“Халамжийн мөнгөө картаар авахыг хүсвэл харилцдаг банкиндаа хандаарай”
Энэ сараас эхлэн нийгмийн халамжийн зарим төрлийн тусламж хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдсэн талаар ХАХНХЯамны халамжийн мэргэжилтэн Д.Гэрэлтуяагаас тодрууллаа.
-Группын болон жирэмсэн эхэд олгодог халамжийн мөнгийг нэмсэн үү. Хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн Засгийн газрын 136 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн сангаас олгох зарим төрлийн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж байна.
-Тухайлбал ямар, ямар тэтгэмжийг нэмэгдүүлсэн бэ?
-Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргаанд туслах зорилгоор улирал тутам олгож байсан 30 мянган төгрөгийг сар бүр 60 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Харин 16-аас дээш насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог тусламжийн хэмжээ 30 мянган төгрөг байсныг 60 мянган төгрөг болгосон. Эдгээр иргэд сар бүр халамжийн тэтгэвэр авч байгаа тул хугацааны хувьд өөрчлөлт ороогүй хэвээр үлдээсэн. Мөн хоёр ихэр хүүхдэд гурван нас хүртэл нь жилд нэг удаа 60 мянган төгрөг олгодог байсныг онцгой тохиолдлын тэтгэмж болгон өөрчилж дөрөв хүртэлх насанд нь нэг удаа нэг сая төгрөг олгохоор тусгасан.
-Жирэмсэн эхэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмж нэмэгдсэн үү?
-Дээрх тэтгэмж, тусламж хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийг 2013 оны төсөвт тусгасан байгаа. Харин жирэмсэн эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг УИХ-ын 2012 оны 19 дүгээр тогтоолоор нэмэгдүүлсэн. Энэ нь жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд олгодог. Өмнө нь сард 26 мянган төгрөг олгодог байсан бол одоо 40 мянган төгрөг болсон байгаа.
-Халамжийн мөнгөний санхүүжилт хэрхэн ордог вэ. Иргэдийн зүгээс хангалттай санхүүжилтгүйгээс сар бүрийн 15-нд банкны үүдэнд өглөө эрт дугаарладаг нь хүндрэлтэй байгаа тухай гомдол ирж байна?
-Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байна. Иргэн өөрөө халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг банкинд хүсэлтээ гарган өөрийн дансанд шилжүүлэн авах боломжтой юм. Ингэснээр иргэн банкинд дугаарлан зогсохгүй, мөн банкинд ч дараалал үүсгэх асуудал гарахгүй юм.
Д.Оюунчимэг
URL: