“Миний зовлон бусдынхаас бага гэж бодож явжээ”
Хорин жилийн турш нөхрийнхөө доромжлол, зодуурыг амссан Н.Чимгээ гэгч эмэгтэй өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд хандлаа. Гэр бүлийн хүчирхийлэл гаарсан өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж буйг түүний ярианаас харж болохоор байлаа.
-Яагаад 20 жилийн турш тэвчиж амьдарсан юм бэ. Цагдаад мэдэгдэж болоогүй юм уу?
-Миний зовлон бусдынхаас бага гэж бодож явжээ. Тэгээд ч багаасаа ёс суртахуунтай, зөв хүмүүжилтэй өссөн минь өнөөдрийг хүртэл тэвчихэд хүргэсэн. Үнэнийг хэлэхэд би хэзээ ч нөхрөө цагдаад өгөх тухай бодож байсангүй. Дээр нь насны ханиа гэж сонгосон хүндээ хэтэрхий үнэнч байсны гай юм болов уу л гэж бодож сууна. Нэгэнт амьдрал зохиосон юм чинь гурван хүүхдээ хүний царай харуулахгүй юмсан л гэж бүх дарамтыг тэсвэрлэж ирсэн дээ.
-Нөхөр тань яаж дарамталдаг байв?
-Нөхөр маань байнга уурлаж, харааж, хүн сонсохын аргагүй муухай үгээр дайрч доромжилдог. Төрсөн охиноо хүртэл биеэ үнэлээд явж болно гэх мэтээр дайрдаг. Халуун цайгаар түлэх, гарт тааралдсанаа шидэж зодох бол зүгээр л наад захын асуудал. Намайг бусадтай хий хоосон хардаж, үүндээ итгээд бүр дүү нараа цуглуулж, тойруулж байгаад зодсон тохиолдлууд ч бий.
-Та яагаад бусдын тусламж авахаас татгалзаж байсан юм бэ?
-Миний сонгосон амьдрал учраас бусдаас тусламж гуйхыг хүсээгүй. Би цагдаад хандлаа гээд юу өөрчлөгдөх юм. Миний бие дээр байгаа шарх сорви арилах юм уу.
-Таныг хэвлэл мэдээлэлд хандсаныг нөхөр чинь мэдээд улам дарамтлах юм биш үү?
-Одоо би нөхрийнхөө дарамтаас айхгүй. Тэр хулчгар одоо яаж ч чадахгүй. Харин гэр бүл зохиогоогүй байгаа залуу бүсгүйчүүддээ хандаж сонголтоо зөв хийгээрэй гэсэн үүднээс л энэ хэвлэлийн бага хурлын зарласан юм.
Ц.ТУНГАА
URL: