Тэр охин /Өгүүллэг/

Б. Чинбат. 

Манай хот том ч биш, жижиг ч биш. Хотод юу байдаг вэ. Тэд цөм бий. Шуудан, холбоо, театр, соёлын ордон, кино театр, спортын ордон, зам, төв талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа, автобус, вокзал, төмөр зам, банк, ахуйн үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ, гутал засвар, зурагчин, үйлчилгээний газрууд, гуанз, ресторан, үсчин, номын сан, номын дэлгүүр, хүнсний болон барааны дэлгүүр гээд бичээд барагдахгүй нь …

Энэ хотод миний хүүхэд нас өнгөрсөн. Хавар, зун, намар, өвөл…цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль…хавар, зун, намар, өвөл…цаг хугацааны урсгал, жилийн дөрвөн улиралууд…

Цэцэрлэг: өдөр анх унтаж үзэх, өдрийн хоол, тарахад өгдөг чихэр, тарахад авдаг аав, ээж, ах, эгч нар, ангийн хүүхдүүд, өнгийн харандаанууд, зураг зурах, усан будаг.

Бага сургууль: цагаан толгой, үсэглэлийн баяр, пионерт элсэх, улаан бүч.

Дунд сургууль: олон төрлийн хичээлүүд, спорт, хичээл ном, дугуйлан, зуны амралт, пионерийн зуслан, 16 нас, иргэний паспорт, ахлах анги, эвлэлийн батлах, үерхэл, нөхөрлөл, өрсөлдөөн, давтлага,  10 анги төгсөх, улсын шалгалтууд, улаан шугам, мэргэжилээ сонгох, уралдаант шалгалт, сургууль авах эсвэл… сургуульгүй хоцрох…

Миний үеийн хүүхэд бүрийн хүүхэд нас ийм л хэмнэлээр өнгөрсөн. Бас ийм л хэмнэлтэй болохоороо бүгд өөр хоорондоо ижилхэн байсан.

Аравдугаар анги төгсөөд ижил төстэй шинж нь байхгүй болсон. Нөгөө ижил төстэй нь бүүр алга болж эхэлсэн дээ. Цаг явах тусам улам ч их өөр болсоор…

Дунд сургуулиа төгссөн тэр намар яасан ч удаан бас яасан ч  хурдан өнгөрсөн юм бэ. Үеийн хүүхдүүд сургууль соёлд яваад дуусахад, хот маань нэг л эл хуль, улам ч жоохон ч болсон юм шиг, сэтгэл маань хов хоосон болчихоод, намрын улирал хүний сэтгэлийг хоослох шиг болдогийг ухаарсандаа ч тэр үү, анх удаагаа өөртөө жинхэнээсээ сургуульд орж чадаагүйдээ уурлаж, бухимдаж билээ.

Гадуур гарахаар хүн бүхэн хараад байгаа санагдаад, нөгөө хичээлдээ сайн гээд байсан нь хаа байна, сургууль авч чадаагүй ш дээ гэж хүмүүс өөр хоорондоо яриад байгаа ч юм шиг, гадуур гарах, таньдаг хүүхдүүд, таньдаг хүмүүс таарна гэж бодохоос толгойтой үс минь босох шиг болдогсон.

Тэр намаржин, өвөлжин, хаваржин гэрээсээ ч толгой цухуйлгалгүй, хичээлээ өглөө, оройгүй хийсэний хүчинд дараа хавар нь хүсэж байсан сургуульдаа орж, хүний өөдөөс нүүр бардам харах эрхтэй болж билээ.

Тиймээ, тэр намар л төрөлх хотоо орхин том хот руу сургуульд сурахаар явсансан. Тэрнээс өмнө тэр охиныг анх харж билээ.

Тэр явдал ингэж эхэлсэн юм. Ээж маань сургуульд явахаас нь өмнө хүүгээ эмнэлэгт хэвтүүлж сайн тордож авна гээд найз эмчтэйгээ яриад намайг эмнэлэгт хэвтүүлж орхисонсон. Дотрын тасагт хэвтсэн эхний хэдэн хоног надад их уйтгартай өнгөрлөө. Өдөртөө цагаар тариулна, гурван удаа эм ууна. Өрөөндөө хоёр хөгшинтэй хэвтэнэ. Тэр хоёр хоорондоо буу хална, тэр нь арван есхөн настай хүүд юу нь сонирхолтой байх билээ. Тэр өдөр хүртэл, тэр охиныг онцолж харах хүртэл гэрээс эргэлт ирэх, орой зурагт үзэх хоёр л миний дуртай зүйл байлаа.

Эмнэлэгт сургууль төгссөн шинэ сувилагч охидууд ирсэн гэж дуулдаад л, удалгүй миний хэвтэж байгаа тасагт шинэ сувилагч охин ирлээ. Насаар надтай үеийн, нуруугаар надтай ойролцоо,  тийм хөөрхөн ч биш, бас муухай ч биш, цэвэрхэн бор охин байлаа.

Эхний хэдэн өдөр ч ингэс тэгэсхийгээд өнгөрлөө. Нэг удаа халуу оргиулдаг судас тариа надад хийсний дараа би реакц өглөө шүү. Эхэндээ бие чичрээд ч байгаа юм шиг, эсвэл даараад ч байгаа юм шиг болоод байх юм. Гэтэл учиргүй шүд зуураад бие чичрээд уналаа. Сувилагчийн өрөөнд очоод юм ярих гэсэн чинь ярьж чаддаггүй, учиргүй шүд тачигнаад, нөгөө шинэ сувилагч охин юу ч хийж, юу ч хэлж чаддаггүй бас сандраад л, тэгж байтал хэн мэдсэн юм, нэг нь халуун цай авчирч надад уулгаад, халууны эм давхарлаж уулгаад, орондоо ороод хоёр давхар хөнжилөөр хучаад хэвт гэлээ.

Би хэлсэнээр нь жаал хэвтээд хамаг бие хөлрөөд, ашгүй нэг нөгөө шүд зуурах, бие чирэх нь гайгүй боллоо шүү.

Маргааш нь нөгөө сувилагч охин ээлжинд гарахдаа хүрч ирж миний биеийг асуулаа шүү.

-бие чинь яаж байна, өчигдөр чи реакц өгөөд намайг ёстой айлгалаа шүү.

-бие зүгээрээ. Реакц гэж тийм юм байдаг гэж би ч өөрөө мэдээгүй ш дээ.

-за бие чинь зүгээр бол, яамай даа. Май энэ алим ид гээд нэг их сайхан инээмсэглэхэд нь миний дотор нэг юм булгилиад явчихлаа.

Энэ өдрөөс хойш тэр сувилагч охиноос уух эмээ авах, тариагаа хийлгэх дуртай болж билээ.

Намайг хуурай эмээ усаар даруулахгүй уухаар, битгий ингэж ууж бай яваандаа бөөр чинь чулууждаг юм гээд, даруулах ус өгдөгсөн.

Бид хоёр ч үе тэнгийн хүүхдүүд болохоор аль арван жил төгссөн, ангийнхан хүүхдүүд нь хэн хэн байсан, ангийн багш нь хэн байсан энэ тэр гээд ярих юм ихтэй байлаа. Тэр охин манай доод анги юм байна. Тэр манай хотын нөгөө захад арван жил төгссөн тул би харж байгаагүй юм байна. Харин манай ангийн нэг охин тэдний байр, бүүр тэдний орц болж таарлаа шүү.

Бие биендээ дунд сургуульд байхад тохиолдсон хөгжилтэй адал явдалуудаа яриад инээж хөгждөгсөн.  Хөдөлмөр зусланд явсанаа, намар төмс, ногоо хураасанаа ярьж байсан санагдана.

Бороо их орохоор шалбааг ихтэй, ногооны талбай руу явах замд шалбааг таарна, шалбааг гатлах болоход ангийнхан нь хөвгүүд хөөрхөн охидуудаа үүрээд гарчихдаг, бид мэтийн хөөрхөндөө ордоггүй даруухан охидууд бол өөрсдөө л шалбааг туулна, гутал маань дандаа нордогсон гэж ярина.

Машинаар хол явж чаддаггүй, дотор нь муухай болоод бөөлжөөд байдаг, галт тэргээр хот руу явдаг гэж ярина.

Эмнэлэгт хоног өдөр хурдан өнгөрөх боллоо. Ялангуяа тэр охины ээлжтэй өдөр бүүр хурдан өнгөрөх боллоо. Сүүлдээ бүүр нөгөө охиноо нууцхан хүлээдэг боллоо. Тэр охин тэгдэг байсан уу, бүү мэд. Миний л хувьд тийм байлаа. Тэр охин тийм ч яриа биш, бас тийм ч дуугүй биш, даруухан, ажил мэргэжилдээ сайн, цэвэрч, нямбай охин байсансан.

Даруухан зан нь таалагдсан уу, эсвэл эелдэг зан нь таалагдсан уу, эсвэл инээмсэглэл нь таалагдсан уу, бүү мэд, сүүлдээ надад таалагдаж эхэллээ.

Удалгүй би эмнэлгээс гарлаа. Гэртээ гарсаны дараа нөгөө охин бодогдоод байх боллоо. Сургуульд ч явах маань ойртоод  л…Наймдугаар сарын сүүлээр л дээ.

Долоо хоногийн дараа нөгөө охиныхоо орой гарч байгаа ээлжин дээр очиж уулзлаа. Эмнэлгээс гарчихаад очиж уулзах гэж байгаадаа би жаахан ичээд, сандраад байлаа.Намайг хараад баярлаж байгааг нь хараад би ч бас баярлаад… Эхлээд мэнд усаа мэдээд жаахан ойр зуурын юм ярилаа, түр хүлээж байна уу, найз нь оройны эмээ өгөх хэрэгтэй байна гээд гүйгээд явчихлаа.

Оройнхоо эмээ өвчтөнүүддээ өгч дуусаад тэр охин овоо завтай боллоо. Бид хоёр баахан л юм ярилаа, орой болж харанхуй боллоо, за би явья даа гэсэн чинь нөгөө охин:

-Одоо шөнө, харанхуй болчихлоо, автобус зогсчихсон байна, чи яаж явах юм бэ

-Би алхаад явчихна аа.

-Чадах юм уу,  шөнө нохой шувуу ихтэй дээ, нэгэнт оройтсон байна, гэгээ оруулаад явахгүй юу гээд намайг явуулсангүй.

Би ээж маань хүлээж санаа зовж байгаа байх даа гэж бодсон ч яаж чадсангүй, манай гэрт ямар утас байх биш, ойр хавийн айлуудад ч утастай айл байхгүй юм чинь.

Тэр шөнөжингөө бид хоёр яриад л хонолоо. Үүрээр жаахан нойр хүрсэн ч, ярьсаар байгаад гэгээ орж, өглөө болголоо. Өглөө зургаа гээд гэгээ орлоо. Би ч нүдээ хүйтэн усаар угааж, нойроо сэргээчихээд гэртээ харилаа.

Явахаасаа өмнө нөгөө охинтойгоо утасаар хэд хэд ярьлаа.

Удалгүй би хот руу сургуульдаа явлаа. Хичээл эхлээд намрын ажилд явлаа. Сангийн аж ахуйд төмс хураалаа. Сар гаран ногоо хураагаад намрын ажилаас бууж ирлээ. Нөгөө охин сэтгэлд тувт бодогдсоор л… Гэрээ ч санаж байна гэж жигтэйхэн. Хагас бүтэн сайн өдрийг тааруулаад, тав дахь өдөр хичээлээсээ чөлөө аваад, дөрөв дэхь өдрийн орой  төрөлх хот руугаа галт тэргээр гараад өглөө.

Шөнө галт тэрэг манай хотын вокзалд дөхөөд ирлээ, тэгэнгүүт сэтгэл бүүр догдлоод цонхоор харан зогслоо. Сар гаран өнгөрсөн ч төрөлх хотоо, гэрээ их санасанаа мэдэрлээ. Би чинь анх удаагаа л гэрээсээ холдож байгаа хүн, аргагүй ч юм даа…

Маргааш нь нөгөө охиныхоо гэр лүү очиж уулзлаа, хэдэн тоот хаалга вэ гэдгийг нь мэдэхгүй ч, манай ангийн охины орц гэж хэлж байсан болохоор гэрийг нь төвөггүй оллоо. Нөгөө охин маань гэртээ байна шүү. Намайг харчихаад гэрийнхээ халадтай гараад ирлээ.

Хэзээ ирсэн, сангийн аж ахуй явсан уу, энэ тэр гээд асууж байна. Би ч их бодож явсан болоод ч тэр үү, тулгамдаад олигтой ч сайн юм ярьж чадсангүй. Нөгөө охин ч бас гэрийнхэнээсээ санаа зовсон уу, эсвэл хаяахан хажуугаар өнгөрөх орцныхоо хүмүүсээс санаа зовсон уу, бас олигтой ярихгүй, бие бариад л… гэртээ орох гэж яараад ч байгаа юм шиг…Манай ангийн охиныг яриад л, санаа нь зовоод ч байх шиг…Манай ангийн тэр охин бол их хэл амтай, галзуу охин л доо, бид хоёрыг харсан бол юу ч гэж бусад хүүхдүүдэд ярьж, давсалж шуугиан тарьж чадах охин байсан юм.

Тэр уулзалт миний сэтгэл дотороо тэр охиныг үргэлж бодож, хүсэж тэмүүлж, догдлож ирсэн сэтгэлд минь хүрсэнгүй. Би буруу бодсон байж ч болно, тэр охин намайг хараад над шиг хөөрч догдлохгүй байсан санагдаад л…Сэтгэл маань тэр охинд бага зэрэг гомдоод ч байх шиг …

Би ч дахиж тэр охинтой уулзсангүй, утасаар нэг ярьчихаад хот руу сургуульдаа буцлаа.

Түүнээс нэг сарын дараа хорооллын дэлгүүрийн өмнө явж байгаад нөгөө охинтойгоо яг халз таарчихлаа шүү. Хамаатаныхаа нэг хүүхэдтэй цуг явж байсан санагдана. Би ч хармагцаа сандараад, тэр охин ч намайг хараад бас тулгамдаад… Амралтаараа хот орж ирсэн, хотод хэд хоносон, маргааш өглөө галт тэргээр буцна гэж л би мэдэж авлаа.

Маргааш өглөө нь эрт хичээлдээ очоод сууж байсан чинь гэнэт нөгөө охинтой уулзаж, гаргаж өгмөөр санагдаад тэгэнгүүт нь вокзал руу тролейбусанд суугаад явлаа. Яг л галт тэрэг хөдлөхөөс амжиж возкал хүрлээ. Нөгөө охин маань саарал цув өмсчихсөн гартаа тавыг бидон барьчихсан, суух вагон руугаа явж харагдлаа.

Гэнэт би гэдэг хүн чинь очоод юу гэж хэлэх юм бэ? Яаж дуудах юм бэ? Өчигдөр гаргаж өгнө гэж хэлэхгүй яав аа? Хүн намайг гэхгүй байхад би очих хэрэг байна уу? гэх мэт олон зүйл бодогдоод… дээр нь надтай уулзахаараа над шиг хөөрч баярлахгүй байсан ч юм шиг санагдаад, эр хүний нэрэлхүү зан ч юм уу, эсвэл түүнд бага зэрэг гоморхоод ч юм уу… би тэр охиноо дуудаж  баяртай ч гэж хэлж чадсангүй, галт тэрэг дохиогоо өгөөд хөдлөөд явчихлаа…

Түүнээс хойш таван жил өнгөрлөө. Би ч дээд сургуулиа төгслөө. Жилээс жилд төрөлх хотдоо очих минь улам цөөрсөөр… Тэр хирээр таньж мэдэх хүн ч багаслаа. Төрөлх хот маань улам цомхон,  хөдөөгийн буйдхан жижиг хот болсон юм шиг…Гэвч төрөлх хотдоо цөөн ч гэсэн очсон хэвээрээ л байлаа. Очих тоолондоо нөгөө охинтойгоо тааралдах болов уу гэж бодож, битүүхэн харж явдагсан.

Энэ хугацаанд тэр охиныг мартсангүй, хаяахан боддог л байлаа. Яаж уулзах бол, бидний уулзалт ямар байх бол, уулзаад тэгж хэлнэ дээ гэж зөндөө олон удаа өөртөө хэлж, бодож, төлөвлөдөгсөн.

Тиймээ, яг л таван жилийн дараа… Наадмын өмнөхөн би аав, ээж дээрээ очиж амарлаа.

Нэг өдөр зах дээр юм сонирхон явж байтал байтал нөгөө охин маань явж байгаа харагдлаа шүү. Миний зүрх шууд булгилж эхэлж байна. Яг л таван жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ, бид хоёр яг л өчигдөрхөн уулзаад салсан юм шиг тэгж л надад харагдсансан.

Би ч дуудах гэсэн чинь ам маань хөдөлж өгсөнгүй, удалгүй яг миний хажуугаар өнгөрөөд явлаа. Тэр охин намайг анзаарч харсангүй, бас таньсангүй. Миний зүрх тэр охиныг таньсан ч, түүний зүрх намайг таньсангүй өнгөрч билээ.

Миний хүүхэд нас, миний төрөлх хот, тэр охин миний сэтгэлд ингэж үлдсэн дээ.

2013 оны 1 сарын 7ны өдөр.


URL:

Сэтгэгдэл бичих