Монголын боксын холбооныхон одтой байна

Манай улсын тэргүүлэгч спортын нэг нь яах аргагүй бокс билээ. Сүүлийн хоёр ч олимпид Монголын боксчид амжилт арвинтай байж, олимпийн медалийг хосоор нь авч байсан. Мөн дэлхийн аваргаас ч медалийн буухиаг таслаагүй ээ. Монголын спортын салбарт өнгөлж яваа боксын холбооныхон  өнгөрсөн оны амжилтаараа Монголын шилдгийн шилдэг спорт холбоодын нэгээр шалгарч, “Бөртэ чоно” цомыг гардсан.

 

Мөн боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн хоёр медальтан төрүүлсэн гавьяагаа үнэлүүлж, “Бөртэ чоно” ёслолоос шилдгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон гээд өнгөрсөн он ширэн бээлийтнүүд тун ч одтой амжилттай байсан. Тэгвэл саяхан Азийн боксын холбооноос Монголын олимпийн боксын холбооны амжилт, ажлыг үнэлж шилдэгээр  шалгаруулжээ.

Азийн боксын холбооны дэмжлэгтэйгээр Монголын олимпийн боксын холбооноос Улаанбаатар хотноо зохион байгуулсан сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд, олон улсын жишиг, стандартад нийцэхүйц хэмжээнд байсныг үнэлсэн байна.

 

2012 оны шилдэгүүдээр манай улсын олимпийн боксын холбооноос гадна шилдэг эрэгтэй тамирчнаар Казахстаны Серик Сапиев, шилдэг эмэгтэй тамирчнаар Хятадын Рен Цанцан, шилдэг залуу тамирчнаар Узбекстаны  Ахмалбек Косимов, шилдэг шүүгчээр Узбекистаны Баходир Жуманиязов, шилдэг дасгалжуулагчаар Японы Хирокүни Мото, шилдэг техникийн ажилтанаар Шри Ланка улсын  Ньева Ембулдения, шилдэг холбоогоор Казахстаны боксын холбоо,

 

Шилдэг ерөнхийлөгчөөр Японы боксын холбооны ерөнхийлөгч Акира Ямане, шилдэг генсекээр Филиппиний боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Эдгар Пиксон, шилдэг тэмцээнээр  ASBC Asian Confederation Women’s Boxing Championships Ulaanbaatar 2012, Дэлхийн цувралд тоглож буй Азийн шилдэг тамирчнаар Казахстаны  Руслан Мурсатаев, шинийг санаачлагчаар Ираны  Эхсан Рузбахани нар шалгарчээ.
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих