Д.Урианхай: Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж байна
Зохиолч Д.Урианхай МАХН-ын дарга Н.Энхбаярт хандан ил захидал бичжээ. Уг ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байна уу, миний эрхэм дүү ? Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эмгэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс төрийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заалтуудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Монголынхоо нийгмийн сэтгэлгээний тэнэмтгийг гайхширахын учир л эл санаа шулуудан, амаа хамхин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүүрээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэхүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суунам.
Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Москвад ч, Улаанбаатарт ч цүнхнээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өврөөсөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоо дэлхийн бах болгохыг хатуулсан ганц гол зорилгын ахан дүүс билээ л. Би гэртээ орой, үдшийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном-“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”-г байн байн сөхөж, анхаарал төвлөрөн суудаг.
Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сонгодог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурьвилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хичээл гарган хэлтэлж суусан хэвээр.
Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуудаа Монголоо хайрладаг байснаасаа хавь тэнцүүгүй ихээр хайрлах ухаан нитгэрч, боломж ч “хашгичиж” Монголоо өрөвдөх, заримдаа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа байгуулсан хүмүүстээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчихдог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойны “эргүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг уучлахыг гагц ижий, аав хоёроосоо л гуйна, Бурханаас ч гуйхгүй!..
Дүү минь чи яаж байна?
Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэмгүй”-д гэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.
Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирдлагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинжлэх ухааны дүгнэлтийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийгмийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлшрах хандлагаас ангидаар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээний ном” болохуйц хэрэгцээтэй ном болсныг баярлан дурьдахыг ч дашрамд хүснэ.
Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэгдэл, хэлсэн үг, ярилцлагууд дотроос би Боб Делоны пост-модерн сэтгэмжийн ноцтой бодрол, бясалгал агуулсан, эдүүгээ цагийн хүн төрөлхтөнөөс “хүмүүн оршихуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хийгээд орчуулга санаанаас эс элэрнэм.
Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тавихаасаа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна.
Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүлгийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.
Ном бичгийн ширээний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зураач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!
“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонордуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэгцээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт даллан орчуулсан энэ бэсрэгхэн шүлгэнд ямар гайхамшигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..
Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй чацуулан боддог, жин тэнцүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь л байдаг.
Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь – амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Монголын ард түмэн хэнийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэлийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэхдээ эвийлж, нулимсаа арчин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, – ганцхан хүнийг!.. Чамайг! Шоронгийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!..
Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суугаад А.Тарковский “Хүний амьдралд аз жаргалаас ч илүү эрхэм нандин юм бий!” гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайрлуулах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьдралын замын Гэрэл, Харанхуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэнэлт “Газардалт”, ганц үгээр, – Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэсний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!
Чиний бичсэн ном, орчуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээрэл, хөгжилд дэвшсэн хүмүүс олон үеэрээ шимтэн уншиж, бодлогоширч, бодол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магадгүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өндөр соёлт, жинхэнэ ардчилсан ёст эриний түрлэг түрхэрэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаараа ялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэлтүүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан шилээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!
Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амтлах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амьдралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганы зам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурсгал”-ын үл ганхах бат “багана” болж тулаад байгаа юм биш үү дээ, хүүхээ?
Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өвгөн юу ч захиж сургамжлах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэдэн санаагаа хэлж ёсолсу!
-Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч номын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даарав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эргэлтээр эрхгүй залгагддагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээвээс өөрт юутай эрхэм тус!
-Үхэр мөргөхөөр дайрваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэгдэхүй хэмээнэм.
-Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!..
-Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайрладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.
А.С.Пушкин 1827 онд бичсэн,
“Во глубине сибирских руд
Храните горьдое терпенье.
Не пропадет ваш скорбный труд,
И дум высокое стремленье!” гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагдсан. Хэн орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоногшоостойг ч чи надаар сануулалтгүй санаж байгаа!
Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүвлэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!
Чиний “залагдан” суугаа наад тусгай “лаврин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хойшид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..
За, үүгээр чамайг залхааж магадгүй эл сувс үгтэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуудас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!
Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаарал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохиосон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!
Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай. /“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн/
2012 оны 12 сарын 29-31.
URL: