Харийнхантай гэрлэх хүсэлтэй монгол хүүхнүүдийн хүсэлт интернет ертөнцөд хүчээ авч байна

Эр цэргийн баяр болоод удаагүй байна. Гэхдээ эрчүүддээ дуулгах таагүй мэдээ бас байнаа. Сүүлийн үед Монгол бүсгүйчүүд харь хүний өвөрлүү тэмүүлж, харийн оронг мөрөөдөгчид улам бүр олширсоор. Урьд нь сонины хуудсаар хааяахан нэг явдаг байсан “Солонгос хүнтэй гэрлэнэ, Гадаадын иргэнтэй танилцана “гэдэг байсан энэ зар өнөөдөр хэдийнээ хуучирч, залуухан охид бүсгүйчүүд “Гадаадын иргэнтэй танилцана, хамт амьдарна, бас болоогүй секс хамтрагч болно” хэмээн дэлхийгээр нэг зарлаж эхэллээ. Харахад царайлаг, дөнгөж 16-24 насны босго алхаж яваа цэвэрхэн бүсгүйчүүд. Тэд яагаад гадныханг сонирхож эхлэв гэдгийг эргэж харах цаг аль хэднийнээ болсон бололтой. Бас энэ асуудал дээр Монголын төр ч гэсэн хяналтаа тавих цаг болчихоод байна. Хамгийн гол нь гадаадад гарч байгаа, харь хүнтэй ханилж байгаа эдгээр бүсгүйчүүдийн хүний эрх, эрх чөлөө ямар байдалд байгааг мэдэх хүн тун ховор байна. Өнөөдөр секс сайтуудаар “Улаанбаатар” гэсэн нэрээр асар олон хүүхэн танилцах зараа өгөөд байна.
Зөвхөн ганцхан сайтад гэхэд 200 гаруй Монгол эмэгтэй хандсан байх юм. Үүнээс гадна Солонгос, Япон иргэдтэй гэр бүл болохыг хүсэгчдийн уртын урт жагсаалт интернетэд хөвөрч байна. Албан бус мэдээгээр жилд 800 гаруй бүсгүй Солонгосын бэр болдог гэсэн судлагаа байгаа ч тэд хаана ямаршуухан байдалтай амьдарч байгаа нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм. БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсын иргэдтэй ураг барилдаж буй харийн бүсгүйчүүдийн байдалд судалгаа явуулж, үр дүнг нь саяхан танилцууллаа. Тус улсад амьдрахад хамгийн хэцүү зүйл юу вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 59,1 хувь нь хэл ус, ёс заншлын ялгаа гэж хариулсан бол гадаад хүнийг алаг үзэх, дарамтлах 8,8 хувь, хоол унд 7,7, ажил олох 3,7, эдийн засгийн байдал 3,4, эмнэлэг даатгал 1,1 гэж тус тус хариулсан байна. Дээрх судалгаанаас үзэхэд анд нөхөд, хамаатан садандаа солонгос хүнтэй гэрлэхийг зөвлөнө гэж хариулсан гадаадын иргэдийн ихэнх нь япон, хятадууд байжээ.
Харин эсрэгээр солонгос хүнтэй гэрлэсэн монголчуудын 50 хувь нь нутаг нэгтнүүддээ “Солонгос хүнтэй гэр бүл болохоо боль” гэж захидаг болж байгаа гэнэ. БНСУ-ын Хуримын товчооны Чэ Жо Чё хэмээх брокер “Зүүн өмнөд Азийн орнуудын эмэгтэйчүүд мөнгө олох зорилгоор хуурамчаар гэрлэх нь олон. Ийм тохиолдолд солонгос нөхөртөө зодуулж, дарамтлуулсан гэж заргалдах, заргаа авах боломж бараг үгүй. Манай солонгос бүсгүйчүүд гэрлэх хүн ховор боллоо гэж ярих болсон.
Гадаадын бүсгүйчүүд манай оронд ирж байгаа нь баярламаар зүйл. Харин тэдэнд солонгос эмэгтэйчүүдтэй адил эрх эдлүүлэх хэрэгтэй. Ядуу буурай орны бүсгүйтэй гэрлэсэн солонгос залуусын ихэнх нь айлын ууган хүү, гэрийнхээ ажлыг өвлөж авах ёстой, хөдөөнийхөн юмуу, эдийн засаг, оюуны чадавх дорой эрчүүд болох нь харагдаж байна. Солонгосчууд дотор одоо болтол Зүүн өмнөд Азийнхан болон хар арьстнуудыг ад үздэг үзэл байсаар байгааг хэлэх ёстой” хэмээн ярьсан байна. Сүүлийн үед монгол бүсгүйчүүд гадаа¬дынхан, тэр дундаа солонгосчуудтай гэрлэх нь ихсэж буй. Албан бус мэдээгээр өдөрт нэг монгол хүн солонгос иргэнтэй гэр бүл болж байна. БНСУ гэхээр л баян цатгалан, соёлтой гэж манай бүсгүйчүүд боддог.
Тэр тусмаа Солонгос гэдэг ганц Сөүл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнөд Солонгосын уулын мухрын зэлүүд тосгонд, гуравдугаар ангийн боловсролтой солонгос залуугийн гэрт будаа тариад суух уу, эрх чөлөөт Монгол орондоо, гэр бүлийнхнийхээ дунд ажиллаж амьдарсан нь дээр үү гэдгийг охид бүсгүйчүүд маань бодох цаг иржээ.

Shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих