ГУЧИН ЖИЛИЙН ДАРАА НИЙСЛЭЛ 2.4 САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО

Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнд үндэслэн улсын хэмжээний хэтийн тооцоог хийж өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан бол энэ удаад бүс, аймгийн түвшний хэтийн тооцоог хийж, үр дүнг танилцуулж байна.
Хүн амын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөн болон хүн ам зүйн бусад үзэгдлүүд, хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм. Энэ тооцооллыг нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор хийдэг.

Өөрөөр хэлбэл, ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Тооцоог төрөлтийн ялгаатай түвшний 3 хувилбараар, үүний дотор төрөлтийн түвшин аажим, дунд, их хурдацтайгаар буурахаар, тооцоонд ашигласан суурь хүн амыг тооллогын үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тоологдсон хүн ам, тооллогын үед гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд гэсэн 2 төрлөөр, нийт 6 хувилбартай боловсруулжээ.
Хэтийн тооцооны хувилбараас харахад 2040 он гэхэд манай улсын нийт хүн ам 3 сая 935 мянга 473-д хүрэх аж. Улаанбаатар, Өмнөговь аймгийн хүн ам одоогийнхоос 2 дахин өсөхөөр байгаа бол Завхан аймгийн хүн ам 2 дахин буурч байна. Тодруулбал Улаанбаатар хотод 2010 оны байдлаар 1 сая 231 мянга 723 хүн аж төрж байгаа бол 30 жилийн дараа 2 сая 400 гаруй мянгад хүрэхээр тооцоолжээ. Улаанбаатараас гадна Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн хүн амын тоо тогтмол өсч, бусад аймгийнх буурсан байна. Харин Өмнөговь аймгийн хэтийн тооцоо нэлээн онцлогтой. Тухайлбал, тус аймаг уруу чиглэсэн ажиллах хүчний урсгалын нөлөөгөөр суурь оны хүн амд, ялангуяа 15-39 насны эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байгаа нь цаашид ч гэсэн хэвээр хадгалагдахаар байна.
Н.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих