Н.Энхбаярын төлөө 100 ээж өлсгөлөн зарлана
ЭМЯ-наас томилогдсон эмч нарын бүрэлдэхүүн МАХН-ын дарга Н.Энхбаярт үзлэг шинжилгээ хийн, түүнийг яаралтай Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаад буй. Гэвч 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан журмын дагуу шилжүүлэх боломжгүй хэмээн Нийслэлийн прокурорын газраас мэдэгдсэн билээ. Уг журамд “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” хэмээн заажээ.
Тиймээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал Н.Энхбаяр даргыгаа аврахын тулд дээрх журмыг өөрчилөхөөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдэгдэл хүргүүлээд буй. Тэрээр уг журмыг хүний амьд байх эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж, өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчилсөн хүсэлтээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргүүлсэн. Хэрвээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс хариу ирвэл энэ журам шинэчлэгдэж, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёрдугаар эмнэлэг рүү шилжин эмчлүүлэх боломжтой болох аж. Гэвч өнөөдрийг хүртэл Х.Тэмүүжин сайд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа учраас МАХН-ынхан дараагийн алхамаа хийхээр болжээ.
Тэдний дараагийн алхам 100 ээжийн өлсгөлөн. Тодруулбал, МАХН-ын гишүүд, дэмжигчид дотроос 100 ээж нийлэн, МАХН-ын дарга Н.Энхбаяр аврахаар “Эхийн сүүгээрээ даллая. Энэ муухай харгислалаа зогсоо” гэсэн уриатайгаар өлсгөлөн зарлахаар болсон хэмээн эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, эхний ээлжинд нойтон өлсгөлөн зарлах бөгөөд шууд 100-уулаа өлсгөлөнгөө эхлүүлэхгүй, арав арваараа ээлжлэн өлсгөлөн зарлах юм байна. Түүнчлэн нэг дор өлсгөлөн зарлаж суухгүй МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрийн гадна, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын гэрийн гадна, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатын гэрийн гадна, Төрийн ордны гадна, Улсын болон Нийслэлийн прокурорын гадна, Хэлмэгдэгсдийн хөшөө, ШШГЕГ-ын гадна, Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн гадна хуваагдан, гэр барин өлсгөлөнгөө эхлүүлэх аж.
Өлсгөлөн зарлах хүмүүсийн ихэнх нь ахимаг насныхан байгаа учраас тэднийг эмчийн үзлэгт хамруулжээ. Эмч нарын үзлэгээр өлсгөлөн зарлах нь тэдний амь насанд аюул учирч болох магадлалтай. Тиймээс өлсгөлөн зарлаж болохгүй гэсэн байна. Гэвч уг 100 ээж “Бид төрөхдөө үхлээс айгаагүй. Тиймээс одоо өлсгөлөнгөөс айна гэж байхгүй. 100 ээжийн зовлон, нулимс нийлэн энэ хүнийг аварч чадах юм бол бид чадах бүхнээ хийнэ. Юутай ч энэ хүнийг хурдан эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ сувилгааг нь хийлгэмээр байна” хэмээн мэдэгджээ.
Мөн эдгээр ээжийн дунд Н.Энхбаярын өөрийнх нь ээж, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар багтаагүй аж. Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх үед зэрэгцэн өлсгөлөн зарлаж, мөн Н.Энхбаяр даргынхаа төлөө 14 хоног Ганц худагт хоригдож байсан З.Баянсэлэнгэ гишүүнийг Н.Энхбаяраас нүүрээ бууруулж эхэлсэн хэмээн намын гишүүд нь ярьж эхэлжээ. Учир нь Н.Энхбаярын асуудал яригдаад ирэнгүүт өвчин зовлон ярин, намынхаа байраар ч шагайхгүй байгаа гэв. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нь УИХ-ын чуулгандаа ч суухгүй өвчтэй хэмээн бүртгүүлсэн байгаа билээ.
Юутай ч Н.Энхбаярыг аврах 100 ээжийн өлсгөлөн ирэх долоо хоногоос эхлэхээр төлөвлөгдсөн хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм.
http://amur77.miniih.com/index.php//home/post/764
URL: