Мэдээллийн сайтуудын ассоциаци мэдэгдэл

МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт

Эрийн цээнд хүрсэн ардчилалтай хэмээн дэлхийд тунхагласан Монгол Улсын Засгийн газар 22 жилийн дараа ардчиллаас ухарч,Үндсэн хуулиар олгогдсон ард түмнийхээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдсан шийдвэр гаргалаа. Энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Засгийн газар хуралдаж, “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгох тухай тогтоол гаргасан нь Үндсэн хуулиас давсан  шийдвэр болов.

 
Мэдээллийн сайтууд дахь сэтгэгдлүүдийг цэгцлэх, зохистой хэрэглээг бий болгох гэсэн сайхан тайлбартай боловч ард түмнийхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, цахим хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн өмчид  халдаж төрийн хяналтыг тогтоох гэсэн оролдлого хэмээн Мэдээллийн Сайтуудын Ассоциаци эсэргүүцэж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 
Монгол Улс 21 дүгээр зуунд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаснаар  монгол хүн бүхэнд ардчиллаар олдсон эрхээ эдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэрийг  цахим мэдээллийн хэрэгсэл олгосон юм. Цахим ертөнцөөр аялагч, уншигчдын хувьд сэтгэгдэл нь үзэл бодол, байр сууриа хэн нэг дарга эрх мэдэлтнээс үл эмээн илэрхийлэх, шүүмжлэл өрнүүлэх санаа бодлоо солилцох  чөлөөт талбар болдог.

 

Дэлхийн бүх улс оронд цахим ертөнцийн сэтгэгдлийг Монгол шиг шууд хааж, боож, хязгаарлаж,  хянахыг оролдож байгаагүй. Харин сэтгэгдлээр дамжуулан хэн нэгнийг гүтгэн, доромжлох оролдлогыг төр нь техник, технологийн дэвшлээр шийдэж, зохицуулж ирсэн. Монголд ч ийм боломж бий. Харамсалтай нь манай Засгийн газар төрийн холбогдох байгууллагуудынхаа техник, технологийг дэлхийн жишигт нийцүүлэх, мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, чадварыг сайжруулан Монголд шинэ тутам хөгжиж буй  цахим ертөнцөд тулгамдаад буй асуудлыг зохицуулах боломжийг ашиглахыг хүссэнгүй.

 

 

Харин  хамгийн хялбар аргаар буюу сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх иргэдийг иргэний үнэмлэх, утасны дугаараар нь бүртгэлд оруулан, үүрэн телефоны оператор компаниудаар баталгаажуулан тусгай код өгснөөр сэтгэгдэл бичих эрх олгох, хоёрдугаарт вэбсайтуудын системд программ суулгах замаар  цахим ертөнцөд төрийн оролцоо, хяналт тогтоох гэж байгаа нь дэлхийн жишгээс хоцрогдож, ардчилсан зарчмаасаа ухарсан алхам боллоо.

 
Мэдээллийн Сайтуудын Ассоциаци түүнд нэгддэг гишүүн сайтууд  Мэдээлэл харилцаа Холбооны Зохицуулах Хороотой өмнө нь хамтран ажиллаж, сэтгэгдэл бичигчдийн бичдэг ёс бус үгсийг нийтэд цацахгүй байх, хэрэглэгчийн IP дугаарыг ил болгох зэргээр мэргэжлийн түвшинд өөрсдөөс шалтгаалах бүх талаар хамтран ажиллаж бодлого үйл ажиллагааг дэмжиж ирсэн.

 
Тиймээс Монгол Улсын Засгийн газар ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Парламенттай, ардчилсан Засаглалтай, ардчилсан Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд шууд нөлөөлсөн шийдвэр гаргаснаа эргэн харж, хамтдаа зөв, оновчтой шийдэл гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Мэдээллийн сайтуудын ассоциаци


URL:

Сэтгэгдэл бичих