Гурилын үнийг тогтвортой барих их үйлсийг чөдөрлөгч “Алтан тариа”

Үндэсний манлай үйлдвэрлэгч хэмээн цоллуулдаг “Алтан тариа” компани өнгөрсөн шинэ жилийн баяраар олон хүний уур бухимдлыг барав.

Учир нь тус компанийн үйлдвэрлэсэн гурилаар хийсэн бууз түүхийрч, ёроолгүй болж байсан тухай амтай бүхэн баярын өдрүүдэд гомдоллож байсан юм. Үүнээс гадна энэ жил гурилын үнэ тэнгэрт хадсан талаар иргэд гомдоллох болов. Тиймээс ч бид “Алтан тариа” компанийн үйлдвэрлэсэн гурилыг иргэд буцааж байгаа эсэх, үнэ ханш нь хэрхэн нэмэгдсэнийг сурвалжлахаар “Барс” худалдааны төвийг зорилоо.

Урсдаг гурилыг ширхэгтэй дээдтэй нь холиод хэрэглэ

“Барс” худалдааны төвийн гурил, будааны бөөний худалдааны хэсэгт очлоо. Биднийг очих үеэр “Алтан тариа” болон “Хурх” компанийн үйлдвэрлэсэн гурил бууж байв. Сар гаруйхны дараа үндэсний хамгийн том уламжлалт баяр болох Цагаан сар тохионо. Сар шинийн баяраар Монголчууд битүү хоол буюу бууз, баншаар зочдоо дайлдаг уламжлалтай. Мэдээж бууз, баншны гол орц нь мах, гурил. Үндэсний уламжлалт баяраараа зочныхоо өмнө нүүрээ улайлгахгүй байхыг хэн хүнгүй л хүсч буй. Тиймээс ч энэ өдрүүдэд тус худалдааны төв хөл хөдөлгөөнтэй байгаа гэнэ.

Ялангуяа мах, гурилны тасгаар холхих хүмүүсийн цуваа тасрахгүй байгааг худалдаачид хэлж байв. Харин “Алтан тариа” компанийн үйлдвэрлэсэн гурилын талаархи иргэдийн гомдол үнэхээр тасрахгүй байгааг тус худалдааны төвийн наймаачид ам уралдан ярьж байсан юм.

Тухайлбал, тус худалдааны төвийн худалдагч Н.Болдсүх “Тус компанийн үйлдвэрлэсэн гурил чанарын хувьд шаардлага хангахгүй нь байгаа нь үнэн. Гэхдээ нэг хэсэг хэл ам таталж байснаа бодвол одоо арай гайгүй болчихоод байна. Чанар нь овоо сайжирсан юм байлгүй. Оны дараа “Алтан тариа” руу иргэд утасдаж, маш их гомдол гаргасан гэсэн. Борлуулагч нь тэгж байсан юм” гэв.

Харин түүний дэргэд зогсох нэгэн эмэгтэй “Алтан тариа” компанийн үйлдвэрлэдэг гурил яах аргагүй чанарын шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Тиймээс ч иргэд “Улаанбаатар”, “Хурх” зэрэг үйлдвэрүүдийн гурилыг худалдан авч байна. Монголын улаанбуудай цавуулаг муутай учраас дангаар нь гурил үйлдвэрлэхэд тохиромжгүй байдаг гэсэн.

Харин “Алтан тариа” компанийн хувьд технологийн алдаа гарсан гэж байсан. Иргэд биднээс худалдаж авсан гурилаа буцаах тохиолдол бараг гарахгүй байна. Учир нь бид тэр гурилыг үйлдвэрлээгүй. Тиймээс хэрэв иргэд буцаах бол “Алтан тариа” компанид хандах ёстой. Бидний хувьд “Алтан тариа” компанийн гурил чанарын шаардлага хангахгүй байгаа шүү. Тиймээс ширхэгтэй дээд гурилтай холиод хэрэглэ гэж л зөвлөж байна. Үүнээс өөр аргагүй. Хамгийн гол нь иргэд “Алтан тариа” компанийн гурилыг хэрэглээд сурчихсан учраас хамгийн их борлуулагддаг. Тэгэхээр тэд хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хүндлэх хэрэгтэй. Энэ асуудалд өнөөх ШӨХТГ-ын сүрхий дарга О.Магнай гуай анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна” гэв.

Үнэхээр ч тус худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд “Алтан тариа” компанийн гурилаар шинэ жилээр бууз хийж гэнэдсэн тул энэ удаад “Хурх”-ын гурилыг сонгож байгаа тухайгаа ярьж байв.

“Хурх” компанийн үйлдвэрлэсэн гурил чанарын хувьд “Алтан тариаг” хаанаа ч дагуулахгүй гэдгийг ч тэд хэлж байсан юм. Харамсалтай нь “Хурх” компанийн хүчин чадал нь эрэлттэйгээ харьцуулахад хаанаа ч хүрдэггүй гэнэ. Бусад үйлдвэрүүдийн хувьд иргэд гурилыг нь хэрэглэж заншаагүй учраас төдийлөн худалдаж авдаггүй байна.

“Алтан тариа” компани олон жилийн турш үнэнчээр бүтээгдэхүүнийг нь хэрэглэсэн хэрэглэгчдээ хэдийнэ алдсан. Тиймээс ч өдгөө “Хурх”-ын гурил иргэдийн дунд жинхэнэ “од” болж байгаа гэнэ. Учир нь орос гурилнууд хэтэрхий үнэтэй, тэгээд цайны газрууд ашиглахад төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин “Хурх”-ын гурил бууз, мантуу хийхэд хамгийн тохиромжтой нь гэнэ.

П.Цэнгүүний 61 тэрбумаас татгалзсаны учир

Одоогоос сарын өмнө “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн яагаад 61 тэрбумаас татгалзсанаа тайлбарласан юм. Учир нь Засгийн газар, Төвбанк хамтран “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын улаанбуудай худалдан авахад нь зориулж Төвбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн билээ.

Харин энэ хөнгөлөлттэй зээлээс үндэсний манлай үйлдвэрлэгч хэмээх “том” гуншинтай үйлдвэрийн захирал П.Цэнгүүн яагаад татгалзсанаа “Саяхнаас бензин, мах, гурилын үнийг төр тогтворжуулах хөтөлбөрөөр барьж эхэлсний нэг нь гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа явдал юм. Манай компани энэхүү санамж бичигт нь нэгдээгүй бөгөөд тэрхүү давуу эрхтэй бага хүүтэй зээлийг авахаас татгалзсан ганц гурилын үйлдвэр. Бид бусад хувийн компаниудаас давуу эрх эдэлж төрийн аливаа татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээл гэх татвар төлөгчдийн хөрөнгөөс халааслах ёс зүйгүй үйлдэлийн эсрэг байдаг зарчмаа дээдэлсний улмаас үүнд оролцоогүй болно. Бид барааны үнийг хэн нэгэн нь тогтоож заах бус, чөлөөт зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийнхээ дагуу байхыг хүсдэг. Бидний зорилго бол лоббистуудын тусламжаар төрийн халамж хүртэж давуу эрх эдлэх бус, бусад хувийн хэвшлийнхний адил ижил нөхцөлтэй зах зээлд шударга өрсөлдөж, өөрийнхөө өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд оршдог юм. Тиймээс л бид уг арга хэмжээнд оролцоогүй” хэмээн тайлбарлажээ.

Цааш нь тэрбээр хэд, хэдэн эдийн засагчдын онолоос иш татаад “Монголчууд бид ардчиллаас хойш 23 жилийн дараа ухрах ёсгүй. Чөлөөт зах зээл нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас өрсөлдөөнийг эрхэмлэн дээдэлдэгээрээ ялгаатай. Үнэ чөлөөтэй байж үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөж илүү чанартай сайныг нийлүүлэх эрмэлзэлтэй байдаг” гэжээ.

Уг нь Засгийн газар болон төв банкны хамтран хэрэгжүүлж буй дэд хөтөлбөр бол эрхэм П.Цэнгүүний хэлээд байгаа шиг алхам биш л дээ. Учир нь яг одоо зах зээлд ноёлчихоод байгаа монополь үнийг задлах оролдлого юм. Мэдээж монополь үнийг задалснаар инфляци буурах нь хэнд ч ойлгомжтой. Харин П.Цэнгүүн захирал 61 тэрбумаас татгалзаж, гурилынхаа үнийг 50-60 төгрөгөөр нэмсэн байна. Үр дүнд нь сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд гурилын үнэ тэнгэрт хадсан аж.

Энэ талаар тус худалдааны төвийн худалдагч Б.Одмаа “Гурилын үнийг зохицуулах гэж уг нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгосон гэсэн биз дээ. Гэтэл одоогийн байдлаар “Алтан тариа” дээд гурилынхаа үнийг 60 төгрөгөөр нэмснээс болж орос гурилын үнэ өнгөрсөн оныхоос даруй 7000-8000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, “Цесна” 10 кг нь 10 мянга, 25 кг нь 29 мянга, 50 кг нь 57 мянган төгрөгийн ханштай байгаа юм байна. Харин өнгөрсөн жилийн мөн үед гурилын үнэ хамгийн дээд тал нь 22 мянгад хүрч байсан гэнэ. Гэтэл өнөөдөр 29 мянга болж нэмэгдсэн нь даруй 7000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ бүхний учир нь мэдээж “Алтан тариа” үнээ нэмсэнтэй холбоотой. Гурилын эрэлт өссөн энэ өдрүүдэд “Алтан тариа” компанийн гурил 6-41 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа юм.

Уг нь хөнгөлөлттэй зээлийн үр дүнд зээл авсан аж ахуйн нэгжүүд нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг кг тутамд нь 550, өөрийн нэрийн болон томоохон худалдааны төвүүдээр борлуулах жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс илүүгүй байлгахаар зорьж буй. Гэтэл “Алтан тариа” компани үнээ нэмснээр Засгийн газар болон төв банкны зорилгыг “чөдөрлөж” байгаагаас өөрцгүй юм. “Алтан тариа” дахин зах зээлд монопольчилж, чанарын шаардлага хангахгүйг нь мэдсээр байж хэрэглэгчдийг хуурч байна. Үүнд О.Магнай дарга анхаарлаа хандуулвал ямар вэ.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих