Монголбанк 12 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Монголбанк 12 долоо хоногтой 15 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 15.38 хувь ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өчигдрийн байдлаар 12 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 156 тэрбум төгрөг болов. Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой.
Иймээс Монголбанк долоо хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол долоо хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог. Ингэхдээ дунд болон урт хугацааны хүү нь ТБҮЦ-ны ирээдүйн арилжаа, эрсдлийн болон нөөцийн үнийн хүлээлт дээр үндэслэх ажээ.
Борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалагддаг 12 долоо хоногийн хугацаатай энэхүү үнэт цаасыг Монголбанк 2007 оны наймдугаар сард нэвтрүүлснээр харьцангуй урт хугацаатай санхүүгийн хэрэгслийг мөнгөний зах дээр бий болгох угтвар нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг хоёр долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байгаа тул мөнгөний зах 2-12 долоо хоногийн (14-84 хоног) хугацааны үлдэгдэлтэй эрсдэлгүй хэрэгслээр хангагдаж байгаа юм.
URL: