШИГ БАЙНА
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Энхбаяр “Монголын санхүүгийн систем нэг хөлтэй тахиа шиг байна. Учир нь санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкин дээр тогтож байгаа шүү дээ. Манай улс төсвөөс гадуурх санд хураасан мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж, банк, бизнесийн салбарыг дэмжье гэж байгаа юм бол тодорхой хэмжээний мөнгийг найдвартай арилжааны банкуудад байршуулах хэрэгтэй. Ингэснээр мэдээж хэрэг банкуудаас санхүүгийн хэрэгцээ шаардаж байгаа бүлэгтээ тэр мөнгөнөөс бага хүүтэй зээл өгч болох юм. Мэдээж бага хүүтэй зээлээр дэмжвэл тухайн зээл авагч ч гэсэн эргэн төлөх чадвар нь сайжирна” хэмээж байлаа.
Тэгэхээр эдийн засагчдын хэлж буйгаар манай улсын арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр учраас зээлдэгч мөнгөө эргэн төлөх байдалд сөргөөр нөлөөлж байгаа нэг шалтгаан гэж байна. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн ихэнхийг нь барилгын салбар эзэлж буйд анхаарах цаг болсоныг ч учир мэдэх нь хэллээ. Хамгийн гол нь барилга барихаар зээл авсан компаниуд, байр авсан иргэдийн төлбөрийн чадамжид зээлийн хүүгийн дарамт гол ачаа болдгийг хэлэхэд буруутахгүй биз ээ.
Л.БААТАРХҮҮ
URL: