Санал асуулгад нийслэлийн иргэд идэвхтэй оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буруу талдаа жолооны хүрдтэй  тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 2013 оны 1 дүгээр сарын 03-ны 12.00 цагаас эхлэн 30 цагийн хугацаанд  олон нийтээс санал асуулга явууллаа.  Санамсаргүй түүвэрлэлтээр сонгогдсон 18-50 насны  98 802 иргэнд “буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт 08-22:00 цагийн хооронд  замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал Та дэмжих үү” гэсэн асуулттай  мессеж илгээхэд, 18,644нь хариу илгээжээ.

Энгийн мессеж судалгаанд хэрэглэгчдийн 6-8 хувь нь хариулт өгч хамрагддаг бол энэхүү судалгаанд 18.8 хувь нь хариу илгээн оролцсон нь иргэд замын хөдөлгөөний зохицуулалтын талаархи санал асуулгад нэлээн ач холбогдол өгч, нийслэлийн удирдлагуудын гаргах шийдвэрт өргөн хүрээтэйгээр оролцож  байгаагийн  илэрхийлэл гэж Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв үзэж байна.  Санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 74,5 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд  оролцуулахгүй байх зохицуулалтыг дэмжихгүй гэсэн хариулт өгсөн байна. Харин 4740 иргэн ийм зохицуулалт хийхийг дэмжиж саналаа өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих